ДЭЛХИЙ

ВЛАДИВОСТОК: Ким Жон Ун, Путин нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Владивостокт хуягт галт тэргээр айлчлан ирсэн билээ. Тэд өнөөдөр уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаарх олон асуудлаар ярилцлаа. 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзалтын эхэнд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин таньтай Солонгосын хойгийн асуудлаар болон хоёр улсын хамтын харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцэж байгаадаа таатай байна. ОХУ-ын талаас энэхүү хэлэлцээг зохион байгуулж, бидэнтэй ярилцахаар цаг зав гаргаж байгаад талархаж байна” гэдгээ илэрхийлэв. Мөн Путиныг 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, хүчирхэг Орос улсыг бий болгох үйлсэд нь амжилт хүслээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хариуд нь “Ким Жон Ун таныг ОХУ-д хүлээж авч байгаадаа таатай байна. Бидний энэхүү уулзалтыг хоёр улсын дипломатууд эртнээс ярилцаж ирсэн” гэв. Мөн хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ой өнгөрсөн жил болсныг цохон тэмдэглэсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр “Танай улсад би зочилж байснаа санаж байна. Таны аав бол хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны суурийг тавьсан хүн” гэв. 

Уулзалтын дараа хоёр орны тэргүүн хоёр цаг орчим ганцаарчилсан /орчуулагчтай/ уулзалт хийсэн юм. Энэ нь тэд төлөвлөсөн 50 минутаас хоёр дахин их цагийг уулзалтад зарцуулсан хэмээн хурлын тэмдэглэлд дурьджээ. Ганцаарчилсан уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Ким Жон Ун бид хоёр нүүр тулсан яриа өрнүүллээ. Энд бид хоёр орны харилцааны одоогийн байдал болоод ирээдүйн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэж, одоогийн нөхцөлд тохирох хамгийн сайн гарц шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлцгээсэн” гэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзалтын дараа “ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн яриа, хэлэлцээ цааш үргэлжилнэ гэж найдаж байна. Ноён ерөнхийлөгч өө, бид өөрсдийн байр сууриа таньтай хуваалцлаа. Бид нүүр тулж, нэгдмэл ашиг сонирхолд үүссэн асуудлуудын талаар ярилцлаа” хэмээн талууд байр сууриа илэрхийллээ. 

Тэдний уулзалт олон улсын анхаарлын төвд байгаа билээ.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button