С.Чимидцэрэн: Хавар цагт зам дээр хөлдсөн нус, цэр гэссэнээр агаарт сүрьеэгийн нян ч дэгдэж болно

Эрс, тэс уур амьсгалтай манай оронд хаврын улирал айлчилмагц дархлаа суларч, халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Түүнчлэн цаг агаар дулаарснаар олон төрлийн бичил организм агаарт дэгддэг нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд халтай бас нэгэн бодит хүчин зүйл болдог. Иймд хавар цагт иргэдэд дархлаагаа дэмжих, элдэв халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах мэдлэг олгох зорилгоор Анагаах ухааны доктор, дэд профессор, дархлаа судлаач С.Чимидцэрэнтэй ярилцлаа.
-Хаврын улиралд хүний дархлаа тогтолцооны үйл ажиллагаа сулардаг нь юутай холбоотой вэ?
-Монгол Улс дөрвөн улиралтай, байгалийн эрс, тэс уур амьсгалтай газар нутагт оршдог. Мөн бид бусад орны хүмүүстэй харьцуулахад хахир хатуу өвлийн улиралтай нүүр тулдаг ард түмэн. Иймд өвөл бидний бие махбод тогтвортой ажиллахын тулд харьцангуй их энерги зарцуулдаг. Ингээд хавартай золгоход бие организм өвлийн турш туйлдталаа ажиллачихсан байдаг гэж болно.
Мөн цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицохын тулд бие махбодыг эмзэг, мэдрэмтгий болдог гэж тайлбарлах нь ч бий. Иймд улирлын чанартайгаар зөвхөн дархлаа тогтолцоо ч биш, нийт бие махбодын үйл ажиллагаанд өөрчлөлт ордог гэж үздэг. Харин гагцхүү хаврын улиралд дархлаа унадаг гэж тайлбарлах нь тийм ч оновчтой биш юм.

-ДАРХЛААГ ДЭМЖДЭГ ЯМАР НЭГ СУПЕР ЭМ ТАН, ШАЛГАРСАН АМЬДРАЛЫН ДАДАЛ ГЭЖ БАЙХГҮЙ-
-Цаг агаар ингэж өөрчлөгдөхөд биеэ зөв авч явах тал дээр гаргадаг хүмүүсийн нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Монголчууд хаврын нэг өдөрт л дөрвөн улирлын шинжийг үзчихдэг гэж ярьдаг шүү дээ. Ийм хувирамтгай цаг агаар хүний бие махбодын тэнцвэртэй үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл болдог юм.
Иймд идээ ундаа болон явдал мөрөө зөв тааруулах учиртай. Явдал мөр гэдэгт хувцсаа тохируулж өмсөх, нойр хоолоо зөв зохицуулах зэрэг орно. Хавар өдөр уртсаж, шөнө богиносдог тул хүмүүсийн нойр багасах нь олонтой. Ингэхээр хүн байгалийн, биологийн цагтаа амьдралын хэмнэлээ тохируулж сурах хэрэгтэй юм. Хүүхэд, залуус үүнд хараахан суралцаж дадаагүй байдаг учир зарим нэг буруу амьдралын дадлыг хэвшүүлж, дархлаагаа сулруулах эрсдэлийг бий болгодог. Том хүмүүс ч ялгаагүй эрт хувцсаа нимгэлэх, ажлын цагаа буруу тооцох зэрэг ахуйн алдаатай үйлдлүүдийг гаргадаг гэж болно. Сайн унтаж амрахгүй ажилдаа илүү цаг зарцуулан өөрийгөө ядраах, хувцсаа эрт нимгэлснээр салхи авах гэхчлэн алдааг түгээмэл гаргадаг.
-Хүмүүс дархлаагаа дэмжихийн тулд өөрөөсөө эхлэхээс илүү ямар нэг “онцгой” эм тан, хүнсний бүтээгдэхүүний эрэлд гардаг болсон. Энэ тал дээр?
-Ерөөс дархлаа дэмждэг ямар нэг супер эм тан, шалгарсан амьдралын дадал гэж байхгүй. Өдөр тутмын хооллолтоос л энэ бүхэн эхэлдэг. Хавар бидний хувьд шинэ жимс, ногоо идэх боломж хомс. Уг нь жимс, ногоогоор баялаг хоол хүнс идэхийг зөвлөдөг. Тиймд биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эрдэс витамин ууж болно, үүнийг буруу гэхгүй. Мөн зарим хүмүүс аарц, чацаргана гэхчлэн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг. Энэ ч мөн аарц, чацаргана гэхээр л ид шидтэй зүйл байгаад буй хэрэг биш. Найрлага, бүтэц нь өөрөө витамин, эрдэс бодисоор баялаг байдагтай л холбоотой.
Бид хором мөч бүрт л ямар нэг халдвар авах эрсдэлт орчинд амьдарч байдаг. Хамгийн цэвэр байх ёстой мэс заслын өрөөнд л гэхэд нэг метр куб агаарт 1,000 микроб байхыг зөвшөөрдөг. Иймд биед агаар дуслын замаар үргэлж л гадны биет орж ирж, дархлааны эсүүд зогсолтгүй тэмцэн устгасаар байдаг гэсэн үг. Халуурах, найтаах зэрэг нь дархлааны эсүүд гадны биеттэй тэмцэж эхэлсний шинж. Биеийн өөрөө өөрийгөө хамгаалах урвал юм.

-НИЙСЛЭЛЧҮҮД НУС, ШҮЛС, НҮХЭН ЖОРЛОНГООС ҮҮДЭХ ЭРСДЭЛТЭЙ ХАВАР БҮР НУУР ТУЛДАГ-
-Манай нийслэлчүүд шүлс, цэрээ гудамжинд шууд хаядаг бохир зуршлаасаа салж өгөхгүй байна. Өвөл зам дээр хөлдсөн эдгээр шүлс, цэрүүд хавар эргэж гэссэнээр өвчний халдвар тархах эрсдэл бий болдог гэж үздэг юм билээ?
-Энэ бол яахын аргагүй бодит эрсдэл. Ялангуяа сүрьеэгийн үүсгэгч халдварлах чадвараа удаан хадгалдаг тул энэ замаар халдварлах боломжтой. Манай орон ч нийт хүн амтай нь харьцуулахад сүрьеэгийн тархалт өндөртэйд тооцогддог. Бидний 80 хувь нь өвчлөөгүй ч, үүсгэгчийг нь далд хэлбэрээр биедээ тээж явдаг. Энэ нь дархлаа муудах үед сэдрэх, өвчлүүлэх боломжтой гэсэн үг.
Би “Би шүүрлээ гадагшлуулах хэрэгтэй, тэгэхгүй бол өөрөө өвдөх гээд байна” гэж ярьж буй хүнтэй ч таарч байсан. Энэ манай нийслэлчүүдэд тулгамддаг хамгийн эмзэг асуудлуудын нэг. Тэгсэн мөртөө шийдвэрлэж болох асуудал. Муу юм сайн үр дагавартай гэгчээр коронавируст халдвартай холбоотой үүсээд буй энэ нөхцөл байдал хүмүүст нэгийг бодуулж байгаа байх гэж бодож байна.
-Хавар бүр хөрсний бохирдлын асуудал сөхөгддөг. Мөн л өвөл хөлдөнги байсан нүхэн жорлонгуудын бохир хавар гэсэж, агаарт халдварт өвчний үүсгэгчүүд дэгдэж эхэлдэг шүү дээ?
-Тийм ээ. Энэ зөвхөн гэр хороолол биш, нийт нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлж буй дараагийн нэг асуудал юм. Хөрсний бохирдол нь агаарын бохирдлоос дутахааргүй эрсдэлийг бидэнд бий болгодог. Бороо их орж, үер буулаа гэхэд гэр хорооллын ялгадас угаадас угаагдаад л нийслэл рүү ороод ирнэ. Тэнд гэдэсний халдварт өвчнөөс эхлээд олон өвчний үүсгэгчид агуулагдаж байгаа. Нүхэн жорлонгийн асуудлыг орчин үеийн аргаар шийдвэрлэхгүй бол энэ хавар бүр заналхийлдэг бодит аюул мөн.
-Ингээд бодохоор бид өдөр бүрийг өвчин тусах өндөр эрсдэлтэй нөхцөлд өнгөрүүлдэг юм шиг. Ер монгол хүний дархлаанд ямар нэг онцлог чанар байдаг уу?
-Монгол хүний дархлаанд бусад орны хүмүүсийнхээс ялгарах, гайхам зүйл байхгүй. Эрс тэс уур амьсгал маань биднийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай болгодог, энэ л магадгүй давуу тал. Гэхдээ үүнд зөвхөн монголчууд хамаарахгүй шүү дээ, ижил өргөрөгт оршдог бүх улсын иргэд ийм уур амьсгал дор амьдарч байгаа.

-ХӨНГӨН НУС ГООЖИХ, НАЙТААХ ЗЭРГИЙГ ЭНГИЙН ХАРИУ УРВАЛД ТООЦОХ ХЭРЭГТЭЙ-
-Хавар цагт эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ халамжлахдаа юуг анхаарах нь чухал вэ?
-Хүүхдийн дархлаа тогтолцоо сул хөгжсөн байдаг. Ер эхийн хэвлийд бойжиж эхэлснээс 13, 14 нас хүртлээ хүний дархлааны систем тасралтгүй хөгжсөөр байдаг юм. Энэ үедээ хүрээлэн буй орчныхоо элдэв бичил биетэн, өвчин үүсгэгчидтэй танилцаж байж хүүхдийн дархлаа сайн хөгжинө. Харин эцэг эхчүүд хүүхдээ хайрлах, хамгаалах нэрээр улам гадаад орчноос гэрт нь тусгаарлаж, дархлааг нь улам унагадаг. Хулгана дээр хийсэн туршилтаас харахад, ямар ч бактеригүй орчинд амьдруулсан хулганы дархлааны систем огт ажиллахаа больж байсан. Дархлааны систем таних маягаар ажилладаг. Эхний удаад орж ирсэн гадны биетийг таньж аваад, дараагийн удаад шууд устгадаг гэсэн үг.
Иймд гэртээ байдаг байсан хүүхэд гэнэт цэцэрлэг, сургуульд ороод орчин нь солигдож, дархлааны системийн урьд өмнө нүүр тулж байгаагүй өвчин үүсгэгчидтэй тааралддаг гэсэн үг. Тэгэхээр заавал нус нь гоожно, найтаана, магадгүй бага зэрэг халуурна. Энэ нь хэвийн урвал гэсэн үг. Гэтэл эцэг, эхчүүд ханиад хүрчихлээ гээд хүүхдээ цэцэрлэгээс нь гаргаад, гэрт нь байлгачихдаг. Зүгээр болсны нь дараа дахиад цэцэрлэгт явуулна, дахиад л тийм болоод ирнэ. Ингэсээр хүүхдийн дархлаа тогтолцоог сулруулчихдаг. Тиймээс хөнгөн нус гоожих, халуурах зэргийг хэвийн хариу урвал гэж үзэн, юу юуны туханд хүрэлгүй эм тангаар бөмбөгдөхөөс зайлсхийх хэрэгтэй.
-Цаг агаар дулаармагц хүүхдүүд гадаа гарч тоглох нь ихэсдэг. Дээрх ярианаас дүгнэхэд хавар цагт элдвийн өвчин үүсгэгч агаарт дэгдэж эхэлдэг юм байна. Иймд хүүхдүүдээ гаргаж тоглуулах нь ер хэр зөв юм бэ?
-Би үүн дээр тийм ч эсрэг байр суурьтай биш байна. Хаврын тэнгэрт тохируулалгүй нимгэн хувцаслаад гаргадаг, гэнэт салхи шуурч, хүүхэд даараад ороод ирдэг. Энэ мэтчилэн ахуйн зохицуулалтыг л сайн хийж чадвал хүүхдээ гадаа тоглуулахад буруу юм байхгүй гэж бодож байна. Эсрэгээрээ гэрт нь байлгаж өвчнөөс сэргийлнэ гэж ойлговол тун өрөөсгөл.
-Хүмүүс өдөр тутамдаа вирус, бактери гэх үгсийг сонсдог ч, яг юу байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Угтаа энэ хоёр нь өөр хоорондоо ялгаатай бичил организмууд. Энгийн ханиад томуу ч вирусээр үүсгэгдсэн үү, бактериар үүсгэгдсэн үү гэдгээсээ шалтгаалж ондоо эмчилгээ, эм бэлдмэл шаарддаг юм билээ?
-Тийм. Бидний юу юуны туханд хэрэглэх гээд байдаг антибиотик л гэхэд бактерийн эсрэг үйлчилдэг болохоос вирусийн эсрэг биш. Иймд вирусээс үүсгэгдсэн ханиаданд антибиотик уугаад, бие дэх ашигтай бактериудаа үхүүлэхээс цааш үр дүнгүй гэсэн үг.
Вирус гэдэг дангаараа гадаад орчинд амьдрах чадваргүй, заавал хүний эс дотор орж байж өсөж үржиж чаддаг эд. Яг ч амьд биет биш гэж үздэг. Гэхдээ биет нэвтрэхдээ эсийн гадаргуу дээрх уургийг ашиглаад, удмын мэдээлэл /ДНХ/-д суурилан хуваагдан, олширч эхэлдэг тул амьд организмын шинжийг үзүүлдэг.

Харин бактерийн хувьд илүү өргөн хүрээний ойлголт. Бидний биед биеийн дулааныг үүсгэдэг, хоол боловсруулалтад оролцддог нэн чухал, орлуулшгүй үүрэгтэй олон бактери бий. Антибиотик дураар хэрэглэх нь эдгээр ашигтай бактериудаа устгаж, дархлаагаа сулруулах бас нэгэн шалтгаан болдог.
Бидний биед нэвтэрсэн вирус, бактери ганцхан найтаалгахад ч гараад явчхаж болно. Найтаана, халуурна гэдэг нь дээр хэлснээр, бие махбод гадны биетийг өөрөөсөө зайлуулах гэж буй хариу урвалууд юм. Иймд бяцхан үрэвсэл явагдаж эхлэнгүүт хүчтэй эм бэлдмэл уух нь тийм ч зөв алхам биш.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрдэмтний хувиар ярилцлагаар дамжуулан хэлэх зүйл байна уу?
-Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт маш өргөн цар хүрээг хамарлаа. Маш олон эрдэмтэн, судлаачид халдварыг хязгаарлах чиглэлд махран ажиллаж байна. Энэ үед иргэдийг гараа сайн угааж, амны хаалтаа тогтмол зүүж, төр засгийн тогтоол шийдвэрүүдийг чанд биелүүлээсэй гэж хүсэж байна. Хэрэв энэ цаг үеийг туулчихвал бид маш том зүйлд суралцана. Үүнийг л дахин давтан хэлмээр байна даа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.