Түүх соёл, уламжлал

Евразийн нүүдэлчдийн шашин, шүтлэг, оюун санааны ертөнцийг судалгааны эргэлтэд оруулна

"Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр (2026.10.09) “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин шүтлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлаар эртний монголчуудын нар, сарны шүтлэг, Тэнгэр үзэл, бурхны шашны эхэн үеийн дэлгэрэлттэй холбоотой түүхэн баримт, судалгааны үр дүнг хэлэлцэв. Тус хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Төв Азийн судалгааны олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй. Хуралд түүх, археологи, шашин судлалын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид оролцож, Монголын эртний шашин шүтлэгийн нийтлэг болон ялгаатай талыг тодруулах асуудлыг хөндсөн юм.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Энхчимэг хурлын талаар ярихдаа Монголын нутагт оршин тогтнож байсан төрт улсуудын шашин шүтлэгт нийтлэг шинж байгааг онцолж, Евразийн нүүдэлчдийн шашин, шүтлэг, оюун санааны ертөнцийг судалгааны эргэлтэд оруулах ач холбогдолтойг хэллээ. Судлаачид тухайн үеийн улсуудын шашин шүтлэг юугаараа ижил, ямар онцлог ялгаатай байсныг тодруулахыг зорьжээ.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор А.Энхтөр эртний монголчуудын ус, нуур цөөрөмтэй холбоотой тахилгын уламжлалын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр нуур, усанд тахилга үйлддэг байсныг гэрчлэх баримтууд олдож байгаа бөгөөд зарим нуур цөөрмийг эртнээс тахиж ирсэн тухай судалгааны мэдээлэл байгааг дурдсан юм.

Дэд профессор А.Энхтөрийн ярьснаар, усны мандалд нар, сарны тусгал буух нь эртний хүмүүсийн шүтлэг, зан үйлтэй холбоотой байж болох бөгөөд хаан өргөмжлөх зэрэг ёслолыг гол устай газрын ойролцоо үйлддэг байсан тухай баримт ч байдаг аж. Мөн монголчуудын ус шүтэх уламжлалын талаар гадаадын түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн мэдээ байдгийг тэрбээр онцоллоо.

Хүннүгийн Тэнгэр үзлийн хөгжил, монголчуудын уламжлалт бэлгэдэл, тамга тэмдэг, бурхны шашны эрт үеийн дэлгэрэлтийг гэрчлэх сурвалжуудыг мөн энэ үеэр хэлэлцэв. Эдгээр сэдэв нь Монголын эртний шашин шүтлэгийг түүхэн баримт, археологийн олдвор болон бичгийн сурвалжид тулгуурлан судлахад чиглэж байлаа. Эртний монголчуудын шашин шүтлэгийн нийтлэг болон ялгаатай талыг тодруулах нь тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, төр ёсны уламжлал, соёлын харилцааг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн түүхэн сурвалж, археологийн олдворыг харьцуулан судлах нь Монголын шашин, соёлын өвийн талаарх мэдлэгийг баяжуулах боломжтой юм.

Л.НОМУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button