Ярилцлага

“Сэтгэл л байхад эмчлэх боломжгүй амьтдыг ч аварч болохыг ухаарсан”

Япон улсын “International University of Health and Welfared” сургуулийн Эмнэлгийн менежмент чиглэлээр тэтгэлгээр суралцаж буй, нэгдүгээр курсийн оюутан Л.Номинзултой ярилцлаа.

Тэрбээр хичээлийнхээ завсарлагаанаар нүд нь сохорч хавдсан, бяцхан муурын зулзагыг олж түүнийгээ тэтгэлгийнхээ мөнгөө эмчлүүлэн асарч, “Сайн дурын амьтан асрах төв”-д хүлээлгэн өгсөн түүхээ сошиал орчинд хуваалцсан юм. Тухайн түүх нь олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, золбин гэх тодотголтой амьтдыг Япон улсад хэрхэн асарч, үрчлүүлдгийг харуулсан билээ.

-НҮД НЬ АЙМШИГТАЙ ХАВДАЖ, НҮҮРНИЙ ҮС НЬ ХАЛЦАРЧ, ТУРААЛД ОРСОН ЖИЖИГХЭН АМЬТАН ОРИЛЖ БАЙСАН-

https://www.facebook.com/photo.php?fbid=3261206120624446&set=pcb.3261207930624265&type=3&theater

-Таны сошиалд оруулсан Алис муурны түүх их сэтгэл хөдөлгөм байлаа. Та урьд нь амьтан тэжээж байв уу?

-Би тавдугаар ангид байхаасаа “Golden Retriever” үүлдрийн нохой тэжээж эхэлсэн. Нохой маань одоо 9 настай. Хүүхэд байхын л гудамжинд явж байгаа золбин нохойг тэжээнэ гэж уйлдаг байлаа. Ингээд дунд сургуульд байхаасаа эзэнгүй ядарсан амьтдыг хооллодог болсон. Хэд хэдэн нохой, муурыг үрчлүүлж, эзэнтэй болгосон.

-Эцэг эх, гэр бүлийнхэн тань энэ үйлдлийг хэр дэмжиж, тусалдаг вэ?

-Би их зөрүүд зантай учир, нэг шийдвэл хэн ч, юу ч гэсэн өөрийнхөөрөө л хийдэг. Тиймээс эцэг, эх маань намайг нэг их хориглолгүй, “Хурдхан эзэнтэй болгоорой” л гэдэг. Зэмлэж, уурлаж байгаагүй ээ. Бас шаардлагатай зүйлсээр ч мөн тусалдаг.

-Алистай анх учирсан түүхээ хуваалцаач?

-Хичээлийнхээ завсарлагаанаар гадаа салхилж яваад, жижигхэн муужгайн дуу сонссон юм. Очоод хартал нүд буруулмаар царайтай болчихсон муужгай байсан. Шувуу хатгаж, шарханд нь бохир орсон гэмээр нүд нь аймшигтай хавдаж, нүүрний үс нь халцарч, “зомби” гэж бодмоор тураалдаа орсон жижигхээн амьтан орилж байхад нь анх харсан.

Анхандаа, “Энэ муужгай ч амьд үлдэхгүй нь дээ” гэж бодоод, ядаж зовлонгүй амар тайван унтуулъя гэж бодоод, хичээлээ таслан ойролцоох эмнэлгийг зорьсон юм л даа. Үнэнийг хэлэхэд би айсандаа нүүр рүү нь ч эгцэлж харж чадаагүй. Эмнэлэгт үзүүлтэл, эмч “Ханиад /нэг төрлийн муурны өвчин/ нь даамжраад, нүд нь хавдаж, түүнийг нь хэрээ хатгасан, аль эсвэл өөрөө маажсан байх магадлалтай” гэсэн. 

Түүнчлэн “Хоёр нүд нь сохорсон тул цаашид бие даан гудамжинд амьдарч чадахгүй. Унтуулж болно. Гэхдээ хэрвээ эмчилгээ хийлгэвэл, амь насанд нь аюулгүй” гэж хэлсэн. Хэдийгээр би түүнийг нь сонсоод дотроо үнэхээр их баярласан ч, цаанаа бага зэрэг айдастай байлаа. Ийм бяцхан амьтан байж, гэдэс нь цагаан хорхойтой, үс нь хүртэл бөөстсөн байсан гээч.

-Хүний нутагт тэтгэлгийнхээ мөнгийг үрэн, өрөнд орон байж тэр муурыг аврах болсон шалтгаан нь юу байв?

-Түрүүн хэлсэнчлэн, хөөрхий муужгайг зовлон багатай унтуулъя гэж бодоод эмнэлэг рүү очсон. Гэхдээ эдгэрнэ гэдэг үгийг сонсоод л бодлоо өөрчилсөн. Нүд нь  ийм аймшигтай болсон учир “Миний гар дээр үхэх вий” гэх айдас байсныг нуухгүй ээ. Гэхдээ мөнгийг олж, зохицуулж болно. Надаас шалтгаалж энэ муур амьдарч бас үхэж болно гэж бодсон. Тиймээс хөөрхий амьтны үхлийн бус, амьдрах шалтгаан нь болохыг хүссэн юм.

-Нууц биш бол эмчилгээ, эм тарианы зардалд хэр их мөнгийг зарцуулсан бэ?

-Таван ман гэхээр монгол мөнгөөр сая 250 мянган төгрөг орчим юм. Нэг ман 250 мянган төгрөгтэй тэнцдэг. Би сард 6 ман авдаг юм. Үүнээс нэгээс хоёр ман ус цахилгаан, 2-3 ман хоолонд ордог учир сар бүр нэг ман-ыг муурандаа төлөхөд амьдарч болох юм гэж бодсон л доо. Эмнэлэгт хэвтүүлэхэд их үнэтэй. Бас нүдэнд түрхдэг тос нь их үнэтэй байсан. Гэхдээ яалтачгүй эмчилгээ, үйлчилгээ нь үнэхээр сайн байсан.

- ЯПОНЫ МАЛЫН ЭМЧ НАР НЬ МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН СЕРТИФИКАТТАЙ УЧИР НАЙДВАРТАЙ-

-Мууртайгаа багагүй хугацааг өнгөрүүлсэн байсан. Хэр удаан асарч, цагийг өнгөрүүлсэн бэ?

-Эмнэлэгт долоо хоног, би өөрөө гурван долоо хоног гэхээр нэг сар орчим хамтдаа байсан юм байна. Гэхдээ их удаан хамт байсан мэт мэдрэмж төрсөн шүү. Эхлээд эмнэлэгт хэвтүүлж, хавдсан нүдийг нь цэвэрлүүлсэн. Эмнэлгээс гарахдаа нүд нь улам бүр хавдаад улайчихсан, өндөр халуунтай байсан болохоор их айсан. Халууныг нь буулгаж, эмчийн бичиж өгсөн тосыг зааврын дагуу түрхэж эхэлсэн. Нүд нь маш их хавдаж цэврүүтсэн байсан болохоор тос түрхэхэд хагарчих юм шиг санагдаад эвгүй байсан ч, сүүлдээ түрхэж сурсан л даа. 

Хоолоо сайн идэж, надтай тоглож, бас эрхэлж байсан ч, “Бие нь улам муудаад байгаа юм шиг” санагдаад байтал, Алис намайг хараагүй үед нүдээ хумсаараа маажаад байсан юм билээ. Тэгээд муураа шууд эмнэлэг рүү дагуулан явж, нүдээ маажихаас сэргийлж хүзүүвч зүүлгэсэн. Үүний дараа муужгайн нүд хавьгүй дээрдэж эхэлсэн.

-Японы мал эмнэлэг, Монголынхоос эмчилгээ, оношилгоо нь хэр санагдсан бэ?

-Япон эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар нийт эмчилгээний зардлын 30 орчим хувийг хөнгөлдөг. Харин малын эмнэлгийн хувьд төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөх ёстой байдаг. Эмнэлэгт хэрэглэгддэг эм тариа нь маш сайн. Жишээ нь муур нохойн бөөсийг нэг цацлага цацаад л алга болгодог юм билээ. Эмч нар нь мэдлэг туршлагатай, мэргэжлийн сертификаттай учир найдвартай.

-Ингэж их арчилж, хамгаалсан амьтнаа үрчлүүлэлгүй өөртэйгөө хамт байлгасан бол гэж бодож байв уу. Яагаад асрах газарт өгсөн юм бэ?

-Би зуны амралтаараа Хоккаидо явах хэрэгтэй болсон юм. Онгоцоор ийм бие султай, арчилгаа их шаардах өвчтэй муужгай авч явах аюултай болохоор түр харагч хайж эхэлсэн. Гэвч асаргаа ихтэй амьтан тул харах хүн олдохгүй, дээр нь муужгайныхаа зардлыг дийлэхгүй өрөнд орж эхэлсэн. Тиймээс муужгайгаа надаас илүү харж, хандах эзэнд үрчлүүлэхээр шийдсэн юм. Үрчлүүлсэндээ огтхон ч харамсдаггүй. Харин ч энэ нь илүү дээр сонголт байсныг ухаарсан.

Ингээд найдвартайгаар нь амьтан хамгаалах төв рүү утастсан ч, “Ийм сохор муур авахгүй” гэсээр байсан. Онгоц нисэх өдөр ойртсоор байлаа. Ингээд нэг өдөр интернетээс хайлт хийж байгаад “Сайн дурын амьтан асрах төв”-ийг олсон юм. Ингээд утас руу залгахад нэг өвөө утас авсан. Би ч муужгай олсон, эмчлүүлсэн бүхий л зүйлсээ хэлж, үрчилж авахыг гуйтал, шууд л “аваад ир” гэдэг байгаа. Би ч баярлах нөгөөтээгүүр гэмших сэтгэл төрж, муужгайгаа аваад явав. Алис автобус, метроны дуунаас их айж байсан тул биедээ наагаад аль болох чимээнээс холдуулахыг хичээв. Ийнхүү асрах төвдөө ирэхэд, утсаар ярьсан өвөө дулаахан үгсээр угтсан.

“Аварна гээд олсон амьтнаа тэжээж чадсангүй” гээд намайг зэмлэх болов уу гэтэл өвөө ерөөсөө зэмлээгүй. Харин ч муужгайг аварч, авчирсанд баярлалаа гэдэг байгаа. Ингээд би Алисийг өвөөд үлдээгээд явах гэтэл, намайг машинаараа метроны буудал хүртэл хүргэж өгөөд, бид замдаа хоёр биенийхээ тухай ярилцаж, би өвөөд Монголын тухай, Монголд эзэнгүй амьтад яаж зовдог тухай хэлсэн юм. Хүрэх газраа ч ирж, би буух болоход өвөө түрүүвчнээсээ 1 ман гаргаж өгдөг байгаа. Энэ нь монгол төгрөгөөр ойролцоогоор 250 мянга орчим төгрөг. Би хэрэггүй хэмээн татгалзтал, “Зүгээр ээ дуртай юм аа авч ид ээ, эсвэл онгоцны мөнгөө болго” гэв. Би сайхан сэтгэлд нь баярласнаа илэрхийлээд, өвөөг явсны дараа асгартал уйлж билээ. Тэр үед л “Би нээрээ л амьтны амийг аварсан юм байна” гэдгээ ойлгосон.

-Өвөөгийн ажиллуулдаг төв нь ямар онцлогтой байсан бэ?

-Өвөө багаасаа л амьтанд хайртай байсан учир олон хүний тусламжтай асрах төвөө хөгжүүлсэн юм билээ. Сайн дурын хүмүүс ядарсан амьтдад туслахаар ирж, хандив өгдөг гэсэн. Түүнчлэн 7 хоногт нэг удаа малын эмч ирж, амьтдыг хямдралтай үнээр үзэж, эмчилдэг.  

Муурнуудаа вакцинд хамруулсны дараа торноос нь гаргаж, хамтад нь тоглуулдаг бөгөөд долоо хоногт нэг удаа “Үрчлүүлэх аян”-ыг зохион байгуулдаг юм билээ. Өвөө муурнууддаа маш их хайртай тул таарсан хүнд үрчлүүлдэггүй. Амьтнаа үрчлүүлэхийн тулд тухайн  хүнтэй удаан ярилцаж, хэрэгтэй мэдээллийг авсны дараа төвөөс нь холгүй хэн амьдардаг хүмүүст л үрчлүүлдэг гэсэн. Учир нь Япон улс хүн амтай ихтэй тул холбоо тасрахаас сэргийлсэндээ тэр байх.

https://www.facebook.com/nomimiko.lhagvadorj/videos/pcb.3261207930624265/3261207430624315/?type=3&theater

-МОНГОЛДОО ОЧООД “САЙН ДУРЫН АМЬТАН АСРАХ ТӨВ” НЭЭНЭ-

-Магадгүй танд тохиолдсон явдал, амьдралд тань сургамж, ухаарлыг хайрласан байх?

-Би Япон хүмүүсийн тухай буруу бодолтой байсан юм билээ. Өвөөтэй таарснаар тэр бодол эрс өөрчлөгдсөн. Хаана ч, хэнтэй ч байсан “Тэр улсын хүн тийм байдаг” хэмээх үзлээ хаях хэрэгтэй мэт санагдсан. Өвөөтэй одоо ч холбоотой байдаг. Надад Алисийн том болж байгаа, эдгэрч байгааг нь зураг болон бичлэгээр дамжуулан явуулдаг. Өвөөгийн асрамжид муураа үлдээсэн нь үнэхээр зөв шийдвэр байсныг цаг хугацаа өнгөрөх бүрт ойлгож байсан юм. Одоо Алисийн нүд эдгэрч, холын биш ч ойрын зүйлсийг харж чаддаг болсон байна лээ.

-Та оруулсан пост болон ярилцлагаараа хүмүүст юу хэлэхийг зорьж байна вэ?

-Монголд маш олон эзэнгүй амьтад зовсоор байна. Над шиг өөрийнхөө мөнгөөр амьтан авар гэж хэлэхгүй ч, хэрэв жаахан л сэтгэл байхад боломжгүй гэгдэж байсан амьтныг ч аврах боломжтой болохыг ухаарсан. Тиймээс зовсон амьтдад тусалж, “Сайн үйлсийн аян” улам бүр дэлгэрээсэй гэж хүссэн. Миний хувьд Монголдоо очсоны дараа ажлынхаа хажуугаар өвөөгийн ажиллуулдаг шиг Сайн дурын амьтан асрах төвийг нээнэ гэж бодож байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-05 10:25

Монголд гэхээр сайн хандив цуглахгүй байх. Одоогоор амьтанд хайртай гэх хүмүүс орцон дотор мах сүү хоол тавьж оршин суугчдын аргыг барж байна. Тэрийгээ цэвэрлэхгүй дээрээс нь гаднаас орж ирэнгүүт амьтны үнэр хурц үнэртдэг. Ийм хүмүүст үнэхээр дургүй. Амьтанд хайртай л бол аваад гэртээ оруулаад тэжээх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button