Н.Учрал 2027 оны төсөвт ОТ-н 3 их наядын хоёрыг нь “нэг удаагийн хууль”-иар царцаахаар өргөн барьжээ
УИХ-ын даргад өргөн баригдсан 2026 оны төсвийн тодотгол УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцүүлэгдэж буй. Ерөнхий сайд Н.Учрал өөрийн өргөн барьсан 1.4 их наядын хэмнэлт хийсэн гэх төсвийн тодотголыг чуулганы босго давуулахын тулд бүхий л боломжит тайлбаруудыг тавьсаар байна.
Гэтэл ирэх 2027 оны улсын төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг болгон өсгөсөн шүүмжлэл намжиж амжаагүй байтал төсвийг дагуулан “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” гэх нэг хуулийг Н.Учрал хамтатган өргөн барьжээ.
Энэ нь өнөөх ирэх оны төсөвт хууль эрх зүйн хүрээнд баталгаажсан эсэх нь тодорхойгүй Оюу Толгойгоос авах 3 их наяд төгрөгийн өгөөж гэх орлого.
Тухайлбал, дээрх хуулийн
1 дүгээр зүйл. Монгол Улсын 2027 оны төсвийн жилд “Оюу толгой” ХХК-ийн төрийн эзэмшилд ногдол ашгийн орлогыг дараах байдлаар хуваарилсугай:
- Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг санхүүжүүлэх зорилгоор 2,000.0 тэрбум төгрөгийн улсын төсвийн ногдол ашгаар төвлөрүүлнэ.
- Энэ хуулийн 1.1-д заасны дагуу төвлөрүүлээд үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.б-д заасан хэлбэрээр Хуримтлалын санд төвлөрүүлнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан төсөл, арга хэмжээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалт хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан төсөл, арга хэмжээний 2027 оны төсвийн жилд гүйцэтгэлээр санхүүжүүлж дуусаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэгт ногдох санхүүжилтийн үлдэгдлийг төрийн сан дахь захиалагчийн хөрөнгө оруулалтын барьцаа хөрөнгийн дансанд байршуулна.
5 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоор санхүүжшүүлэх зардал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад хамаарахгүй.
6 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн уг хууль тусгасан байна.
Уг хуулиас харвал Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах, 13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэсэн заалтууд уг хуульд үйлчлэхгүй. Хэрвээ уг заалт үйлчлэхгүй гэж үзвэл ирэх оны 5-р сарын 31-ний өдөр гэхэд бүрэн дуусгаагүй төслийн зардал төрийн сан руу биш захиалагчийн хөрөнгө оруулалтын барьцаа хөрөнгийн дансандаа үлдэнэ гэж ойлгогдохоор байна.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууллийн дээрх хоёр заалтаас гадуур энэхүү “нэг удаагийн хууль” батлагдвал ирэх онд ямар дэд бүтцийн төсөлд уг 2 их наяд төгрөг зарцуулагдах эсэх нь тодорхойгүйгээр царцаж, эргээд төрийн сангийн дансанд татагдахгүй байх эрсдэлтэй гэж харж болохоор.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.