НИЙГЭМНийгэм мэдээ

Допинг хэрэглэж зургаан жилээр эрхээ хасуулсан Д.Отгонжаргалыг "Алтан гадас"-аар шагнаж, төрийн шагналыг үнэгүйдүүлэв

Монголын Бодибилдинг, Фитнесийн Хөгжлийн холбооны тамирчин Д.Отгонжаргалыг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Алтан гадас" одонгоор шагнасан. Тамирчин Д.Отгонжаргал нь 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр тамирчин Арабын Нэгдсэн Эмират Улсын Ажман хотод зохион байгуулагдсан "IFBB-ийн Азийн фитнес, бодибилдингийн аварга шалгаруулах" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэмцээний үеэр түүнийг допингийн хяналтад сонгон авч, "IFBB"-ийн шинжилгээ болон үр дүнгийн удирдлагын эрх бүхий байгууллагын хяналтаар допингийн сорьцын дээжийг өгсөн байна.

Монгол Улсын тамирчин Д.Отгонжаргалын "1541456" дугаартай А болон В сорьцын дээжийг шинжилгээ хийлгэхээр Катар улсын Доха хотод байрлах Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлжээ. Улмаар 2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр Дохагийн лаборатори А-1541456 дугаартай дээжээс "кленбутерол" гэх бодис илэрсэн байна. Тус бодисын тооцоолсон агууламж нь 1.17 нг/мл байжээ. "Кленбутерол" гэх бодис нь "WADA"-гийн 2025 болон 2026 оны Хориглосон бодисын жагсаалтын S1.2 ангилал буюу “Бусад анаболик бодис”-д багтдаг. Энэ нь тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаарах бөгөөд бүх цаг үед хэрэглэхийг хориглодог юм.

Улмаар Д.Отгонжаргалыг "IFBB"-ийн допингийн эсрэг дүрмийн 2.1 болон 2.2 дугаар зүйлд заасан допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан гэж үзэн тэмцээнд орох эрхийг нь 6 жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Иймээс Д.Отгонжаргалын эрх хасах хугацааг 2025 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлж, 2031 оны наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар тогтоосон.

Ингэснээр тэрбээр "IFBB"-ийн Допингийн эсрэг дүрмийн 10.14.1 дүгээр зүйлд заасны дагуу эрх хасагдсан хугацаанд тамирчин дараах үйл ажиллагаанд оролцох эрхгүй юм. Тухайлбал,

  • Допингийн эсрэг боловсролын зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болон нөхөн сэргээх хөтөлбөрөөс бусад аливаа тэмцээн, спортын үйл ажиллагаанд оролцох;
  • Дэлхийн допингийн эсрэг кодод нэгдэн орсон байгууллагаас зөвшөөрсөн буюу зохион байгуулсан тэмцээн, үйл ажиллагаанд оролцох;
  • Тухайн байгууллагын гишүүн холбоо, клуб болон бусад гишүүн байгууллагын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн, үйл ажиллагаанд оролцох;
  • Мэргэжлийн лиг, олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн, спортын арга хэмжээнд оролцох;
  • Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг элит болон үндэсний хэмжээний спортын үйл ажиллагаанд оролцох зэргийг нь хориглосон юм.

Гэтэл түүнийг Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Алтан гадас" одонгоор шагнасан нь төрийн шагнал үнэ цэнгүй болсныг илтгэв. Төрийн яам нь ОУ-ын тэмцээнд допинг хэрэглэж оролцсон нь нотлогдсон тамирчиндаа төрийн шагналаа хүртээсэн нь Олон Улсад Монголыг муухай харагдууллаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ одонг чинь яам биш, ерөнхийлөгчийн зарлигаар олгодог биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button