“Солонго-1” түрээсийн орон сууцны бүртгэл маргааш эхэлнэ
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломжгүй иргэдэд орон сууцтай болох нэг боломж нь түрээслээд өмчлөх хэлбэр юм. Энэ хүрээнд “Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур-1008” орон сууцны төслийн тодорхой хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгохоор төлөвлөсөн. Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтыг маргааш буюу аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон.
Иргэд "ТОСК" ТӨХКК-ийн www.tosk.gov.mn цахим хуудсаар ДАН системээр нэвтэрч 14 хоногийн хугацаанд бүртгүүлнэ. Тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс шинэ орон сууцандаа орох боломжтой. “Солонго 1,2” төслийн нэг метр квадрат 4 сая 428 мянган төгрөгөөр худалдаалагдах юм.
Түрээслээд өмчлөх хэлбэр нь иргэн орон сууц шууд худалдан авахын оронд тодорхой хугацаанд түрээслэн ашиглаж, түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр хуримтлуулах замаар өмчлөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт юм.
Иргэн тав хүртэлх жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, орон сууцны үнийн тодорхой хувийг бүрдүүлсний дараа үлдэгдэл төлбөрт ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Өмнө нь урьдчилгаа төлбөрийг орон сууцны үнийн 30% байхаар тооцож байсан бол шинэ зохицуулалтаар 15% болгон бууруулсан юм.
-Түрээслээд өмчлөх орон сууц нь зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн-
Төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, залуу гэр бүл, ахмад настан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон иргэн, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдах боломжтой.
“Солонго-1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны 35% буюу 715 орчим байрыг төрийн албан хаагчдад хуваарилахаар төлөвлөсөн байна. Үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 408 байр хуваарилахаар тусгажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.