Нийгмийн

Монголбанкны шинэ байрыг “Хурд” группээр бариулахдаа хууль зөрчөөгүй

Өнөөдөр /2019.09.11/ Монголбанк хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Учир нь хэд хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрийн тусгай обьектыг тендер зарлахгүйгээр УИХ-ын гишүү Б.Чойжилсүрэнгийн компаниар бариулах болсон тухай мэдээлэл цацагдсан.

Энэ тухай  Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

ЗУРГААН КОМПАНИАС САНАЛ АВЧ, СТАНДАРТЫН ДАГУУ ШАЛГАРУУЛСАН

Монгол банканд төлбөр тооцооны шинэ барилга барих зайлшгүй шаардлага гарсан. Хуучин байр нь Санхүүгийн зохицуулах хорооны ард талд хоёр давхар барилга байсан. Ингээд бид захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж байгаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 16 давхар барилга барих шийдвэр гаргасан. Уг барилгын тендертэй холбоотой элдэв мэдээллүүд цацагдаж байгаатай холбоотойгоор асуултад хариулъя.

Дата центр бүхий том хэмжээний барилгыг хурдан хугацаанд, чанартай барих компаниудыг судалж үзэхэд зургаан компанийн жагсаалт гарсан. Уг зургаан компаниас үнийн санал авч, ямар хугацаанд, хэр хүчин чадалтай барих вэ зэрэг материалуудыг нь судалж байгаад нэгийг нь сонгосон бөгөөд бүх шалгаруулалт стандартын дагуу болсон. 

Тэд 20-70 тэрбум төгрөгийн өртгөөр үндэсний цахим гүйлгээний төв барих санал ирүүлсэн. Монголбанкны дэргэд байгуулагдсан Үнэлгээний хороо саналыг судлаад үүнээс гадна ямар хугацаанд барих, өмнө нь тусгай зориулалтын барилгууд барьсан зэргийг харгалзан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Хурд” группийг сонгон шалгаруулсан. Тус компани Хаан, ХХБ-ны төв байрыг барьсан туршлагатай.

Тамгын газрын захирал Ж.Батхуяг:

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 25 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА

Бид анх Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 13 компанийн материалыг хүлээж авсан. Үүнээс туршлагатай гэсэн зургаан компанид албан ёсоор хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Бид барилгын компанийг нэг өдөр сонгоогүй. Зөвшөөрлийг авч компанийг сонгон шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухайн заалтаас нь хамаараад бид бүхэн шууд гэрээ байгуулах эрхтэйгээр зөвшөөрөл авсан. Монголбанк АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа юм” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close