ДЭЛХИЙ

Таны мэдлэгт: Мартын 8-ны үүсэл ба гадаадын орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг билээ. Уншигч та тус баяр хэрхэн эхэлсэн болон гадаадын орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар мэдэх нь сонирхолтой байх болов уу хэмээн бодож энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Анх 1908 онд Нью-Йорк хотын гудамжинд 15 мянга гаруй эмэгтэй ажлын цагийг багасгаж, цалин хөлсийг нэмэхийг шаардан жагсаал хийсэн нь тус баярын эхлэлийг тавьсан хэмээн үздэг. Үүнээс жилийн дараа Америкийн Социалист нам анхны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарласан байна.

Клара Зеткин

Харин Клара Зеткин Эмэгтэйчүүдийн өдрийг олон улсын өдөр болгох саналыг дэвшүүлж байсан юм. Тэрбээр 1910 оны Копенхаген дахь ажилчин эмэгтэйчүүдийн бага хурлын үеэр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг үүсгэх санааг дэвшүүлжээ.

Тус бага хуралд 17 орны 100 эмэгтэй оролцож байсан бөгөөд бүгд дуу нэгтэй дэмжсэн байна. Үүний дараа тус өдрийг анх 1911 онд Австри, Денмарк, Герман, Швейцар улсуудад тэмдэглэсэн ажээ. Харин 1975 онд НҮБ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.

Одоо тэгвэл гадаадын орнууд хэрхэн Мартын наймны баярыг тэмдэглэдэг талаар харцгаая.

Америкийн Нэгдсэн Улс

АНУ-д гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн сар болгосон байна. Анх 1980 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Жимми Картер гуравдугаар сарын найман тохиодог долоон хоногийг Үндэсний эмэгтэйчүүдийн долоо хоног болгон зарлаж байсан юм. Хэдэн жилийн дараа тус улс даяарх мянга мянган сургуулиуд Мартын найман тохиодог долоо хоногоор сургуульд эрх тэгш байдлыг үүсгэх зорилготой арга хэмжээ зохион байгуулдаг байжээ.

1986 он гэхэд АНУ-ын 14 мужууд тус баярыг гуравдугаар сарын сүүл хүртэл сунгасан юм. Харин одоо үед жил болгон АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсны мэндчилгээ дэвшүүлж Америк эмэгтэйчүүдэд баяр хүргэдэг ажээ.

Итали

Итали улсад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “La Festa della Donna”  хэмээн нэрийддэг юм. Ихэнхдээ тус өдрөөр эмэгтэйчүүдэд шар мимоса цэцэг бэлгэддэг гэнэ. Мимоса цэцэг нь эмэгтэй хүний хүч чадал болон мэдрэмжийг бэлгэддэг бөгөөд баярын өдрөөр Итали даяарх гудамжнуудад тус цэцгийг худалдаалдаг аж. Зарим хүмүүс мимоса цэцгийн дэлбээтэй ижил чимэглэсэн бялуу хийж иддэг гэнэ. Уламжлал ёсоор тус бялууг цитрусын ликёр ашиглан хийж цэцэгтэй ижилхэн харагдуулахын тулд дээрээс нь куб хэлбэртэй зуурмаг тавьдаг аж.

БНХАУ

Урд хөршид Мартын наймны өдрийг 1949 оноос хойш үндэсний баяр болгон тэмдэглэсээр иржээ. Тус улсын компаниуд эмэгтэй ажилчдадаа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр эмэгтэй ажилчдадаа хагас өдрийн өдрийн амралт олгодог юм. Валентины өдөртэй адилаар тус баярыг тохиолдуулан хайртай эмэгтэйдээ тусгай бэлэг өгдөг байна.

БНХАУ-д гуравдугаар сарын долоонд Охидын өдөр тохиодог аж. Тус баяраар залуу оюутан, сурагч эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэдэг гэнэ.

Испани

2018 онд тус улсад таван сая гаруй эмэгтэй ажилчид 24 цагийн турш ажил хаяж цалингийн тэгш бус байдал, ажлын байран дээрх хүчирхийлэл болон хүйсээр ялгаварлах байдлыг зогсоохыг шаардсан байна. Тэр үед Испани даяар 200 гаруй байршилд жагсаал болсон юм. 2019 онд ч гэсэн үүнтэй ижил жагсаалыг феминист бүлгэмүүд зохион байгуулсан аж.

Эх сурвалж: BBC, Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button