БАГЦ: Улсын онцгой комиссын 23-р хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Өнөөдөр /2020.06.11/ Улсын онцгой комиссын 23-р хуралдаан боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэр болон тус комиссын дарга Ө.Энхтүвшиний өгсөн тайлбар мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
АНУ-д 1 сая ам.долларын тусламж үзүүлж, тэндэх иргэдээ татан авна

Хуралдаанаар АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг комиссын гишүүд хэлэлцжээ. Ингээд 1 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хувцсыг тус улсад хандивлахаар болсон байна. Мөн үүний хамт АНУ-д суугаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татахаар болжээ.
Тодруулбал энэ сарын 21-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн онгоц нисгэж, хандив тусламжийг хүлээлгэж өгөөд эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татаж авчрах юм байна.
Энэ сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татна

Хуралдаанаар энэ зургаадугаар сард үйлдэх бүх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг баталжээ. Одоогийн байдлаар энэ сар гарснаар гурван нислэг үйлдсэн. Хамгийн сүүлд өнөө өглөө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрөөд буй.
Тэгвэл УОК-оос зургаадугаар сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татах төлөвлөгөө гаргасан байна. Есөн нислэгийн гурав нь үйлдэгдсэн тул үлдсэн зургаан нислэгийн хуваарийг олон нийтэд танилцууллаа.
Үүнд:
- Маргааш Энэтхэг улсад буй ламхай нарыг татан авчирна
- Зургаадугаар сарын 17-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирсэн монгол иргэдийг татан авчирна
- Зургаадугаар сарын 18-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирээгүй, урьд нь оршин сууж байсан монгол иргэдээ татан авчирна
- Зургаадугаар сарын 19-нд Франкфурт руу онгоц нисгэж, Европын орнуудад суугаа монгол иргэдээ татан авчирна
- Зургаадугаар сарын 21-нд АНУ-руу хандив тусламж хүргэх, тэнд суугаа монгол иргэдээ татан авчрах нислэг үйлдэнэ
- Сүүлд нь, зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх ажлыг судалж байна.
Цар тахалтай тэмцэж буй 1500-гаад төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй орон сууцаар хангана

Хуралдааны дараа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ханцуй шамлан оролцож буй төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй зээлээр орон сууцанд оруулах үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.
Одоогоор ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууц олгох ажлыг амжилттай зохион байгуулжээ. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, 1500 орчим төрийн албан хаагчдыг орон сууцаар хангана хэмээн тооцоолсноо УОК-ын дарга Ө.Энхтүвшин онцоллоо.
Дээрх төрийн албан хаагчдад эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилчид, зарим нэг төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд тэргүүтэй хүмүүс хамаарна гэв.
Тэдэнд санал болгох орон сууцыг НОСК-иас зарлах бөгөөд,
- Нэгт 100 хувь баригдаж дууссан
- Хоёрт чанарын шаардлага бүрэн хангасан орон сууц байх шаардлагыг УОК-оос тавьж буй юм байна.
Төрийн албан хаагчид НОСК-иас зарласан орон сууцуудыг өөрийн биеэр ирж үзээд захиалгаа өгөх бөгөөд, НОСК тус орон сууцыг худалдаж авна. Ингээд НОСК иргэн хоёрыг хооронд гэрээ байгуулагдах журмаар уг ажил хэрэгжинэ гэлээ.
Бизнес эрхлэгчдээ дэмжиж, давхардан хийгддэг хяналт шалгалтуудыг зогсооно

Хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин дараах мэдээллийг өгсөн юм.
“Энэ оны хоёрдугаар хагасаас эхлээд улс орны эдийн засгийн байдал хүндрэх тооцоо бий. Иймд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого барина. Одоогоор ААН, байгууллагууд дээр давхардсан тоогоор хяналт, шалгалтууд ирдэг. Нэг байгууллага дээр нэг дор дөрвөн газраас шалгалт ирчихсэн байна гэх мэдээлэл ирлээ. Энэ бол хүнд суртал. Хүнд суртал гаргаж, бизнес эрхлэгчдийн ажилд саад учруулж байна гэж үзнэ. Иймд энэхүү давхардан хийгддэг бүх хяналт, шалгалтуудыг болиулах чиг үүрэг өглөө”
“Нэр дэвшигчид “Covid-19”-д холбогдох журмыг зөрчсөн тухай 462 гомдол ирсэн”

Хуралдааны дараа УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ “Covid-19”-д холбогдох түр журмыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид удаа дараалан зөрчиж буйтай холбогдуулж мэдэгдэл гаргасан тухай танилцууллаа.
Тодруулбал тавдугаар сарын 27-ны 188-р тогтоолоор УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулахад шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. Үүнийг нам эвсэл, нэр дэвшигчид, сонгуулийн штаб, нэр дэвшигчдийн ухуулагч нар, тэр бүү хэл иргэд чанд мөрдөх ёстой. Журамд уулзалт, сурталчилгааг цахимаар явуулах боломжгүй бол хүн хооронд хамгийн багадаа 1,5 метрийн зай барих, биеэр хүрэлцэхгүй байх гэж заасан. Гэтэл сонгуулийн сурталчилгааны 21 хоног эхэлсэн даруйд энэ журам зөрчигдөж эхэлсэн гэлээ.
Цаашлаад УОК-ын дарга Ө.Энхтүвшин, “Зөвхөн өнөөдөр л гэхэд үүнтэй холбоотой 462 гомдлыг иргэд өглөө. Иймд энэ журмыг зөрчсөн нэр дэвшигч, нам эвсэл болон иргэдэд хатуу хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэж байна” хэмээсэн юм.
Ө.Энхтүвшин: Халдварыг дотооддоо алдаагүй тул Үндэсний их баяр наадмаа хийнэ

УОК-ын хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, эсэх тухай асуудал дээ дараах тайлбарыг өглөө.
“Үндэсний их баяр наадмыг хийх эсэх талаар нэлээд яригдаж байна. Хүмүүс янз, янзын л байр суурьтай байна. Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй өнжиж байсан удаа үгүй. Халхын голын байлдаан, Эх орны дайн болж байхад ч Үндэсний баяр наадмаа хийж л байсан юм билээ. Бид нэгэнт дотооддоо халдварыг алдаагүй байгаа тул, мөн УИХ-ын сонгуулиа зохион байгуулж байгаа юм чинь Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн явуулах нь зөв байх. Гэхдээ өмнөх шигээ олон нийтийг хамрахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан цомхон байдлаар хийх тухай хэлэлцэж байна”
Х.ЭРХЭС





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЛОН ОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮНЭХЭЭР ДАВХАРДАЖ ТӨРИЙН МӨНГӨ ГАРЫН САЛААГААР УРСАЖ БАЙДГИЙГ БОЛИУЛСАНД ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД БАЯРТАЙ БАЙНА
Хэдий болтол бүх юм болохгүй хил хаалттай байх юм болоо. Монгол 2022 оны 7 сар хүртэл хил нь хаалттай байна гэдэг хэр үнэн юм болоо.
Odoo genet medee yu hudlaa nuhur duu. Naadamaa bolioch . AJil AM hoyr chin zuruud b.a naadahgui bailaa geed uhlee yu
Наадмаа болиоч. Ганц улаа тамдэглэхгүй өнгөрөөж болно шүү дээ. Тархаагүй байсан халдвар тархвал яах вэ.