Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: "Яараад яахав дээ” аян хэрэгжсэнээр зам тээврийн осол 40 ХУВИАР буурчээ

Нэрийг нь сонсох төдийд л жолооч зорчигчдод ухаарал, сургамж хайрласан аян бол "Яараад яахав дээ” юм. Жилээс жилд тус аянд оролцох залуусын тоо олширч, цаашлаад олон нийтийг аюулаас хамгаалах гэгээн үйлсэд дуу хоолой, хувь нэмрээ оруулах олны танил эрхмүүдийн идэвхи оролцоо ч мөн нэмэгдэж буй нь бахархууштай. Хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь нийслэл болон орон нутагт гарах авто ослын тоог бууруулахад бодитоор нөлөөлж чаджээ. Тодруулбал, энэ оны долдугаар сарын 1-нээс 28-ны өдөр хүртэл хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн осол -12.8, гарсан гэмт хэрэг -45.2, гэмтсэн хүн -32.8 хувиар тус тус буурч, харин нас баралт 18.0 хувиар өссөн байна.

-ХАРИУЦЛАГАГҮЙ, АНХААРАЛГҮЙ ЖОЛООЧООС БОЛЖ 6-7 ЗОРЧИГЧ ГАЗАР ДЭЭРЭЭ АМИА АЛДАЖ БАЙНА-

Түүнчлэн дээрх хугацаанд Улаанбаатар хотоос орон нутаг руу 570.000 орчим иргэн, 315.000 тээврийн хэрэгсэл зорчсон бол өмнөх оны мөн үед 405.000 иргэн 136.000 тээврийн хэрэгсэл орон нутгийн автозамд зорчсон байна. Хариуцлагагүй, анхааралгүй жолоочоос шалтгаалж нэг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 6, 7 зорчигч газар дээрээ амь насаа алдаж байгаа нь олон хүний амь нас хохирч буй үндсэн шалтгаан болдог байна.

Иймд бид илүү олон хүнд тус аяны уриалгыг хүргэхээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” арга хэмжээг сурвалжилахаар Төв аймгийн Аргалант сумын нутгийг зорисон юм. Дүрэмт хувцсаа жимбийтэл өмссөн тээврийн цагдаа нар болон ГССҮТ, “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК, жолооны курсийн төлөөллүүд, урлаг соёлын алдартнууд бол өнөөдрийн гол баатрууд. Тэд ийнхүү иргэдийг уриалж, соён гэгээрүүлэх эл үйлсийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулснаараа зам тээврийн ослыг төдий чинээгээр бууруулж чаджээ.

-ЯАРААД ЯАХАВ ДЭЭ АЯНД ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД НЭГДЭЖ БАЙНА-

Залуусын хамтаар зорьсон газраа саадгүй хүрч очиход, урьдаас бэлтгэж зассан тайзан дээр арга хэмжээний нээлтийн ажиллагаа эхэлж байв. Сайн ажвал арга хэмжээний хөтлөгчөөр Х түц хамтлагийн жүжигчин Н.Баясаа ажиллах бөгөөд +17 цувралаараа танигдсан жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ, У.Цогтбаяр буюу Цогтоо, "Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэръя нар ирсэн байлаа. Тэдний хувьд эл арга хэмжээг эхэлсэн цагаас хойш хоёр дахь жилдээ ийн оролцож буй аж. Тус арга хэмжээний тухай нөлөөлөл, үр өгөөжийн тухай тэднээс тодруулахад жүжигчин У.Цогтбаяр хэлэхдээ:

"Хүмүүс мэдэж байгаа байх. ЦЕГ сайн ажилладаг боловч, иймэрхүү аян бага өрнөдөг байсан. Түрүү жилээс эхлэн "Яараад яахав дээ” аяныг ЦЕГ-аас ард түмэндээ сануулсан, үр дүнгээ өгсөн маш гоё хүртээмжтэй аян болсон гэж бодож байна. Яагаад гэвэл аюулгүй байдал 45 хувь багасна гэдэг нь хэдэн хүний амь нас аврагдсан байх вэ, хэдэн хүний үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг нь эврэлгүй өнгөрсөн байх вэ гэх мэт өргөн хүрээг харсан, Монголын дэвшилтэт нэгэн чухал арга хэмжээ болсон юм болов уу гэж бодож байна. Энэ аяны хувьд хамгийн их үр өгөөжөө өгсөн том аян. Үүнийг ямар ч үнэ хөлс, мөнгө төгрөгөөр төсөөлөхгүй. Хүний амь нас бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх байх. Тэгэхээр энэ бол Монголын хамгийн үнэтэй төсөл явагдсан байна гэж бодож байна” гэв.

"Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэръя

"Миний хувьд "Яараад яахав дээ” аянд хоёр дахь жилдээ оролцож байна. Ер нь бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иймэрхүү аянд оролцох дуртай байдаг. Энэ аянаар дамжуулан жолооч нарын маань сонор сэрэмж бас нэмэгдсэн юм болов уу гэж би бодож байна. Зам тээврийн осол ч мөн тодорхой хувиар буурсан байна лээ. Амралт зугаалганы улирал өнгөрөөгүй байгаа учраас жолооч, нийт ард иргэддээ хандаж хэлэхэд үр хүүхэд болон өөрсдийнхөө амь насыг хамгаалж, хурд хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ зүүх, хүүхдүүдээ зориулалтын суудалд тээвэрлэж байхыг уриалмаар байна”

Жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ:

"Энэ аяныг эхэлсэн цагаас хойш оролцож байгаа. Аяны хувьд бол маш үр дүнтэй байгаа нь олон зүйлээс харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Тоо статистик, хүмүүст нөлөөлж буй нөлөөлөл гээд "Яараад яахав дээ” аяныг мэдэхгүй хүн ховор болов уу. Автомашин жолооддог хүн бүр мэддэг болсон. Энэ нь өөрөө тус аяны маш том үр нөлөө болов уу гэж бодож байна.

Миний эмзэглэж буй зүйл бол дэлхий нийтээрээ ковид-19 гээд өвчинд санаагаа зовоож буй боловч, тус өвчнөөр хүн амь эрстээгүй байвал баяр наадмын өдрүүдэд маш олон хүмүүс амь хохирсон нь үнэхээр харамсалтай. Энэ нь өөрөө ард иргэд, жолооч нарын хариуцлагын асуудал учраас үүргээ ухамсарлаад ном дүрмийн дагуу хурдаа бариад, бүсээ зүүгээд, хүүхдүүдээ зориулалтын сандалд нь суулгаад сайхан аялах нь чухал. Жолооч нар өөрсдөө ухамсартай байгаасай гэж хүсэх байна”

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат

"Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулаад явдаг. Өнгөрсөн жилийн тухайд цагдаагийн байгууллага "Яараад яахав дээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Үүний хүрээнд зам тээврийн осол 40 орчим хувь буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Энэ жил ч мөн улсын хэмжээнд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулаад явж байна.

Арга хэмжээний хүрээнд Төв аймгийн, Аргалант сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаа хийгээд, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт цагдаагийн байгууллагаас шалгалтаа хийгээд олны танил эрхмүүд маань иргэдийг замын хөдөлгөөнд аль болох соёлтой оролцох талаас нь уриалах, дүрэм зөрчиж буй жолооч нарт авто курсийн мэргэжлийн жолооч нар зөвлөгөө өгч үүрэг гүйцэтгэж байна. Яг бодит урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулаад явж байна” гэв.

Тус аяны хүрээнд ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р. Гантуяа болон түүний хамт олон, жолооны төвүүдийн мэргэжлийн багш нар замаар өнгөрөх жолооч нарыг зогсоож, шаардлагатай арга хэмжээг авахын сацуу зөвлөгөө мэдээллийг өгч байлаа.

Тухайн аяны нэгэн хэсэг болсон жолоочдын төлөөлөл Б.Батжаргал арга хэмжээний тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.

"Энэ арга хэмжээ цагаа олсон мэдүүштэй, сайхан арга хэмжээнүүдийн нэг болсон. "Яараад яахав дээ” гэдэг үгийг сонсоход л их олон зүйлийг бодогдуулж байна. Миний хувьд энэ аяныг их дэмжиж байгаа” гэв.

Нарлаг тэнгэрийн дор эхэлсэн энэхүү сайхан арга хэмжээг хур бороо шагнасан уу гэлтэй, үүлгүй тэнгэрээс гэнэтхэн л бороо шивэрч эхэллээ. Тэнгэрийн шийдвэрийг дагаж залуус маань ч өдрийн арга хэмжээгээ энэ хүргээд өндөрлөв. Гэвч тэдний ариун үйлс, эхлүүлсэн арга хэмжээ үүгээр дуусахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button