НийгмийнЭнтертайнмент

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 06 | Токио дахь “ОНЦГОЙ” хүүхдүүдийн багш Э.Лхамзаяа

Токиотой ойролцоох жижиг суурингаасаа цаг илүүтэй яваад хүрэх олны хөл бужигнасан их хот руу галт тэргээр довтолгож явна. Намрын эхэн сар айлчилсан ч өнөөдөр Токиод өвөл шиг хүйтэн байна гэж өглөөний мэдээгээр ярьж байсан нь санагдав. Нээрэн л бороо өдөржин зогсолтгүй, нэгэн хэмээр цутгаж, чийг даасан хувцастай хамаг бие жихүүцэж байх шиг болно. Токиогийн төв рүү ойртох тусам галт тэрэг газар доош шургаж, харанхуй тунелээр түчигнэнэ.

Галт тэргэн дэх олон хүн бие бие рүүгээ эгцэлж харахыг цээрлэн, харцаа хэн нэгэн дээр тусгачихгүй байх гэж тэд “эзэнгүй” орон зай хайна. Биеэрээ багталцаж ядахаас гадна харцаараа хүртэл багталцаж ядах шиг хачин мэдрэмж төрж инээд хүрэхдээ мушилзаж орхив. Тэгснээ хэн нэгэн намайг харж байх вий гээд эргэн тойрноо ажвал ер харсан хүн алга, хүмүүс ихэнх нь утсаа оролдож, зарим нь ном дэлгэсэн байв. Японд нийтийн тээвэрт утсаар ярих нь бүү хэл, утасны дуудлагаа ч үргэлж “чимээгүй” төлөвт байлгадаг тул орчны чимээнээс өөр хүний чимээ үгүй, нам гүм.

“Түгтүн-түгтүн-түгтүн” гэж галт тэрэг л чанга дуугаар сүр бадруулна. Миний утсанд л гэнэтхэн дохио ирсэн нь удахгүй уулзах зочноос ирсэн захиа байлаа. Нээн үзвэл, 2000 оны эхэн үе бололтой, МҮОНТВ-ийн “600 студи”-д үсээ хоёр боосон жаахан охин “Ээж минь та алсын замдаа сүүнийхээ дээжийн цацлаа өргөөч. Бүүвэйлээч, бүүвэйлээч, бүүвэйлээч” гээд хэвлүүхэн дуулж байгаа бичлэг байв.

Ард нь поп дива Б.Сарантуяа, Цоглог хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч бүгд л цэл залуухнаараа, тэрхэн агшинд цаг хугацааны эргүүлэгт орчих шиг ойрмогхон огт сөхөөгүй дурсамжууд руугаа гулсан оров, тэгснээ дараагийн буудал зарлах дуунаар эргээд газар доогуур хурдлах галт тэрэгний түчигнэсэн их чимээндээ эргэн ирэх нь тэр. Энэ цагаан даашинз, цагаан трикотой бяцхан охин бол одоо Токио хотын Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвийн багш болсон, миний тун удахгүй уулзахаар яарч буй Э.Лхамзаяа юм. Үгүй ерөө, сонин юм шүү, хувь тавилан гэдэг хүнийг тэндээс энэ хүртэл хөтөлсөн гэхээр...  

Түүний илгээсэн бичлэгнээс зураг болгон оруулав

Э.Лхамзаяа Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд 0-18 насны оноштой( аутизм, суралцахуйн бэрхшээл, АDHD болон саажилт, хавсарсан оноштой гэх мэт) болон оношгүй хүүхдүүдэд хөдөлгөөн дээр суурилж, тэднийг хөгжүүлэх төвд гурван жил багшилж, одоо Токио хотын ABA төвд “Зан авир засалч”-аар багшилж байна. 2022 оны дөрөвдүгээр сараас “Хэл яриа, Сонсголын согог зүйч” (Speech Language Pathologist) болохоор Токиогийн АУ-ны сургуульд тэнцэж, суралцах бэлтгэлээ хийж буй юм. 

ДУРСАМЖ #1 АНХ ТЭДЭНТЭЙ УУЛЗСАН НЬ... 

2017 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. Анх удаа ажлынхаа хаалгыг татлаа. Хүүхдүүд энгийнээрээ л бужигналдаж байна. Тоглоомын жижиг өрөөнд  галт тэрэг, эвлүүлдэг  тоглоом, хүүхэлдэй зэргээр гурав дөрвөн хүүхэд тус тусдаа тоглоод сууж байгаа харагдав. Тэд ямар их анхааралтай, нухацтайгаар тоглож, тоглоомдоо дурлаж байна вэ... 

...өөр нэг хичээлийн өрөө рүү шагайвал ганцаарчилсан хичээл орж байв. Тэр өрөөнд би ороод хажууханд нь суугаад ажиглах ажил хийв. Тэр хүүхэд аутизмын хүнд хэлбэртэй бөгөөд ярьж чаддаггүй, зөвхөн авианууд гаргадаг. Гадна төрх нь царайлаг, өндөр хамартай, шаргал бордуу үстэй. Гадаад гэмээр. Тэгсэн Япон бас Франц гэр бүлээс гаралтай болж таарав. Хүү гэнэт уйлна. Гэнэт анхаарал нь сарних, 00 орох, хуруугаа нүднийхээ урд байнга хөдөлгөх, гэнэт баярлаж гүйх, хана цохих, уйлах зэргийг хэдхэн секундын дотор хийхийг нь би нэг дор харсан. 

Энэ миний хамгийн анх харсан аутизм болон Анхаарал Хэт Хөдөлгөөнтөх эмгэгтэй хавсарсан оноштой хүүхэд байв.

Хүүхдүүд тоглож буй өрөөгөөр нь шагайхад энгийн л тоглож суух шиг харагдсан боловч хажууд нь жаахан сууж ажвал гэнэт л уурлаж, хашгирч, толгойгоо хана руу цохиж, юм авч шидэж, хуруу хумсаа идэж, хүрч ирээд маажиж, цохиж, өшиглөж, өөрийгөө чимхэж, хазаж, цохиж эхэлж байв. Энэ бүхнийг хараад би “За Лхамаа чи үнэхээр “халуун тогоо”-нд иржээ” гэж өөртөө хэлсэн юм.  Гэхдээ энэ нь тэднээс айсан, цочсон, өрөвдсөн гэсэн үг биш. Харин маш их хайр, итгэл үнэмшил төрж, илүү зоригтойгоор тэдний төлөө урагшлах, тэднийг таних тэмүүлэлд хөтлөгдсөн юм.  

АНХ БИД УУЛЗСАН НЬ 

Галт тэрэг явсаар Токиогийн төв өртөөнөөс хоёр буудал өнгөрөөд Кавасаки дээр зогсов. Бид энд болзсон байлаа. Цаг өдрийн 11:00 цагийг заана. Өдөртөө 220 гаруй мянган хүн үдэлж буцдаг, 150 жилийн түүхтэй энэ нүсэр том өртөөний нэг буйдхан булангийн кафед зочин минь намайг хүлээж байв. Цаашаагаа Кавасакигийн гол гудамж харагддаг цэлгэр цонхны дэргэд тэр бүсгүй намайг хүлээнгээ ярих ёстой зүйлсийн жагсаалтаа өхөөрдөм зургуудтай, өнгө өнгийн жижигхэн цааснууд дээр тэмдэглэн суусан нь одоо ч нүдэнд харагдана. Тэгээд бид урд урдаасаа хараад инээмсэглэлээ. Уулзахаар ярилцсан ч хойшлуулсаар, зургаан сарын дараа анх удаа бие биенээ харж буй нь энэ юм.  

Бид хоёр...
Анх түүнийг харсан дүр төрх

СЭТГҮҮЛЧЭЭРЭЭ АДИЛХАН ЮМ, БИД  

Сэтгүүлч: Хоёулаа Монголд мөр зэрэгцэн ажиллаж явсан юм билээ шүү дээ. Би medee.mn сайтад, чи ikon.mn сайтад... 2016 оны үе гэхээр хоёулаа л ид гялалзаж байсан сайтууд шүү.. 

Лхамаа: Тийм шүү, тэсрэлттэй үед нь ажиллаж, тэр хамт олноос ихийг сураад гарсандаа үргэлж талархдаг.  

Сэтгүүлч: Уг нь тун боловсролтой сэтгүүлч манайд нэгээр нэмэгдэх байж дээ, жаахан харамлангуй л байна. Токиод сургуулиа төгссөн байхаа?  

Лхамаа: Тийм. Шинэ Монгол ахлах сургуулиа төгсөөд тэндээсээ Токиогийн “J.F.Oberlin (桜美林大学, Ōbirin daigaku)” их сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр шалгалт өгч тэнцсэн. Энэ сургуульдаа дөрвөн жил тэтгэлэгтэйгээр суралцаад, сэтгүүлч, харилцаа гэсэн мэргэжлээр тэр жилийн есдүгээр сарын 03-нд төгсөлтийн баяртаа орж байсан минь саяхан шиг л санагдчихлаа. Тэгснээ 05-нд нь буюу нөгөөдөр нь буцаад л шууд Монгол руугаа нисчихсэн. Их л зоригтой алхамууд хийдэг байж шүү, би. Японоос Монголд очихдоо бүх юмаа жин тан болгочихсон. Хүний нутагт байхдаа www.ikon.mn сайтыг их уншихын зэрэгцээ эрхлэгч Ч.Болортуяаг нь сэтгүүлчийнх нь хувьд үнэлж, хүндэлдэг болохоор тэнд ажиллах хүсэлтээ өгч, ярилцлаганд орж байсан. Ингэж л тэнцэж орсон. Ажиллах үед алдаа оноо тохиох ч сайн хамт олны ачаар тун хурдан дадсан шүү. 

Сэтгүүлч: Үгүй тэгээд ер нь чухам яг юу таныг энэ хүүхдүүд рүү, Япон орон руу буцаад хөтөлчихөв өө?  

Лхамаа: Японд сургуулиа төгсөхийн үед би Токио дахь Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд цагийн ажилтнаар ажиллах шалгалт өгөөд тэнцсэн байлаа. Гэхдээ хамт ажиллах хүмүүсээ ажвал бүгд мэргэжлийн, дуучин, жүжигчин эсвэл тусгай хэрэгцээт боловсролын багшаар мэргэшсэн байхын зэрэгцээ хамгийн гол нь тэд бүгд Япон хүмүүс байв. Гэтэл би... мэргэжлийн биш, бас гадаад, ажлын туршлагагүй, аутизмтай болон даунтай хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй. Туршлагагүй. Ингэж бодоод өөрийгөө их чамласан. “Чадахгүй байх даа” нэг алхам хойш ухарсан. Нэг үгээр хэлэхэд би бэлэн биш байсан.

Харин Монголд ирээд сэтгүүлчээрээ ажиллаж байхдаа би нэг найзтайгаа таарлаа. Таарлаа ч гэждээ, түүний гэрт очлоо.  

ДУРСАМЖ #2  ОЧИХ ГАЗАРТАЙ БОЛГОМООР БАЙНА 

Монголд очих үеэр арван жилээсээ нөхөрлөсөн найз маань ч Японоос ирчихсэн байж таарлаа. Японы сүмогийн ертөнцөд өндөр амжилт үзүүлж, үзэгчдээс өндөр хүлээлттэй байсан залуу. Гэнэт л гэмтэл аваад Монгол буцчихсан. Монгол дахь гэр нь манайхтай ойр болохоор хааяахан гэрээр нь ороод гарна. “Од” шиг гялалзаж явсан тэр найз минь гэмтлийн улмаас бие махбодийн хувьд бусдаас хамааралтай нэгэн болж, ээжийнхээ байнгын асаргаанд орчихсон байх нь тэр. Гэнэт таталт өгөхөөс гадна, ярьж чадахаа ч больчихсон байв. Алдартай, нэр хүндтэй явж байсан тэр сайхан залуу гэнэт ингэж өвдөнө гэдэг харуусалтайяа, найзууд нь ховордож, өрөөнөөсөө ч гарахаа больжээ. Би гэрээр нь ороод гарахдаа юм ярьж, дуу дуулж өгнө. Сүмо байсан гэхээр тэр том биетэй хүүгээ дагуулаад ээж нь гадуур явах тун бэрхтэй, асарч тойглоод л уулгаж идүүлээд явахад хүмүүсийн харах нүд, шивэр авир яриа нь ч сэтгэлийн дарамт болно. Ийм хүнд яваад очих төв байхгүй, асраад өгөх газар байхгүй, ээжийнх нь нурууг тэнийлгэж амраах үйлчилгээ үгүй, нийгэм нь өөрөө “шивир авир” хийгчидтэй.  

Энэ бүхэн ихийг бодуулсан. Монголд ийм хүүхдүүд ер нь хаа явна вэ, гэрээсээ гардаг уу, бид нартай яагаад гудманд тэр бүр таардаггүй юм бэ, жилд нэг удаа болдог өдөрлөгүүдээр л гэрээсээ гараад бусад өдөр нь яадаг вэ. Уйлж хашгирч, авир, дуу гаргаж байгаа хүүхдүүдийг бид олон нийтийн газар төдийлөн хардаггүй. Яагаад гэвэл тэд нийгмийн байдлаас болж гэртээ, нэг өрөөнд л байдаг. Иймээс миний ажиллахыг хүсээд байгаа Токио дахь төв манай Монголд яг хэрэгтэй юм байна, түүнийг бий болгохын тулд би л суралцах ёстой юм байна, бүгдийг анхнаас нь суралцана, тэр төвийг Монголдоо байгуулна гэж өөртөө амлалаа. Амлалаа ч гэждээ мөрөөдлөө. Мөрөөдлийнхөө төлөө одоо байгаа ажлаа, карьер, ирээдүйгээ орхиод шинээр эхлэхээр шийдлээ. 

БАГШ БОЛМООР БАЙНА 

Би дөрвөн настайгаасаа эхлээд л Монголын хүүхдийн ордоны С.Ганчимэг багшийн дуулаачийн дугуйлан, Үндэсний телевизийн Хүүхдийн редакцийн дэргэдэх Цоглог студид найруулагч Н.Нармандах багшийн дугуйланд явж эхэлсэн юм. Тийм жаахан амьтан амны дасгал хийж, этюд үзүүлээд л, олны өмнө гараад эхэлчихсэн болохоор их нээлттэй болсон байх. Ээж минь ч яасан уйгагүй байгаа вэ, манай гэрийнхэн ч их дэмжсэн учраас намайг Хүүхдийн ордны ятга, төгөлдөр хуур, бүжиг, Япон хэлний дугуйлан гээд л бүх л дугуйлангуудад зөөдөг байж. Энэ хугацаанд Охид нэртэй хамтлагийн ахлагч болоод л, Ариунаа Сараа эгч нарын тоглолтонд оролцоод л, шинэ жил цагаан сар бүрээр л зурагтаар гарч байдаг байв. Арай том болоод “Дүүжин даажин” гэж нэвтрүүлэг хөтлөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг хоёр хувааж уралдуулаад, өөрөө шүүчихнэ. Бөхийн өргөөнд болсон тоглолтод “Охид” хамтлагаараа очиж, маш олон хүний өмнө гараад огт сандарч түгдэлгүй дуулж байсан минь мартагддаггүй. Тэгэхэд л “Би яг байх ёстой газраа байна” гэж мэдэрсэн. Учир нь хүүхдүүд инээж байна, хөгжилтэй мишээж байна, би бас жаргалтай байна шүү дээ. 

Хүмүүсийг л баяр жаргалтай байлгах дуртай байсан бололтой. 2004 онд жаахан охин байхдаа “Симба” сонинд ярилцлага өгөх боломж тохиож “Анхны тоглолтын орлогоо хандивын аянд зориулна” гэж ярьсан байсан. Их мөнгө төгрөг үгүй ч чадаж байгаа зүйлээрээ бусдад туслахыг хүсдэг тэр сэтгэл минь жаахан байхад л надад суужээ.  

Дөрөвтэйгөөсөө хойш л Найрамдал зуслангийн олон улсын хүүхдүүд амардаг ээлжээр эх орноо төлөөлөн дуулж хуурдахаар байнга очиж амарна. Тэгэх бүртээ өөрийнхөө мэдрээд байгаа тэр жаргалтай баяртай мэдрэмжийг яаж олон хүүхдүүдэд мэдрүүлэх вэ гэж их бодно. Тэгснээ “Хүүе хэрвээ би багш болвол илүү олон хүүхдэд энэ мэдрэмжийг мэдрүүлж чадах нь ээ” гэж бодов. Тэгээд л 2011 онд Найрамдал төвийн багшийн сонгон шалгаруулалтад оролцож,  аз болж би тэнцлээ. Хүүхэдтэй ажиллах туршлага минь ийн бага багаар хуримтлагдсаар байсныг би анзаарсангүй. Бас хувь тавилан намайг хайш хөтлөөд байгааг ч гадарлаагүй юм. Найрамдалд нэг жил багшлах хугацаандаа үнэхээр аз жаргалтай байсан ч ахин Япон явж өөрийгөө сорих боломж тохиолоо. Хүүхдүүдэд аз жаргал мэдрүүлэхсэн гэсэн хүсэл минь энд ирээд дуусчих шиг санагдсан ч яг л тэр мөчид би “Би багш болж чаддаггүй юм гэхэд заавал сан байгуулж, хүүхдүүдэд тусалдаг болно” гэж багшдаа амалсан билээ.  

Зураг 1: Япон улс Хёого муж. 11 настай Лхамзаяа өөртэйгөө чацуу хүүтэй хамт Японд суралцахаар ирж байлаа. Хоёр жаахан хүүхэд гаалиар гарах гэхэд нь харгалзахгүй хүнгүй тул гаргахгүй гэж, ээж аав нар нь “Энэ хүүхдүүдэд юу ч тохиолдсон бид хариуцлагаа өөрсдөө хүлээнэ” гэж ам өчиг өгч гаргаж байв.  

Зураг 2: Япон улс Хирошима хот, Санёо ахлах сургуульд “Азийн цэцэгс” сангийн тэтгэлэгт тэнцэн суралцахаар явав. Уг тэтгэлэгээр жил бүр нэг охиныг үнэгүй суралцуулдаг байсан бөгөөд Лхамзаяа уг тэтгэлэгийг хүртсэн хамгийн сүүлийн охин болж, суралцангаа Монгол орноо сурталчлах бүх л арга хэмжээнд оролцож байв.

СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖЛЭЭ ОРХИХГҮЙ 

“Энэ бүх дурсамжууд нь түүнийг Япон улс руу, энэ мэргэжил, энэ ажил руу хөтөлсөн байх нь ээ...”  

Монголд ээлтэй бизнесмэн Таками Үичисан Япондоо тунчиг нэртэй улстөрч байсан нэгэн. Хорь гаруй жил Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж, Япондоо ч онцгой хүүхдүүдэд зориулсан төвөөс эхлээд хэд хэдэн нийгмийн болон бизнесийн ажлуудаа удирдана. Лхамааг Шинэ Монгол сургуульд байхаас нь л хүүхдүүдтэй ажиллах чин хүсэлтэйг нь Таками Үичисан мэддэг болохоор тэр орой мөрөөдлийг нь биелүүлэх санал тавив. “Хэрэв мөрөөдөл чинь хэвээрээ байгаа бол манай төвийн хаалга чиний өмнө нээлттэй шүү, хэзээ ч хамаагүй хүрээд ир” гэсэн хэдхэн өгүүлбэр сэтгүүлчээрээ төгсөж ирээд, ид ажиллаж байсан Лхамаагийн сэтгэлийг үймрүүлчихэв. “Бага насны минь мөрөөдлийг энэ эрхэм санаж байхад би өөрөө яасан билээ” гэж Лхамаа бодлоо. Дэвтэр гаргаад бичиж эхлэв. “Сэтгүүлч мэргэжилдээ би хэдэн хувь хайртай юм, хүүхдүүдтэй ажиллаж багшлахад би хэдэн хувь хайртай юм. Аль нь намайг яг өөрөөр нь байлгаж чадах вэ, аль ажлыг нь би насан туршдаа хийж чадах юм бэ” гэж тэр өөрөөсөө асуув. Уртаас урт жагсаалт гаргажээ. Ахиад сар гаруй хугацаанд ганцаараа бодож, шаналав. Тэгээд эцэст нь шийдвэрээ гаргалаа. Тэр явахаар шийджээ. 

Гэвч, явах ажил санаснаар болсонгүй. Виза хүлээсэн чилийсэн урт долоон сарын ард гарав. Хүлээх гэдэг амаргүй ээ. Бага наснаасаа олны анхааралд байсан, Японд сургууль төгсөж ирсэн учраас Лхамаагийн эргэн тойрныхон түүнээс хүлээх хүлээлт өндөр. Өнөө гадаадад том сургууль төгсөж ирсэн охин чинь гэнэт л ажлаасаа гарч, ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжсэн нь хүмүүсийг гайхшруулав. “Чи яагаад ийм сайхан ажлаа хаяад, ингээд байгаа юм бэ”, “Чи яагаад аутизмтай, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллахын тулд энэ сайхан ирээдүйгээ орхих гээд байгаа юм”, “Чи чадах юм уу”, “Чи илүү их карьерт хүрч чадна, энэ мэргэжлээ үргэлжлүүлээч” гэсэн хүмүүсийн ятгалага, зарим нэгний өрөвдсөн харц, огт танихгүй хүмүүсийн сониучирхсан харцан дундуур долоон сарыг туучив.  

Нөгөө талаас Япон улс Лхамаагийн визаг гаргаж өгсөнгүй, хүлээлгэсээр. “Яагаад ийм мэргэжлийн бус хүнийг, яагаад заавал Монголоос гэж” гэсэн асуулт албаны хүмүүсийн гайхшралыг барж байв. Аргагүй шүү дээ, энэ чиглэлд мэргэшсэн мэргэжлийн өндөр зэрэглэлтэй хүмүүс Япон улсад их байдаг атал яагаад, яагаад... гэнэ. Энэ асуултын хариултыг тэд шаардсаар л байв.  

Тэдний асуултын хариулт уг нь их энгийн. Энэ бол Лхамзаяагийн мөрөөдлийн эхлэл байлаа.  

ӨНӨӨДӨР ХАЗУУЛСАН Ч ГЭСЭН УЙЛАХГҮЙ ШҮҮ 

Төв дээрээ авахуулсан зураг

Лхамаатай хамтдаа ажилд орсон Япон хүмүүс эхнээсээ шантарч эхлэв. Тэд нэг нэгээрээ ажлаасаа гарсаар л байлаа. Багш нар өглөөний 09 цагаас 20 цаг хүртэл, заримдаа 22 цаг хүртэл 15-20 хүүхэдтэй ээлж дарааллан ажиллана. Хүүхдүүд багш нарыгаа цохино, хазна, өшиглөнө, маажина. Зарим өдөр багш нар ариун цэврийн өрөө рүү ороод амьсгаа авч, тайвширч байгаад гарч ирнэ. Дээр нь төвийн дарга чангаас чанга, хатуугаас хатуу хүн болохоор шаардлага өндөр. Лхамаа багш бусад багш нартай харьцуулахад мэргэжлийн биш учраас бүхнийг эхнээс нь сурч байгаа, бас ажлынхаа хажуугаар Сургуулийн өмнөх боловсролын багш болохоор давхар суралцана. Есөн төрлийн академик хичээлд сууж, түүнд тэнцэж байж төгөлдөр хуур, үлгэр унших гэх зэрэг ур чадварын шалгалт өгч байж багшийн эрх авах бөгөөд энэ шалгалтад тэнцэх нь өөрөө шаггүй даваа. Японд жилдээ 60-70 мянган хүн Засгийн газрын улсын шалтгалт өгдөгөөс ердөө 18 хувь л тэнцдэг аж. Тэнцээгүй бол багш болж чадахгүй.

Дээрх есөн төрлийн бичгийн шалгалтад,  

  1. Хүүхдийн сэтгэл зүй 
  2. Гэр бүл, хүүхдийн нийгмийн халамж 
  3. Хоол хүнс, тэжээл 
  4. Сургуулийн өмнөх боловсролын систем, хичээлүүд 
  5. Боловсролын түүх,  
  6. Цэцэрлэг сургуулийн түүх, систем 
  7. Нийгмийн халамж 
  8. Хүүхдийн эрүүл мэнд 
  9. Хүүхдийн хүмүүжил орно. Эдгээр нь тус бүрийн хуультай бөгөөд хуулиа бүгдийг нь уншсан байх, түүнчлэн дэлхийн улс орны хууль, санамж бичиг гэх мэтийг басхүү мэдэх ёстой байдаг. 

...өнөө өглөө ч бас Лхамаа ажлынхаа хаалыг татахаасаа өмнө “Өнөөдөр надад хэцүү хүүхэд таарсан ч, манай хүүхэд намайг хазсан ч, уйлмаар байсан ч шантрахгүй шүү, Монголдоо заавал энэ төвийг аваачна” гэж өнөөх л янзаараа өөртөө хэллээ. Өглөөний 09 цагт, нэг минут ч хоцролгүй хурал эхлэв. Багш нар өнөөдөр ямар хүүхдүүд ирэх, хэн багш хэнийг хариуцаж авах, хэнийг гадаа тоглуулах бол хэнд ганцаарчилсан хичээл орж, хэн хэнийг хамтад нь тоглуулах тухай төлөвлөгөөг нарийвчлан тодруулж эхэллээ. Хэдийнээ бэлэн болчихсон мэдээллээ өглөөний хурлаар дахин ярилцаж буй нь энэ юм. Үүний дараа багш нар өөрсдийн хариуцаж авах хүүхэдтэйгээ ямар хөдөлгөөн, хичээл, дүрэм ойлгуулах, зорилгоо тавиад ганцаарчилсан, дэлгэрэнгүй төлөвлөгөөг гарган тус тусдаа сууцгаалаа. “Эхлээд ирэх хүүхэдтэйгээ бөмбөгөөр тоглоё, дараа нь үсрэх гэж хичээцгээе. Дараа нь ирэх хүүхдийг хажуу өрөөний хүүхэдтэй хамт хичээл орьё, гарынх нь нарийн булчинг хөгжүүлэх гэж зураг зуръя. Гурав дахь хүүхэдтэйгээ хамт гадаа гарч гүйе, дугуй унахад туслах дасгал хийгээд дараа нь хамт унацгаая гэж хичээцгээе” гэх зэргээр тэд дэвтэртээ нарийвчлан төлөвлөгөө гаргаж байв. Төлөвлөгөө бүр хүүхдийн онош, хүнд хөнгөнөөс хамааран өөр байна.  

Харин өнөөдөр тэд бүгдээрээ нэгдэн, удаан бэлдсэн “Макдоналдс ажиллагаа”-ндаа оролцоно.  

МАКДОНАЛДС АЖИЛЛАГАА 

Түргэн хоолны сүлжээ Макдоналдсыг төвийнхөө нэг өрөөнд яг тэр янзаар нь засаж бэлджээ. Тэдний өөрсдийн гараар бэлдсэн хоолыг эцэг эхчүүд нь худалдан авч, идэхээр ирсэн байв. Бүгд их догдолжээ. Аутизмын хүнд, хөнгөн хэлбэртэй бас даунтай хүүхдүүд энэ салбарыг ажиллуулна. Хүүхэд бүрийн онцлогт таарсан ажлыг хуваарилж, зурган дараалал зэргийг наан бэлдсэн байв. Нэгдүгээр дамжлага. Хикари хүү яг эндээс тэр хүртэл доор нь наасан улаан скочны дагуу алхаж дараагийн хүүхдэд энэ талхыг өгнө. Энэ хүүхэд талхан дээр нэг ширхэг навч тавиад гурав дахь хүүхдэд мөн л скочны дагуу алхаад хүргэж өглөө. Хоёрдугаар эгнээнд зогсож байгаа Широ охин зууханд шарагдсан махыг аваад тавган дээр тавина. Харин Мидорикүн тэр тавгийг аваад дараагийн хүүхдэд зураасны дагуу алхан хүргэж өгнө. Хүүхэд бүр хөдөлмөрлөж, өөрт оногдсон ажлуудаа хийснээр бургер, шарсан төмс, ундаа үйлчлүүлэгчийн гарт ирлээ. Ээж аав нь худалдан авахаар хуурамч цаасан мөнгө өгч, хүүхдүүд ээлж ээлжээр тооцоо хийж, хийсэн хоолоо ээж аавтаа өгдөг. Аав ээжтэйгээ ч юм ярьдаггүй, зарим нь гэртээ орилж, уйлж хашгирсаар, гэрийнхэнтэйгээ огт ойлголцдоггүй тийм л жаалууд нэгдэж, ажиллаж, бүтээсэн бургер тэдний өмнө ирлээ. Аав ээжүүд гайхсан, бахархсан, бахадсан, баярын нулимстай, баярласан харагдана. Хүүхдүүд Макдоналдсынхаа ажилтны хувцасыг тайлаад аав ээжтэйгээ хамт өөрсдийн гараар хийсэн бургерээ идэхээр сууцгаалаа. Энэ гайхалтай хормын төлөө энэ төвийн багш нар хөдөлмөрлөдөг ажээ.  

БАЯРТАЙ, ГОЁ БАЙСАН ШҮҮ БАГШАА 

Төвийн ханан дээрх зураг

Төвийн ханан дээр багш нарын танилцуулгууд эгнэн харагдах бөгөөд дунд нь Монгол гэрийн зурагтай, “Монгол хүн” гэсэн бичигтэй Саяа багшийн зураг харагдана. Саяа гэдэг нь Лхамзаяагийн Заяа юм. Японд “л, у, ө” гэх мэт үсгүүд байхгүйгээс бид нэрээ тэдэнд илүү хялбар болгон өөрчлөх хэрэг гардаг нь тун хөгжилтэй. Үгүй бол нэрээр минь дуудах гэж тэд хорвоо дэлхий дээр огт байхгүй тийм аялага гаргах нь инээдтэй. Гэрэлмаа гэдэг нэр минь энд Гэрэрүма болж өөрчлөгдөхийг хараад хэсэгтээ л итгэхгүй явсан сан.    

…Лхамаа хэдийгээр мэргэжлийн биш ч хэсэг хугацааны дараа төвийнхөө хамгийн  итгэлт багш болж чадсан байлаа. Мөнөөх чанга хатуу дарга чухал ажлуудаа Лхамаад л хариуцуулан даатгана. Гадаад хүн л болсон хойно ойлгохгүй, мэдэхгүй зүйлс их гарах ч Монгол хүний шазруун зангаар ханцуй шамлан дайрна. Гэвч ахиад л асуудлууд үүснэ. “Ийм үед л хамгийн их шантарсан” гэж Лхамаа хэлэв. Чадахгүй байгаа өөрөө өөртөө гутарч, шантрах гээд байгаадаа шантарсан гэв. Шантрах гээд байгаадаа шантарсан... гэж яасан дэврүүн, яасан шазруун үг вэ гэж би дотроо бодов.  

Ер нь хоёр л удаа ихэд шантарсан гэв. Нэг нь энэ. Нөгөө нь тэр.  

Тэр гэдэг нь их хүнд хэлбэрийн аутизмтай хүүхэд авчихсан, анх удаа тэр хүүхэдтэйгээ уулзсан өдөр юм. Өөрийгөө мааждаг, өөрийгөө гэмтээдэг, багшийгаа алгаддаг, гэмтээдэг бүх л хэцүү зан авирын асуудал тэр хүүхдэд байлаа. Мөн хэлд ороогүй. Дөрөв, таван настай л хүүхэд гэмээр харагдана. Лхамаа хүүхэдтэйгээ уулзсан даруйдаа л газар сууж, хоёр гараас нь бариад “Сайн уу, өнөөдөр би чамтай хамт тоглоно, чамайг хэн гэдэг вэ” гээд инээмсэглэв. Мэдээж тэр хариулсангүй. Энэ нь өдөр бүр тохиолдох энгийн л зүйлс учраас Лхамаа огт шантралгүй босоод өглөө төлөвлөсөнийхөө дагуу бөмбөгөөр тоглох гэж, хамт үсрэх гэж, гадаа тоглох гэж оролдсон ч тэр хөдөлсөнгүй. Уйлж орилсоор л байв. “Гэхдээ хэзээ ч түүнийг тоглуулах гэж, яриулах гэж хүчилж болохгүй” гэж Лхамаа багш хэллээ. Түүнийг хүчлэхийн оронд харин ганцаараа урд нь дуулж, бүжиглэж, тоглож  эхлэв. “Хоёулаа үсрэх үү, за чи хүлээж байгаарай, би эхлээд үсэрлээ шүү, чи үсэрмээргүй байна уу, зүгээр зүгээр би үсэрч байя” гэнэ. Нөгөө хүүхэд хараад л зогсож л байв. “Энэ багш намайг хүчлэхгүй юм байна, энэ багш надад хүчээр юм заахгүй юм байна, энэ багш намайг инээлгэж байна, энэ багш намайг тайван байлгаж байна, гэхдээ надтай хамт хөгжилтэй байгаа учраас итгэж байна” гэж бодсоноор багш, хүүхэд хоёрын хооронд итгэлцэл үүсдэг аж. “Анхны харилцаа үүсгэхэд хүүхдээс юу ч хүлээхгүй, юу ч шаардахгүй байж, оронд нь “Энэ хүүхдийг би танья” гэж харилцаагаа эхлүүлэх хэрэгтэй” гэж Лхамаа нэмж хэллээ.  

Гэхдээ тэр өдөр Лхамаа хийдэг бүх зүйлсээ хийгээд ч тэр хүүхэдтэй ойлголцож чадсангүй. Хүүхэд орилсоор, өөрийгөө гэмтээж, багшийгаа зодсоор, ийш тийш гүйж харайгаад холбоо тогтоохыг хүссэнгүй. Гаднаа тэр үргэлжлүүлэн инээж байсан ч “Яагаад, яагаад, яагаад болохгүй байна аа” гэж дотроо зовнин, шаналж эхлэв. Хамаг хөлс нь чийхарч, бие нь ч тавгүйтээд байх шиг болов. Хичээл дундаа орох үед тэсгэлгүй угаалгын өрөө рүү гүйлээ. Тэндээ хэсэг сууснаа өглөө бүр өөртөө юу гэж хэлж хаалга татдаг тухайгаа санах гэж хичээнэ. Энэ үед гэдсээр нь ахиад нэг хүчтэй хатгаад авах шиг болов. Бие нь өвдөж, хөлс нь чийхарч, хөл дээрээ тогтоход ч хэцүү болоод ирэх нь тэр. Гэсэн ч цагаа дуусгаж энэ хүүхдийн “ард гарна” гээд шүд зуун буцаж гарвал төвийн дарга туслалцаа үзүүлэхээр өрөөнд ирчихсэн байв. Ашгүй тусламж иржээ. Ахиад өрөөний голд байгаа бөмбөгийг аваад Лхамаа тоглож эхлэв, яг энэ үед л гэдсээр нь тийм гэх аргагүй их өвдөж, гэдсээ бариад доош суучих нь тэр. Өдөржин тэссэн Лхамаагийн нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөгнөж, төвд байсан багш нар, захирал нь үймэлдэж орхив. Босох нь бүү хэл тэнийж ч чадахгүй байлаа. Гэхдээ л эмнэлгийн тусламж ирэх хүртэл өнөө жаалын цагийг дуусгаж үдэв. Эвхэрч мушгирсан Лхамаа уйлж улайсан нүдтэй ч инээхчээ аядан гараа даллана. Хичээлийн төгсгөлд зорилго нь биелэсэн учир тэр. Саяхан л багшийгаа үзэн ядаж, түлхэж цохиж, хөөж тууж байсан жаал төвийн үүдэнд “Баяртай, гоё байсан шүү, багшаа” гээд инээмсэглэнэ. Энэ л мэдрэмжийн төлөө Лхамаа багш  нь ажилладаг шүү дээ.  

Тэр өдрөө Лхамаа шууд л эмнэлэгт очиж, оройдоо онош нь тодорхой болж, өглөөдөө хагалгаанд орлоо. Мухар олгой нь үрэвсэж, гэнэт цочрол өгсөн нь энэ байв.  

МЭДРЭГ ЖААЛУУД 

Жилийн дараа гэхэд Лхамаа анх энэ төвд ирэхдээ харсан Франц, Япон гаралтай хүнд хэлбэрийн оноштой мөнөөх хүүгээ хариуцан авлаа. “Энэ хүүхдэд би зааж чаддаг болчихвол боломжийн хэмжээнд очих юм байна” гэж анхны өдөр өөртөө хэлж байсан нь санагдав. Одоогийн Лхамаа хүүхдүүдээ хараад таньдаг ялгадаг, өөртөө илүү итгэлтэй болсон байлаа. Бас ажлын хажуугаар хичээсээр “сургагч багш”-ын эрхтэй болжээ.  

Тэд яагаад дандаа нэг өмдөө л өмсөх гээд байдаг юм, яагаад нүд нь дандаа эрээлжлээд байгаа юм, яагаад дандаа адилхан  хөдөлгөөн хийгээд байгаа юм бол, яагаад ээж аавтайгаа ярилцахгүй байгаа юм бол, яагаад гэнэт л чихээ дарж орилоод, яагаад гэнэт ийш тийш эрээлжилтэл гүйгээд байгаа юм бол.. гэдгийг нь одоо мэддэг боллоо. Мэдэх ч гэж, тэднийг таньж мэдэхийн чухлыг ойлголоо.  

-Лхамаа, таны ажилладаг хүүхдүүд гэхдээ нээрэн яагаад тийм үйлдлүүд хийдэг юм бол? Гэнэт уйлах, гэнэт хашгирах, гэнэт гүйх гээд л... 

-Бидний анзаарч байгаагүй, анзаардаггүй зүйлсийг тэд анзаардаг. Бидний мэдрээгүйг мэдэрч байдаг. Нэг ёсондоо бидний мэдрэхийг хүссэн ч чадахгүй зүйлсийг тэд мэдэрч, харж, амталж байдаг. Тэр нь надад сонирхолтойгоос гадна онцгой санагддаг. Хоёулаа яг одоо энэ кафед явж байгаа хөгжмийг төдийлөн анзааралгүй яриагаа үргэлжлүүлж байна шүү дээ. Харин зарим аутизмтай хүүхдүүдэд тэнд явж байгаа хөгжмийн зөвхөн бөмбөрийн чимээ, энд сонсогдож байгаа агааржуулалтын системийн чимээ, тэнд нэг хүний халбагаа аягандаа харшуулж байгаа чимээ яг л чихэн дээр нь бөмбөр нүдэж байгаа юм шиг сонсогдож байж болно. Тэр нь өөрт нь таагүй, тавгүй байдаг учраас чихээ дарж, чихэвч зүүж болно. Гэтэл үүнийг нь бид бусдыг хүндэлсэнгүй, сонин ааш авир гаргалаа гэж шүүмжилдэг. Үнэндээ тэд бидэнд жижиг сажиг зүйлсийг анзаарах анзааргыг өгдөг. Тиймээс би тэднийг онцгой хүүхдүүд гэж хэлдэг юм. Гэхдээ онцгой гэхээр зарим ээж аавууд бас л дургүйцэх байх, бүх л хүүхдүүд онцгой. Магадгүй тэднийг мэдрэг хүүхдүүд ч гэж хэлж болох юм. 

2025 ОНД МОНГОЛДОО СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ САН 

ТОКИО дахь энэ төвдөө Лхамаа 2021 оны хоёрдугаар сар хүртэл ажиллаа. Гурван жилийг энэ төвийнхөө хүүхдүүдтэй, багш нартай өнгөрүүлж, их зүйлийг өгч тэр хэрээрээ их зүйлийг авчээ. Охин Г.Мишээхнараа энд л ажиллаж байхдаа төрүүлж, бүр хоёр нас хүргээд авлаа. Ирэх оны дөрөвдүгээр сараас Токиогийн Анагаах ухааны их сургуульд “Хэл яриа, Сонсголын согог зүйч” (speech pathologist) мэргэжлээр суралцахаар шалгалт өгч тэнцээд байгаа. Төгсвөл Монголдоо анхны олон төрлөөр мэргэшсэн мэргэжлийн хүн нь болж очино. Дээр нь 2025 онд Монголдоо өөрийн “Мишээх” сургуулиа байгуулахын тулд одооноос хөрөнгө оруулалт хайж, төлөвлөлтөө хийж эхлэх ёстой. “Олон давхар нүсэр байртай сургууль байх алба үгүй, нэг давхар ч гэсэн тэр төвд хүүхдүүд очоод хэл яриа болон хөдөлгөөн засал, ахуй засал, зан авир засал гээд хэрэгэцээт хичээлүүдээ авчихна. Тэр хооронд ээж аав нь сэтгэлзүйчтэй уулзах, сайхан чөлөөт цагаа гоё өнгөрүүлчихнэ. Тэр л төвд бүх үйлчилгээг аваад хамгийн сүүлд нь зайрмагаа бариад ээжтэйгээ хоёулаа манай төвөөс инээгээд гарах л миний хувьд мөрөөдөл” гэж тэр ярив. Тэгснээ Монголд байгуулах сургуулиа төсөөлөх шиг цонх руу харан хэсэг нам гүм болов.   

Бидний баяртай, жаргалтай, нулимстай уртаа гэгч яриан дундуур Лхамаагийн нөхөр Баяраа ирж бидний дэргэд суув. Ярианд огт оролцолгүй чимээгүйхэн сонсож суух түүний захиалсан кофег зөөгч залуу ирж өглөө. “Өөр захиалга бий юу” гэсэн зөөгчийн цовоо цолгиун дуугаар Лхамаа гэнэт бодлоосоо сэрж, “Үгүй ээ, баярлалаа” гэж тун эелдэг, гэхдээ Монголоор хариулчихав. Бид баахан инээлдлээ. Монголоо санаж ээ, бид.  

Лхамаа “Мишээх ээж нэртэй фэйсбүүк хуудас, “Misheeh хамтдаа суралцацгаая” зэрэг хэд хэдэн хичээлийн групп ажиллуулж урт хугацааны онлайн сургалт болон үнэтэй, үнэгүй зөвлөгөөнүүд байнга өгдөг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар зөвлөгөө мэдээлэл авах , хамтарч ажиллах хүсэлтэй бол түүний Misheeh Lkhamaa хаяг руу захидал, хүсэлтээ бичиж болох юм.  

Одоо тэрбээр хоёр настай Г.Мишээхнар охиноо харахын сацуу ажлаа хийж, онлайн сургалт, зөвлөгөөнүүдээ хариуцан ажиллаж байна. “Энэ бүх амаргүй шийдвэрүүдийг гаргахад үргэлж дэмжиж, хайрлаж, туслаж байдаг гэр бүлийнхэн, багш нар, найз нөхөд, хичээл авдаг, надад итгэдэг аав ээжүүддээ үргэлж талархаж явдаг шүү”.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ: Д.ГАНБАЯР

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын өмнөх контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-23 09:09

Хөөрхөн охин минь бу�####�д тус�##�сан тус чинь өөрт чинь бороо шиг ирэх болно оо, баярл�##�аа

зочин
зочин
2021-11-23 09:56

Сайхан сэтгэлтэй, зорилготой бүсгүй байна. Амжилт хүсье. Монголд маань төв нь нээгдчихвэл сайхан даа.

zochin
zochin
2021-11-23 13:56

ymar ich charmaailt be?, mundag bna. Duudee chaaschdiin ich amjilt chusei

jenny
jenny
2021-11-23 16:42

Good luck! You are the best teacher and best mom. Wish you all the best in your life! ????

Ээж
Ээж
2021-11-23 22:14

Ажлын амжилт хүсье, ямар сайхан сэтгэлтэй, буянтай охин бэ..

Aika
Aika
2021-11-24 16:47

Мундаг охин бэ,амжилт хүсье ✨

Чимгээ
Чимгээ
2021-11-30 13:40

Бахархмаар бүсгүйд амжилт хүсье. Ийм төрлийн төв монголд үнэхээр хэрэгтэй байгаа. Энэхүү ярилцлагыг авсан сэтгүүлч мундаг банйа, гэхдээ аавтаа, ажиллаа зэрэг �##�дааг нь анзаарахгүй өнгөрч чадсангүй.

Зочин
Зочин
2022-01-26 22:39

Лхамаадаа баяр хүргэж амжилт хүсьё. 93-р сургуулийн бүтээл шүү чи минь

Цогбадрах
Цогбадрах
2022-01-27 11:07

Сайхан нийтлэл бичсэнд баярл�##�аа. Манай улсад тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд нийт хүүхдийн дунд эзлэх хувь нь бусад улс оронтой харьцуулахад өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асууд�##� болоод байна. Энэ т�##� дээр зөвхөн тэр онцгой хүүхдүүдийн гэр бүл гэхээсээ илүүгээр нийгмээрээ, ард иргэд бүгд сэтгэл гарган хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Хулан
Хулан
2022-07-03 21:04

Лхамаа, мундаг байна аа. Харин яг бодит байдлыг бас сайн үнэлж дүгнээрэй. Манай өөрсдийн боловсролын тогтолцооноос болдог уу, томчууд өөрсдөө их хатуу хахир аргаар сурснаас уу, эцэг эхчүүд энэхүү Японы болон барууны хандлагыг сайнаар үздэггүй ажиглагдсан. Маш хурдан үр дүн хүсдэг, дээр нь өөрсдөө нэрийн да�##�гавраа сайн хийгээгүй байж их том өөрчлөлтийг хүсээд байдаг ажиглагддаг шүү. Гэхдээ болно оо болно. Амжилтж????

Х.Рэнцэнханд
Х.Рэнцэнханд
2022-09-17 08:06

Шавийнхаа хийж буй, сэдэж хэрэгжүүлэх ажилд амжилт хүсте! Чи чадна. Мундаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button