Сурвалжилга, Нийтлэл

ЦЭЦЭРЛЭГ: Багш, хүүхдүүд ангидаа амны хаалт ЗҮҮХГҮЙГЭЭР хичээллэнэ

Коронавируст халдвар цар тахал болон дэгдсэнээс хойш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тэр дундаа цэцэрлэгүүд нэгдүгээр сарын 26-наас хойш ажиллаагүй. Удалгүй амралт таардаг зуны улирал ч залгаж, энэ асуудал түр намжсан юм.

Тэгвэл намар хаяанд ирж, энэ есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, сургууль хичээллэж эхлэх үү гэсэн асуулт иргэдийн дунд бий болсон билээ. Харин үүний нөхцөл, боломжийг судлах Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан. Ийн дүгнэлт саналаа Засгийн газарт оруулснаар есдүгээр сарын 1-нээс бүх шатны боловсролын байгууллагууд үе шаттайгаар нээгдэх болсон билээ.

Бид үүний өмнө их, дээд сургуулийн хичээл тойрсон сэдвээр тодруулга, мэдээлэл /линк/ бэлтгэсэн. Тэгвэл энэ удаад цэцэрлэгийн үйл ажиллагаа ямар зохион байгуулалт барьж явагдах талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмартай уулзаж, ярилцсанаа хүргэж байна.

-ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ АВАХГҮЙ-

“Цэцэрлэгийн бүртгэл цахимаар хийгдэхгүй” гэх мэдээлэл гарсны учир нь энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсантай холбоотой байв. Харин эцэг, эхчүүдийн дийлэнх хувь нь хүүхдээ хоёр нас хүрмэгц цэцэрлэгт бүртгүүлдэг. Тийм учир энэ жил хэрхэх вэ гэсэн асуудалтай тэд тулгараад буй.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар хэлэхдээ, жил бүрийн өвөл хоёр настай хүүхдүүдийн өвчлөлийн хувь өндөр байдаг аж. 3-5 насны хүүхдүүдтэй харьцуулахад дархлаа тогтолцооны систем сул хөгжсөн, ханиад томуу амархан хүрдэг тул хоёр настнуудын ирц ч өвлийн улиралд эрс багасдаг байна.

Иймд нэгэнт халдварт өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын горимд цэцэрлэгийн үйл ажиллагааг  нээж буй тул хамгийн эмзэг, өвчлөлд өртөмтгий хоёр настнуудыг ийн гэрт нь, эцэг эхийнх нь халамжид үлдээх шийдвэрийг гаргасан байна.

Үүний дээр, “Цэцэрлэг бол хүүхдэд боловсрол, суурь төлөвшил олгодог, сургуульд бэлтгэдэг байгууллага. Харин эцэг, эхчүүдийн ойлгож заншсанаар хүүхэд харах үйлчилгээ биш юм. Жишээ нь Япон улсад цэцэрлэг хагас өдрөөр л ажилладаг ба хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авдаг орон дэлхийд манайхаас өөр байхгүй” гэж Ж.Мягмар ярьж байлаа.

-ТАВАН НАСТНУУД БҮРЭН ХАМРАГДАХ БОЛ 3-4 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХЯЗГААР ТАВИНА-

Харин хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байснаар таван настай хүүхдүүдийг бүрэн хамруулах нөөц бололцоог нөхөн гаргаж байгаа юм байна. Дараа жил нь сургуульд орох тул таван настай хүүхдүүдийг заавал цэцэрлэгт хамруулах хууль ч байдаг аж. Өмнөх жилүүдэд цэцэрлэгийн гадна үлдэх таван настнууд цөөнгүй байдаг байсан бол энэ өвөл бүгдийг нь цэцэрлэгт хамруулна гэсэн бодлогыг БШУЯ барьж байна.

Нөгөө талд “3-4 настай хүүхдүүдийн тодорхой хувийг л цэцэрлэгт хамруулна” гэж яам мэдэгдэл хийсэн нь эцэг эхчүүдийн хувьд төөрөгдөл үүсгэсэн. Тодруулбал уг насны хүүхдүүдийн 60 хувийг цэцэрлэгт авна гэж заасан юм.

Энэ тал дээр газрын дарга Ж.Мягмар, “Хоёр настай хүүхдүүдийг бодвол 3-4 настнуудад ханиад, томуу тусах магадлал нь багасаж ирдэг. Иймд тэднийг цэцэрлэгт авна, гэхдээ тодорхой хязгаар тавина. Ингэхдээ өмнө жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг бол заавал авна. Үүний дээр хороо хорины тодорхойлолтоор эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Эдгээрээс гадна үлдсэн 3-4 настай хүүхдүүдэд боломж хомс болж ирж буй гэсэн үг. Гэхдээ цэцэрлэгүүдийн нөөц боломжоос  шалтгаалж аль болох олон хүүхдийг авах нь бидний зорилго.

Нэг танхимд суралцах хүүхдийн тоог хатуу тогтоосон тул анги танхимын, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал мэдээж тулгарч байгаа. Бид энгийн цаг үед биш, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд, хэрхэн аюул эрсдэлгүйгээр цэцэрлэгээ нээх вэ гэдэг үзэл санааг барьж ажиллаж байна” хэмээсэн юм.

-АНГИД ГАДНААС ТОГЛООМ, ЭМ ЗЭРЭГ ЗҮЙЛСИЙГ ОРУУЛАХГҮЙ-

Насны хязгаарлалтын хувьд дээрх зохицуулалт хийгдэж буй. Харин анги танхимын хуваарилалт, халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийн асуудал цаана нь үлдэнэ.

Энэ тухайд:

  • Анги дүүргэлт 20-25 хүүхэд байна
  • Хүн хоорондын зайг 1-1.5 метрт барниа
  • Ангид багш, хүүхдүүд амны хаалт зүүхгүй ч цэцэрлэг рүү ирэх замдаа заавал зүүнэ
  • Хүүхдүүд гэрээсээ ямар ч эмийн бүтээгдэхүүн, тоглоом зэрэг зүйлс авчрахгүй, тэднийг нь дотогш нэвтрүүлэхгүй
  • Эцэг, эхчүүдийг цэцэрлэгт оруулахгүй, коридорт бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүүхдээ авах зохицуулалтыг цэцэрлэг бүр дотооддоо зохион байгуулна
  • Хүүхэд бүрийн халууныг үзэж, гарыг ариутгаж анги руу нь оруулна
  • Халуурсан, нүд нь улайсан гэхчлэн өвний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэгт нэвтрүүлэхгүй
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн багш нарыг ч мөн цэцэрлэгт нэвтрүүлэхгүй гэх мэт чиглэлүүдийг барьж ажиллах ажээ.

Ж.Мягмар, “Энгийн үед анги дүүргэлтийн хэмжээ мөн 20-25 байдаг. Гэхдээ энэ тоо хэтэрсээр ирснийг бид мэднэ. Нөгөө талд өвлийн улиралд хүүхдүүдийн ирц эрс буурдаг. 30 хүүхэд бүртгэгдсэн бол өдөр тутас 25 хүүхэд л ирдэг байх жишээтэй. Тэгэхээр ийм байдлаар анги дүүргэлт барьж, зохицуулагдах боломж ч харагдаж байгаа юм” хэмээж байв.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

-ЭНЭ ЖИЛ ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВАГДАХГҮЙ-

Ийн БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмараас дараах зүйлсийг тодрууллаа.

-Ангид дээд талдаа 25 хүүхэд авна хэмээж буй нь угтаа ердийн норматив юм байна?

-Тийм, энгийн үед ийм хязгаар тавьдаг. Гэхдээ жил бүр хэтэрсээр ирсэн. Харин энэ өвөл, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд дээд талдаа 25 хүүхэд л нэг ангид байх ёстой.

-Цэцэрлэг бол хүүхдэд боловсрол олгодог газар гэж хэллээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ харуулдаг газар гэж харах нь түгээмэл. Тэгэхээр энэ өвөл хүүхдээ хаана, хэнээр харуулах вэ гэдэг асуудал дахиад л тавигдана. Үүн дээр өдөр өнжүүлэх төвүүд шийдэл нь болдог?

-Өдөр өнжүүлэх төв зөвхөн бага сургуулийн хүрээнд л яригддаг. Цэцэрлэгийн хүүхдийг өдөр өнжүүлэх төв авдаггүй.

-Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний тухайд?

-Хүүхэд харах үйлчилгээ өөрөө бие даасан хуультайгаар өнгөрөгч жилүүдэд амжилттай хэрэгжсээр ирсэн. Ноднин гэхэд Улаанбаатар хотод 2-3 настай хүүхдүүд, түүнчлэн хилчдийн хүүхдүүд, 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан. Харин энэ өвлийн хувьд хүүхэд харах үйлчилгээ явагдахгүй. Нэгт, төсөв нь тусгагдаагүй. Хоёрт, айл айлд, тал бүр газарт хүүхдүүдийг харуулах нь өөрөө өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед төдийлөн тохиромжтой биш. Гэхдээ сайд Л.Цэдэвсүрэн цааш цаашдаа хүүхэд харах үйлчилгээг улам чанаржуулах, өргөжүүлэх асуудлыг тавьж байгаа.

-Хувийн цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй гэсэн шуум иргэдийн дунд явлаа?

-Хувийн цэцэрлэгүүдийг бүрэн ажиллуулна. Иймд энэ жил өнгөрсөн жилээс ч бага хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэнэ.

-Цэцэрлэгийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Сайд Л.Цэдэвсүрэнгийн наймдугаар сарын 6-ны А/17 тоот тушаалын дагуу уг асуудлыг зохицуулах түр журам батлагдсан. Үүгээр улсын хэмжээнд нэгдсэн байгууллагууд цэцэрлэгүүдээр явж, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн давхар цэцэрлэгүүд дотроо хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийг ч тусгаж өгсөн. Хүүхдийг өглөө хүлээж авахдаа халууныг нь үзнэ, халуунтай, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг нэвтрүүлэхгүй. Анги дотор амны хаалт зүүхгүй.

-Багш нар амны хаалт зүүх үү?

-Анги дотор заавал зүүх албагүй гэж үзэж байгаа. Харин гэрээс ажил руу ирэх замдаа зүүх ёстой. Үүний дээр хоол аягалахдаа амны хаалт хэрэглэнэ.

-Орой хүүхдээ авахаар ирсэн эцэг, эхчүүд хүний бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй юм байна?

-Тийм. Тэгэхээр эцэг, эхчүүдийг коридорт бөөгнөрөл үүсгэхгүй зогсоод хүүхдээ авах зохицуулалтыг тухайн цэцэрлэг нь хийнэ. Хоёр бүлгийн дунд нэг орц, гарц байдаг. Нэг давхарт дөрвөн хаалга байдаг гэсэн үг. Эдгээрийг нэгэн зэрэг нээнэ, эцэг эхчүүдийг хүлээж авах цагийг уртасгана. Хүн хоорондын зайг баримтлах наалт тэмдэглэгээ байршуулна.  

-Хэрэв цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хардаг төвүүд ажиллаж эхлэвэл хааж, хорих уу?

-Энэ бол манай яамны хариуцсан чиг, үүргийн асуудал биш.

Үүний дээр цэцэрлэгийн насны багачуудад зориулсан теле хичээлийн хөтөлбөр давхар явагдана гэдгийг эцэг, эхчүүд анхаарууштай юм байна. Өөрөөр хэлбэл хүүхэд тань цэцэрлэгт хамрагдаж чадаагүй ч теле хичээлээр хичээлийн агуулгаа нөхөж үзэх боломжтой аж. Эцэст нь Ж.Мягмар, “Хүүхэд тань таны толь юм шүү. Энэ онцгой дэглэм сахих учиртай цаг үед хүүхдийнхээ эрүүл мэнд болоод боловсролын өмнө өндөр хариуцлага ухамсарлаарай” хэмээн онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дэмжигч, зочин
дэмжигч, зочин
2020-08-18 14:18

Сургуулиудын өдөр өнжүүлэх ажиллах уу

зочин
зочин
2020-08-20 15:37

Ангид а�##� зүүх хэрэгтэй гудамжинд хэрэггүй шүү дээ, хэн ийм тэнэг заавар өгөөд байнаа

Зочин
Зочин
2020-08-22 19:10

Өмнөх жилүүдэд ч нийслэлийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт 1 ангид 50-60 хүүхэд байсан одоо хуваагаагаад ч хүүхдүүдээ багтааж чадахгүй бна дарга нар нь болохоор 35 хүүхэд бүртгэчихээд 1 ангид 25 хүүхэд байна үлдсэн хүүхдүүдээ өөрсдөө арг�##� гэ

Холбоотой мэдээ

Back to top button