СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

М.Мягмарсайхан: Намайг Альпийн нуруун дээр олстой алхах ЧЕЛЛЕНЖИД ДУУДСАН

Усны тунгалагөвсний соргогийг дагаж нүүдэллэх эртний сайхан уламжлал шиг агаарын сайхныг амьсгалж, хүн бүрийн үзээд, мэдрээд байдаггүй ер бусын мэдрэмжийг авдаг нэгэн бол яалтчгүй циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан. Тэрбээр энэ сарын 8-нд 50 метрийн өндөрт орших Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр “Тэнгэрийн алхаа” буюу “Skywalk” хэмээх экстрем үзүүлбэрийг хамгаалалтгүйгээр тун амжилттай хийсэн билээ.

Тухайн үзүүлбэр нь түүний анхны үзүүлбэр биш. Ноднин жилийн өдийд мөн л Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөрт 57 метрийн урт олсон дээгүүр алхаж байв. Энэхүү амжилтаа эвдсэн нь энэ юм. Бүхий л амьдралаа циркийн урлагт зориулж яваа, чадварлаг жүжигчин М.Мягмарсайхантай ярилцлаа.

-ЧУЛУУТЫН ХАВЦАЛ ДЭЭГҮҮР ХАМГААЛАЛТГҮЙ АЛХАЖ БАЙХАД БАГА ЗЭРЭГ АЙДАС БАЙСАН-

-Энэ жилийн олсон дээгүүр явах үзүүлбэр нь түрүү жилийнхээс хэр хүндрэлтэй байв?

-Түрүү жилийнхээс их өөр байлаа. Ялгаагүй л хоёулаа хавцал дээгүүр явсан хэдий ч, өмнөх үзүүлбэрээр цутгаж буй усны чимээ хажуунаас сүртэй сонсогдож байсан. Аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулах олон цагийн хугацаанд тэрхүү чимээнд хэдийн дасаад, хүндрэл учраагүй.

Өнгөрсөн жилийн тухайд гурван тонн даацтай жижгэвтэр чангалагч авсан. Энэ нь миний жинд хангалттай ч, явахад бага зэргийн савлагаа өгч байсан. Тэгээд БНХАУ-аас Герман улс руу гаргадаг тоног төхөөрөмжийг захиалж аваад, түүгээр чангалсан. Утас чангын хувьд маш сайн татагдсан. Аюулгүйн техникч нар “заавал хамгаалалт зүү” гэдэг шаардлага тавьсан. Тэр нь ч зөв. Нөгөө талаар яалт ч үгүй “хамгаалалтгүйгээр олсон дээр явна” гээд олон түмэнд зарлачихсан тул хэлсэндээ хүрэх нь миний үүрэг. Үзүүлбэрээ үзүүлэхээсээ өмнө тухайн олсон дээгүүрээ хоёр ч удаа яваад үзчихсэн болохоор сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, гарах эрсдлийг ч мөн нарийн тооцоолсон байсан. Эс бөгөөс юу гэж тийм бардам байх билээ дээ. Ганц гэм нь олсон дээгүүр явж байх үед доороос үе үе салхилах нь бага зэрэг эвгүй мэдрэмж төрүүлж байсан шүү. Илүү их салхитай үед ч олсон дээрээ тогтоход асуудалгүй болохыг мэдээд эрс шийдсэн.

-Та түрүүн яриандаа аюулгүй ажиллагааны баг гэж дурдлаа. Таны ард хичнээн хүн ажилладаг вэ?

-Сая 50 гаруй хүн хамт явсан. Тэдгээр хүмүүсээс яг тусална гээд очсон нь 30 гаруй хүн байсан. Бас гэр бүлийнхэн маань хамт явсан.

-Үзүүлбэр үзүүлэх газартаа өмнө нь очиж судалгаа хийж, бэлтгэдэг үү?

-Энэ жилийн үзүүлбэр үзүүлсэн газартаа өнгөрсөн дөрөвдүгээр сард очиж байсан. Тухайн үед бид “энэ хаднаас тэр хад руу явахын тулд ингэх ёстой юм байна, ард талдаа ийм хадтай юм байна” гэх мэтчилэн боломж болон эрсдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа тооцоолоод, сайн судлаад ирсэн.

-Таны үзүүлбэр маш эрсдэлтэй шүү дээ. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг нь их сонирхолтой санагдлаа?

-Өмнө нь техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгасны дараа юу ч бодолгүй явчихдаг байлаа. Энэ удаагийн үзүүлбэр нь Монголдоо хийсэн хоёр дахь үзүүлбэр байсан. Тэр ч утгаараа бэлтгэл ажлаа сайн хангаж, өмнө нь дадлага хийсэн. Тийм болохоор санаа зовох зүйл бага, сэтгэл зүй ч тайван, сандарсан зүйл байсангүй. Мэдээж хүн учраас 17 давхар байшинтай дүйцэхүйц өндөр байшин дээгүүр хамгаалалтгүй явж байгаа гэж бодохоор бага зэргийн айдас төрснийг үгүйсгэхгүй. Миний хувьд айдсаа даван туулахыг илүү үзнэ. Хүмүүс намайг маш эрсдэлтэй, буруу зүйл хийж байна гэж хараад байх шиг.

Яг үнэндээ надаас илүү эрсдэлтэй, аймшигтай үйлдлүүдийг олон залуус хийж байгаа шүү дээ. Жишээ нь орон нутгийн замаар галзуу мэт давхиж байна. Үүгээрээ өөрийнхөө болон өрөөлийн амийг хохироож байгааг олон харлаа. Гэтэл би үзүүлбэрээ үзүүлэхийн тулд нэгт сэтгэл зүй, хоёрт аюулгүй байдал, гуравт эрсдлээ маш сайн тооцоолж хийж байгааг хэлэх нь зүйтэй. Тиймээс машин унаад хурдалж буй залуус надаас илүү эрсдэлтэй, аймшигтай зүйл хийж буйгаа ухамсарлах хэрэгтэй.

-АЛХАЖ БУЙ ОЛСНЫ ӨНДӨР НАМСАХ ТУСАМ ЭРСДЭЛ НЬ НЭМЭГДДЭГ ЮМ БИЛЭЭ-

-Үзүүлбэрээ үзүүлж байхдаа, эсвэл бэлтгэлийн үеэр бэртэл авч байв уу?

-Бага сага бэртэл авч байсан. Өндрөөс бэртэл авч байгаагүй. Алхаж буй олсны өндөр нь намхан, авааргүй гэж бодох тусам бэртэх эрсдэл нэмэгддэг юм билээ. Сэтгэхүйд нь “хэрвээ бүтэлгүйтвэл үсрээд буучихна” гэж боддогоос анхаарал сарнидаг, өөрийгөө тайвшруулчихдаг. Би ихэвчлэн намхан олсон дээгүүр алхаж байхдаа жижиг бэртлүүд авдаг байсан. Хамгийн ноцтой нь нэг метрийн өндөртэй олсон дээгүүр алхаж байхдаа анхаарал суларснаас болж унахдаа, хавиргаа цуулсан. Бэртлийн улмаас гурван сар хөдөлгөөнгүй хэвтэж гам сахиж байлаа. Түүнээс хойш утас гэдэг зүйл нь өндөр, нам ч байсан аюултай юм байна, алхам тутамдаа анхаарлаа сулруулж болохгүйг ойлгож авсан даа.

2009-2010 онд Щвейцарийн өвлийн циркт үзүүлбэр үзүүлж байх үеэрээ есөн метрийн өндөр буюу гурван давхар байшинтай дүйцэхүйц өндрөөс унаж байсан. Бурхан тэнгэр хэрвээ хардаг бол тэгэхэд л “намайг яг харсан” байх. Ингэж унахдаа би ямар ч гэмтэл, бэртэл аваагүй. Өмнө нь циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тухайн үед багш нар маань өндрөөс унахдаа элгээрээ биш нуруугаараа унахыг хатуу анхааруулдаг байсан юм. Элгээрээ буюу цээжин биеэрээ унавал дотуур цус алдаад амь насаа алдах эрсдэл нэмэгддэг. Харин нуруугаараа унах нь аль ч талаараа эрсдэл багатай юм билээ.

Тиймээс багш нарынхаа хэлснээр нуруугаараа унасан. Шал нь хөндий байсан учраас хавьгүй зөөлөн газардсан хэдий ч хөл дээрээ босч, тогтож чадахгүй, толгой эргэж байлаа. Тухайн үед үзэгчид цочролд ороод дуу гарахгүй, түргэн тусламжийн машин ч дохиогоо хангинуулан ирж, үзлэг хийсэн. Үзлэгээр ясны бэртэл, хугарал байхгүй, амь нас аюулгүйг дуулгахад үзэгчид тайвширч, сүүрс алдсан гэсэн. Циркэд тийм өндрөөс унаад ямар ч бэртэлгүй гарсан хүн надаас өөр байхгүй. Үүнд миний циркийн суурь техник тус болсон гэж боддог доо.

-Хүнд хэцүү үеүд тэр тусмаа бэртэл авсны дараа “хийж буй зүйлээ болъё” гэж бодож байв уу?

Тухайн үед би ердөө 23 настай байлаа. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг үг бий. Яг л түүн шиг юу ч хийхээс буцахгүй, ид шижигнэсэн айдасгүй насан дээрээ байлаа шүү дээ. Нөгөө талаар хар багаасаа агаарын гимнастикаар хичээллэсэн тул өндрөөс айдаггүй, түүндээ дасчихсан. Утсан дээр явах үзүүлбэрээ л маш сайн сурах ёстой гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан болохоор тэр зэргийн бэртэлд бууж өгөөгүй. Өдөрт дор хаяж 3-4 цагийн бэлтгэл хийдэг байлаа. Хамаг сайнаараа, аль чадахаараа л хичээж байв.

Гэхдээ Фрэддигийн хэмжээнд очих болоогүй. Тэр хүн Геннисийн 25 удаагийн амжилтийг эзэмшиж байна. Ах маань надад нэг санал тавьсан. “Хэрвээ боломж олдвол хоёулаа Монголын нутагт гоё үзүүлбэр хийнэ. Харин дараа нь Щвейцарьт очоод Альпийн нурууны “cable car” дээгүүр явах гоё челленж хийе” гэж хэлсэн. Хэрэв энэ санаа бүтвэл миний амьдралд маш дурсамжтай, том сорилт байх болно.

-Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд ажил мэргэжлийг тань хэр дэмждэг вэ?

-Хүүхдүүд маань аавынхаа ажлыг ойлгох, эрсдэл, мөн чанарыг ухаарах насанд хүрээгүй, балчир байгаа. Том хүү маань арав, дунд охин ес, бага охин хоёр настай. Аюулыг нь ухаараагүй ч ааваараа бахархаж байгаа гэж боддог. Эхнэр маань намайг тууштай дэмжсээр ирсэн, миний хамгийн том дэмжигч. Бид хоёрыг анх нийлж байхад, эхнэрийн маань ажлын хамт олон “сэтгүүлч, жүжигчин хоёр ч дээ” гэдэг байлаа. Эхнэр маань намайг хамгийн сайн ойлгож, бүх талаар дэмжиж тусалдагт нь баярладаг.

Хүүхдүүд тань таны мэргэжлийг сонирхож сонговол дэмжих үү?

-Том хоёр нь физик, математикийн хичээлдээ илүү сонирхолтой. Тиймээс хүүхдүүдээ сайн сонсож, өөрсдийнх нь хүслийг дэмжинэ гэж боддог. Өөрийнхөөрөө хүчлэхгүй, хүүхдүүдийнхээ бодлыг чухалчилна даа.

-ИРЭХ ЖИЛИЙН ЗУН ЖУУЛЧДАД ЗОРИУЛЖ ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭХ БОДОЛТОЙ БАЙНА-

-Эх орондоо ирээд хэдэн жил болсон бэ?

-Ирээд удаж байна. 2010 онд ирсэн. 2002-2009 оны хооронд бараг найман жил тасралтгүй Щвейцарьт ажиллажээ. Монголдоо ирээд жирийн уран бүтээлээ хийж байлаа. Өнгөрсөн жил Фрэдди Нук ах маань над руу залгаад юу хийж байгааг минь сонирхсон. Тэгээд “Онц хийсэн зүйлгүй, шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаагаа” хэлсэн. Гэтэл “надад тохирсон гэрээ гарлаа” гээд дуудсан. Би Щвейцарийн үндэсний циркийн 100 жилийн ойн мьюзиклд оролцож, дөрвөн сарын хугацаанд утсан дээгүүрх үзүүлбэрээ үзүүлсэн. Тус улсын циркийг утасны үзүүлбэргүйгээр төсөөлшгүй. Яг л манай циркийг уран нугаралтгүйгээр төсөөлдөггүйтэй адил. Тэгээд эх орондоо ирсний дараа Фрэдди “Мийгаа чи Монголд утсан дээгүүр алхах үзүүлбэр үзүүлсэн үү” гэдэг юм байна.

Би ч мьюзиклээс хойш үзүүлбэр хийгээгүй байсан учраас үнэнээ л хэлсэн. Гэтэл тэр надад “Чи надаас бүх зүйлийг сурсан. Утсаа яаж чангалах, алхах, тэнцвэрээ хэрхэн олох, аюулаас яаж өөрийгөө аврах гээд бүгдийг мэдэж байгаа. Чи хийх хэрэгтэй” гэж намайг зоригжуулсан. Ингээд л өнгөрсөн жил Улаан цутгаланд гэр бүлийнхэнтэйгээ амарч байхдаа анх санаагаа олж, амжилттай хэрэгжүүлж чадсан. Энэ жилийн хувьд өөрсдийнхөө хүрээллийн дунд зарыг байршуулж, төлөвлөсөн ёсоороо үзүүлбэрээ үзүүлэхэд 1000 гаруй машин 4000 орчим хүн цугларсан. “Нью жуулчин турс”, “Цагаан лаваа” зэрэг аялал жуулчлалын газруудтай хамтарч ажилласан.  

-Таныг энэ том үзүүлбэрийг хийхээр зориг шулуудахад хамгийн их тусалж дэмжсэн, урам өгсөн хүмүүсээ дурьдаач?

-“Монос” группийн хамт олон намайг ямар ч нөхцөлгүйгээр дэмжиж хамт олныг маань “Эко” цэвэр усаар ивээн тэтгэсэн. Тиймээс маш их баярлаж байгаа. Бэлтгэлийнхээ туршид энэ усаа уугаад л ая тухтай, үзүүлбэрээ үзүүлсэн дээ. Мөн “Нью жуулчин турс”, “Цагаан лаваа” аялал жуулчлалын компаниас тусалсан. Цаашид аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хүний амины үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалиа гадаад, дотоодын үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулан сурталчлах гээд олон зорилго өмнөө тавиад байна.

-Одоо таны цаашдын зорилго, дараагийн нүүдлийг асуумаар байна?

-Ирэх жил Архангай аймгийн Хоргын тогоо, Булган аймгийн Уран тогооны аль нэгэн дээр тэнгэрийн алхаа хийхээр судалж байна. Хэрэв намайг дэмжиж зөвшөөрвөл, Улаанбаатар хотод өндөр барилга дээгүүр мэргэжлийн багийнхантайгаа хамтран энэ үзүүлбэрээ хийх хүсэл ч бий.

-Ажилдаа ханана гэж байдаг шүү дээ. Хэзээг болтол энэ үзүүлбэрээ үзүүлэх бодолтой байна вэ?

Миний хувьд ямар ч л байсан 46, 47 хүртлээ өөрөөр хэлбэл тэнцвэрээ олж чадахгүй, цаашид хийж чадахгүй болтлоо л үүнийг хийнэ гэж бодож байна. Харин түүний дараа цөөхөн хэдэн хүүхдийг энэ төрлөөр сургана гэж боддог. Хүмүүс намайг “шавьтай болооч ээ” гэж их хэлдэг юм. Одоогоор өөрийгөө бүрэн чөлөөлөх болоогүй, ажилтай байж шавиар орсон хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө бүрэн чөлөөлж, завтай болсныхоо дараа л хүүхэд сургана гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Дүү минь чи Монголдоо хийе гэснээ хийлээ, чадсаан. Харин тэр Альпийн челленжэд нь битгий очоорой. Амжилт, сайн сайхныг хүсье.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button