Нийслэлд уур амьсгалын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт мөрдөнө
Улаанбаатар хотод мөрдөгдөх 20 стандартыг батлуулахаар хүлээгдэж байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор мэдээллээ. Ингэснээр нийслэл хотод 97 стандарт мөрдүүлэхээр зорьж байгаа аж.
Шинээр батлуулах 20 стандарт нь уур амьсгалын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, хур тунадасны усыг хуримтлуулан ашиглах, хөв цөөрөм байгуулах зэрэг экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэхээс гадна хог хаягдлын менежментийг сайжруулахаар тусгагдсан байгаа юм. Мөн нийслэлд шинээр байгуулах дэд төвүүдийн ногоон орон сууцанд тавигдах шаардлага, гэр хорооллын айлуудын өнгө төрхийг сайжруулах чиглэлийн стандартууд тусгагджээ.
2022 оноос Улаанбаатарт 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг.Тэгвэл Нийслэлийн Ерөнхий архитектор "Гэхдээ стандарт тогтоохоос гадна түүний хэрэгжилтэд хяналт тавих нь хамгийн чухал. Нийслэл төдийгүй улсын хэмжээнд олон стандарт байдаг ч, хэрэгжилтийн хяналтыг сайжруулах шаардлагатай" байгааг онцоллоо.
Дээрх стандартууд батлагдсанаас хойших сүүлийн хоёр жилд стандартын хэрэгжилтийг дөрвөн удаа шалгаж, эрсдэлийг тодорхойлжээ. Шалгалтын үр дүнгээс харахад иргэд, аж ахуйн нэгжүүд стандартыг мөрдөхдөө нэлээд хариуцлагатай байгааг онцолсон. Тухайлбал, төрийн байгууллагын гадна хаягийн стандартын хэрэгжилт 95 хувьтай байна.
Одоо хэрэгжиж байгаа зарим стандартуудаас дурдвал, явган хүний зорчих хэсгийн өргөн 2.8 метр байх, энэ дундаа гудамжны тохижилт, ногоон байгууламж нэг метр байхаас гадна явган хүний зам тасралтгүй үргэлжилсэн байх зэрэг нарийн зохицуулалтууд байдаг. Мөн шөнийн 22.00-06.00 цагт сургууль, цэцэрлэг, суурьшлын бүсэд дуу чимээний хүлцэх хэмжээ 40 децибелээс дээшгүй байхаар стандартчилжээ.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.