Нобель 2026: Эдийн засгийг хэрхэн тогтворжуулах тухай судалгаа хийсэн эрдэмтэд эдийн засгийн шагналыг хүртлээ
Эдийн засагч Роберт Холл, Майкл Вүүдфорд нарыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ашигладаг загваруудыг хөгжүүлсэн гавьяаг нь үнэлж 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг олгожээ. Тэдний боловсруулсан загварыг дэлхийн төв банк, сангийн яамд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ашигладаг байна.
Нобелийн Эдийн засгийн шинжлэх ухааны шагналын хорооны дарга Жон Хасслер “Эдгээр эрдэмтний ажлын үр дүнд бид эрчим хүчний хямрал, өрхийн хэрэглээний гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн цочролыг даван туулах илүү сайн арга хэрэгсэлтэй болсон” гэжээ.
Роберт, Майкл нарын судалгааг дэлхийн төв банкнууд бодлого боловсруулахдаа өргөн хэрэглэдэг юм. Ковидийн цар тахал, 2022 онд Украины дайны улмаас инфляц огцом өссөн явдал болон одоо Ираны дайнтай холбоотой эрчим хүчний хямралын үед тэдний боловсруулсан онол, загварууд дахин анхаарал татаж байна.
Тэдний судалгааны гол санаануудын нэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн дээрээс доош чиглэлтэй онолууд хангалтгүй гэж үзсэн явдал юм. Харин өрх, аж ахуйн нэгж бүрийн өдөр тутам гаргадаг олон сая шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харгалзан үзэх шаардлагатай аж.
Вүүдфорд Нобелийн комиссын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хүмүүсийн ойлголтоос үл хамааран эрх баригчид хэдэн товчлуур дарж, эдийн засгийг хүссэнээрээ удирдах үйл явц гэж үзэж болохгүй” гэжээ.

1970-аад оны газрын тосны хямралын үеэр төв банкнууд инфляц огцом өссөнийг тогтоон барихад хүндрэлтэй тулгарч байсан юм. Харин Вүүдфорд, Холл нарын боловсруулсан онолын үр дүнд 2000-аад оны сүүлээр явагдсан дэлхийн санхүүгийн хямралын үеэр мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгслүүдийг илүү үр дүнтэй ашиглахад тусалсан аж.
Тухайлбал, төв банкнууд бодлогын хүүг хурдацтайгаар бууруулах чадамжийн оронд ирээдүйд хүүгээ хэрхэн өөрчлөх төлөвтэй байгаагаа олон нийтэд урьдчилан тодорхой мэдээлэх нь чухал байсан гэж Вүүдфорд хэлсэн байна. Мөн тэр “2009 оноос хойших жилүүдэд бодлогын хүүгийн ирээдүйн чиглэлийн талаар илүү тодорхой мэдэгдэл хийх нь арга хэмжээний чухал хэсэг болсон” гэжээ.
Тэдний хийсэн ажил нь одоогийн бодлого боловсруулагчид ашигладаг хэд хэдэн ойлголтыг хөгжүүлэхэд тус болсон юм. Үүний нэг нь инфляцын өөрчлөлт эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтөөс хоцорч илэрдэг үзэгдэл юм. Уг ойлголтыг эдийн засгийн онолд инфляцын наалдамхай байдал гэж нэрлэдэг. Тус ойлголтыг өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч үнэ шууд дагаж өөрчлөгддөггүй гэсэн үг.
Өөр нэг чухал ойлголт нь үйлдвэрлэлийн зөрүү юм. Энэ нь эдийн засаг дахь эрэлтийн дарамт хэр их байгааг, мөн хөдөлмөр, хөрөнгө зэрэг нөөцийг хэр үр ашигтай ашиглаж байгааг хэмжих үзүүлэлт болж өгдөг. Эдийн засгийг тогтворжуулах бодлогын зорилго нь уг зөрүүг тэг рүү ойртуулах явдал юм.
Вүүдфорд мөн төв банкнууд гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээг өөрчлөх замаар бус, бодлогын хүүг өсгөж, бууруулах замаар эдийн засгийн идэвхэжлийг нэмэгдүүлэх эсвэл сааруулах боломжтойг харуулжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.