УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Электрон болон халаадаг тамхийг 99 хувь хүртэл хязгаарлах хуулийг батлах зориг парламентад бий юү

2026 оны эхний есөн сард тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний импорт бүх төрөлдөө өсч, нийт үнийн дүн нь ₮295 тэрбумд хүрчээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 2025 оны есдүгээр сард парламентад өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн санал хураалт хойшилсоор бүтэн жилийн дараа буюу маргааш чуулганаар хэлэлцэгдэх нь.  

Хүүхэд залуусын дунд аюулын харанга дэлдээд буй электрон тамхийг эрх зүйн зохицуулалтад оруулах зорилготой уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагасан бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашиг, улстөрчдийн элдэв явуулга, саатуулга ил далд бишгүй өрнөсөн. Монгол Улсад электрон тамхи хуулийн ямар ч зохицуулалтгүй явж ирснийг цэгцэнд оруулах хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцээд, эцэслэн батлахын даваан дээр эцсийн санал хураалт хойшилж, намрынх руу шидэгдэж билээ.

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд электрон болон халаадаг тамхийг 99 хувь хүртэл хязгаарлаж, никотин агуулсан бүтээгдэхүүнд тамхинаас өөр амт, үнэр оруулахыг хориглох зохицуулалт тусгасан юм. Хэрэв маргааш УИХ-ын чуулганаар энэ хуулийн төслийг гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжин баталбал Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа электрон болон халаадаг тамхины бүтээгдэхүүний бараг бүх төрөл дээрх хоригт орно.

Учир нь электрон тамхины бүтээгдэхүүний ойролцоогоор 95 хувь, халаадаг тамхины 70-80 хувь нь ментол, жимс, амттан болон бусад төрлийн амт, үнэрийн сонголттой байгааг хууль санаачлагчид хэлж буй.  

ГЕГ-ын мэдээлснээр 2026 оны эхний есөн сард тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний импорт бүх төрөлдөө өсч, нийт үнийн дүн нь 81.9 сая ам.доллар буюу 295 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Тодруулбал, энэ хугацаанд 2.9 тэрбум янжуур, 5.49 сая электрон тамхи, 9.8 сая халаадаг тамхи импортолсон бөгөөд үүнээс халаадаг бүтээгдэхүүн хамгийн өндөр өсөлттэй байгааг гаалийнхан онцоллоо.

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг удааширсан энэ үед зах зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, татвар болон насны хяналтын бодлогын зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлага үүсээд байна. Харин ийм эгзэгтэй цаг үед Монголын хууль тогтоогчид хүүхэд, залуусын эрүүл мэнд, ирээдүй хойчийн төлөө ямар шийдвэр гаргахыг маргаашийн чуулганаас харцгаая.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button