АМЬДРАЛЫН НОМВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Цэдэвдамбын Оюунгэрэл: Дэлхийн уран зохиолыг, зохиолчдыг хөглөж байдаг нэг уурхай нь “Монголын нууц товчоо”

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна. 

Бид энэ удаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-АМЖИЛТ ГЭДЭГ ЧИНЬ УРТЫН ЗАМ ЮМ БАЙНА-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Өөрийгөө хүн болгож төлөвшүүлэх үедээ ялангуяа 25 нас хүртлээ улсаас зөвшөөрөгдсөн номуудыг уншсан. Тэдгээрийн зарим нь хувь хүнд минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Харин 25 наснаас хойш эрх чөлөөтэйгөөр юунд ч хазаарлуулахгүйгээр олж уншсан номууд намайг өөр хүн болгосон. Тиймээс хуучин цагийн хоёр, өөрөө олж уншсан дөрвөн номыг онцолмоор байна.

Хүүхэд байхад нөлөөлсөн номууд бол Жюль Верний “15 наст капитан”, Н.Островекийн “Болд хэрхэн хатаагдсан нь”. Энэ хоёр ном надад зориг, тэвчээр өгсөн. Мөн адал явдал, шинжлэх ухаанд дурлуулсан.

Харин 1990-ээд онд өөрөө хайж олж уншсан хоёр сонирхолтой ном бий. Эхнийх нь Стефан цвейгийн “Мария Антуанетта”. Францын хувьсгалын үр дүнд алагдсан хатан хааны амьдралын тухай бичсэн ном. Төрийн уналтыг өгүүлсэн эл ном намайг улс төрд орох гэж байхад асар их нөлөөлсөн. Ард түмнийг яаж удирдах ёстойг, удирдаж чадахгүй бол юугаар төгсдөгийг ойлгуулсан. Харин “Нагим пришел я” гээд уран барималчийн намтар ном надад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Хүн авьяастай төрснийхөө төлөө ямар олон жил бусдын бусдын өмнөөс ажиллаж, бүтээлээ бусдаар хаяглуулж, хүний сүүдэрт амьдардгийг энэ номоос харсан. Амьдралд олдож байгаа боломж бүхэнд би нэгдүгээрт байх ёстой гэж өөрийгөө яаран урд тавихгүйгээр хангалттай хэмжээний туршлагатай болтлоо хоёрдугаар эгнээнд, бүр гурав, дөрөвдүгээр эгнээнд байж болох юм байна. Цаг нь болохоор хүн өөрөө боловсорч гарч ирдэг юм байна. Тэгэхээр амьдрал гэдэг уртын зам юм байна. Амжилт гэдэг уртын зам юм байна. Урт хугацаанд амжилтад хүрэхийн тулд хүн ямар их юмыг даван туулдаг юм бэ гэдгийг ойлгосон. Энэ номын буянаар амьдралдаа уужуу ханддаг болсон.

Мөн ээжийнхээ авдраас ээжээсээ хүлээж авсан хоёр ном бий. Нэг нь “Эрдэнийн сан субашид”, өнөөх нь “Монголын нууц товчоо”. Энэ хоёр ном авдар дээр минь байнга байдаг. Сэтгэл санаагаар намайг үргэлж дэмжиж, амьдралын турш хамт байгаа философийн номууд.

“Эрдэнийн сан субашид”-ыг залуу байхдаа байнга л нээж хардаг байлаа. Хүн хоорондын харилцааны хямралд орох бүрдээ ээжтэй ярилцмаар санагдана. Тэр мөчүүддээ “Эрдэнийн сан субашид”-д ханддаг байсан. Дөрвөн мөртэй ухаарлын яруу найргийн мөрүүдийг уншиж, өөрийгөө тайвшруулна. Одоо ингээд бодох нь ээ 40 нас хүртлээ долоо хоногт дор хаяж хоёр удаа уншдаг байж. Заримдаа өөрийг минь тайвшруулах дөрвөн мөрийг олж, цээжилчхээд ажилдаа явахдаа амандаа бувтнаад л. Ингэж л өөрийгөө алсын замд нь чиглүүлдэг байж. Харин сүүлийн үед хагас жилд нэг удаа эргүүлж байгаа. Сэтгэл санааны хувьд тогтвортой хүн болчихсон юм шиг бололтой.  Гэхдээ саяхан нэг эргүүлж харсан юм байна. Яг ямар асуудал тулгараад эргүүлж харснаа санахгүй л байна.

Харин “Монголын нууц товчоо”-г залуу байхдаа өдөр болгон уншдаг байлаа. Хүүдээ үлгэр шиг л уншаад өгчихдөг байсан сан. Б.Идэр-Од маань “Монголын нууц товчоо”-г үлгэрийн ном гээд бодоод л сонсдог байсан. Миний хувьд бол “Монголын нууц товчоо” гарц, гаргалаа, урам зориг минь... Жилдээ хоёр удаа эргүүлж харж байгаа.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-“Болд хэрхэн хатаагдсан нь” номыг арван жилд байхдаа уран зохиолын багшийн даалгавраар л уншиж байсан. Харин “15 наст капитан” бол сургуулийн номын сангаас уншдаг сонирхолтой хэдхэн уран зохиолын номын нэг.

“Нагим пришел я”, “Мария Антуанетта” хоёрыг бол оросоор уншиж байсан. Москвагаас номын захаас авч байсан юм.

Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Бага байхад зан аашийг минь төлөвшүүлэх номууд ховор байсан. Би хувь хүнийг хөгжлийн жижиг гарын авлага маягийн номуудаар хүмүүжээгүй. Уран зохиолын номоор хүмүүжсэн. Уран зохиолын баатрыг амилуулан бодож, авах юмаа авсан. Тиймдээ ч залуу байхад уншсан номууд зан аашийг минь төлөвшүүлсэн. Тэсвэр тэвчээр, алсыг харах ухаан, хүн чанарыг төлөвшүүлсэн.  

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Энэ ном нөлөөлөх нь, намайг эзэмдэх нь гэдэг эхний хуудсыг нь уншсаны дараа тодорхой болдог. Эхний таван хуудсыг нь тавьж чадахгүй уншвал тэр номыг 24 цагийн турш уншаад ч хамаагүй дуусгадаг. “Монгол чоно” -ыг би зургаахан цаг уншсан. Бидний мэдэх “Монголын нууц товчоо”-г Боорчийн нүдээр харж бичсэн ном. Энэ номыг би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очиж, амрахдаа уншина гэж бодоод номын дэлгүүрээс худалдаж авсан. Автобусанд орохынхоо өмнө яагаад ч юм эхнийх нь хуудсыг эргүүлсэн. Тэгээд л тавьж чадаагүй. Автобуснаас буухдаа уншаад дуусчихсан. Залуучуудыг энэ номыг уншаасай гэж хүсэж байна. Юмыг өөр өнцгөөс харуулдаг, ийм номууд их сонирхолтой. Энэ ном яг одоо цүнхэнд минь явна. Тиймээс эл номоос нэгэн хэсгийг эшлэе гэж бодлоо. “Эрдэнийн сан субашид”-аа авчирсан бол эшлэмээр л байна, уг нь.  

“Дурлалт хоёр гурван шөнийн дараа бараагаа харуулав. Тэд мориныхоо ягуухан алхаанд бүүвэйлэгдэн толгодоос зугуухан бууж ирэв. Бөртэ толгойгоо Тэмүүжиний мөрөн дээр тавьжээ. Би тэднийг бусдаас түрүүлж харлаа. Учир нь би ирэх зүгийг нь харуулдаж байсан юм. Яг л урд өдрийнх шиг ээ. Мөн уржигдрынх шиг ээ... Гурван шөнийн нойр дутууг харц нь илчилнэ. Тэд миний хажуугаар ганц үгийн солиогүй өнгөрлөө. Морины уяан дээр сууж байсан улаан хүзүүт шувуу тэдэнтэй мэндлэх мэт жиргэлээ. Шувуудын чичирхийлсэн жиргээ тэнгэрт шингэн одохуй. Тэднийг ингэж хүлээж ядаж байсандаа бага зэрэг санаа зовлоо. Дараа нь харин энэ хүлээлтийн ачаар амьдралын утга учрыг таньснаа ухаарав. Энэ цагаас эхлэн өөрийн Бөртэг олох цаг иржээ хэмээн бодогдох болсон юм”.

Иймэрхүү нандин хэсгүүд их бий. Энэ хэсгийг уншчихаад “Монголын нууц товчоо”-нд яг энэ мөчийг бичсэн эсэхийг шалгасан. Нэгхэн өгүүлбэрээр бичсэн байдаг билээ. Нэг уурхайг л уудлаад хэчнээн ч ном бүтээл “төрүүлж” болж байна. Яах аргагүй дэлхийн уран зохиолыг хөглөж байдаг, зохиолчдыг хөглөж байдаг нэг уурхай нь “Монголын нууц товчоо”. “Монголын нууц товчоо”-ноос урган бичигдсэн номуудыг уншихад үнэхээрийн гоё.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Зохиолч Ч.Галсан гуайг уримаар байна. Түүний бичсэн зохиол бүтээлийг Европчууд их шүтдэг. Өөрийн ном бүтээлийг Герман хэлнээ бичиж, хэвлүүлж, гадаадад олон сая уншигчтай болж, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү. Энэ бол маш их хөдөлмөр. Тиймдээ ч Ч.Галсан хэмээх энэ эрхмийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд чухам ямар ном ном бүтээл, юу нөлөөлсөн бол гэдэг сонирхолтой  санагдаж байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Дулмаагийн Нандинцэцэг

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-16 11:07

Мундаг эмэгтэй шүү

Жирийн нэгэн.
Жирийн нэгэн.
2021-10-18 07:25

Оюунгэрэл ямар сайхан амар амг�##�ан , дүүрэн дэлгэр харагдаж байнаа. Үнэхээр аз жарг�##�тай байна. Амжилт хүсье.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-05-21 22:32

Ажилд тань амжилт хүсье! Мундаг эмэгтэй гэж хэлнэ. Иргэдээ
Ном уншицгаа Хүүхдүүддээ ном уншиж өгч байцгаа. "Ном-Ертөнцийг
харах цонх" гэж үнэн шүү!

Холбоотой мэдээ

Back to top button