Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсгийн гишүүдтэй танилц
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоохоор шинжээчдийн баг болон ажлын хэсэг ажиллаж байна. Дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсчээ.
Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргалаа. Энэ дагуу нисдэг тэрэг ашиглах боломжийг УОК болон Хил хамгаалах ерөнхий газраас судалж байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамжаар байгуулагдсан нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсгийн гишүүдийн нэрс:

Ажлын хэсгийн ахлагч: Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бямбажаргал
Гишүүд: Цогтсүмбэр багийн Засаг дарга Б.Батжаргал, Цагдаагийн тасгийн дарга, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хилийн албаны тасгийн дарга, Сум дундын ойн ангийн дарга, Санхүүгийн албаны дарга, Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн галын хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч
Нарийн бичгийн дарга: Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга гэх бүрэлдэхүүнээс бүрдэж байна.
Захирамжаар ажлын хэсгийн гишүүдэд ой хээрийн түймрийн улмаас шатсан газрын хэмжээ, ой мод, өвс ургамлын шаталтын зэрэглэл, учирсан хохирлыг үнэн зөв тогтоож, түймэрт нэрвэгдсэн газар орны байрлал, байгалийн нөөц, экологи, эдийн засгийн үнэлгээний материалыг бүрдүүлэн, нарийвчлан судлан гаргаж ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн ой хээрийн түймрийн улмаас ой мод, өвс ургамлын шаталтын зэрэглэл, болон, түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг үндэслэн түймрээс учирсан хохирлын материалыг хуульд заасан дүрэм, журмын дагуу бүрдүүлж акт үйлдэн танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даагажээ.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.