Багачуудын шинэ жилийн бэлгэнд хийжүүлсэн ундаа, чипс хийхээс татгалзъя

Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Айл өрх, албан байгууллагууд шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэж, бүсгүйчүүд гоёлын даашинзныхаа эрэлд гарав.
Үүнийг дагаад багачуудаа баярлуулах шинэ жилийн бэлэгний асуудал сөхөгдөнө. Жил бүр л сөхөгддөг. Амттан, шимттэний цуглуулга болсон бэлэгнээс татгалзъя гэдэг уриалгыг жил бүр л дэвшүүлдэг.
Сахарын агууламж ихтэй, хүүхдийн шүдэнд халтай гэх мэтээр амттаны цуглуулгыг шинэ жилийн бэлэг болгох нь тохиромжгүй гэдэг соёл, ойлголт олон нийтийн дунд түгээд удаж буй. Оронд нь оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом, хэрэгцээтэй эдлэл хэрэглэл зэрэг бэлэглэвэл өгөөжтэй гэцгээдэг.
Гэвч амттаны цуглуулга бэлэглэхээ болино гэдэг боломжгүйтэй ижил. Жил бүрийн л шинэ жилээр хамгийн түгээмэл сонгогддог бэлэг нь энэ. Гэвч, тэр дундаа ядаж хийжүүлсэн ундаа, чипсгүй бэлэг сонгоё гэж дахин уриалах нь зүйтэй гэж эцэг эхчүүд, эмч нар хэлж байна.
Хийжүүлсэн ундаа, чипс хэдийгээр амттай ч хүүхдүүдийн эрүүл мэндэд халтай гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Тиймд хайртай багачууддаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бэлэг бэлэглэхээс аль болох татгалзахыг эрмэлзэх нь зүйтэй.
Зарим эцэг эхчүүд сүүн, сүүн бүтээгдэхүүнээр дагнасан амттаны цуглуулга бэлэглэдэг уламжлалтай байна. Харин зарим нь амттан дахь сахар, будаг оруулагч бодисын агууламж хийгээд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь бодолцож сонгодог.
Иймд ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ дуртай баяраар нь хийжүүлсэн ундаа, чипсгүй бэлэг өгөх уриалгыг эцэг эхчүүд олноор дэмжиж байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв2