ДЭЛХИЙ

Монгол Улс дахь валютын хямрал

---ӨМНӨТГӨЛ---

  • Америкийн эдийн засагч, ялангуяа, Хятадын эдийн засгийн чиглэлээр дагнан ажилладаг шинжээч Антонио Грасеффогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрбээр их сургуулийн профессороор ажилладаг ба Ази тивд 20 жил, үүний дотор Хятадад 7 жил, Монголд 3 жил ажиллаж, 10 гаруй ном хэвлүүлсний дотор Хятадын эдийн засгийн гурван ном хэвлүүлсэн. Мөн Хятадын эдийн засаг төдийгүй Монголын эдийн засгийн талаар олон нийтлэл хэвлүүлсэн. Энэ бол түүний “Jamestown Foundation” сайтад нийтлэсэн нийтлэл. “Jamestown Foundation” бол 1984 онд байгуулагдсан Америкийн төрийн бус судалгааны байгууллага юм.

2020 онд “КОВИД-19”-ийн хөл хориогоор БНХАУ хил гаалиа хааснаар Монгол Улс руу хийх импортын хэмжээ огцом зогссон нь дотоодын инфляц, бараа бүтээгдэхүүний хомстолд хүргэсэн. Экспорт ч мөн мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, Монгол Улс руу орох ам.долларын урсгалыг улам бүр хязгаарласан.

Хоёр жил гаруйн дараа Хятад улс “Тэг ковид” гэсэн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа ба Оросын Украинд эхлүүлсэн дайн дэлхийн байгалийн хий, эрчим хүчний үнийг өсгөсөн. Бээжин, Москвад гаргасан шийдвэрийн золиос нь Монгол Улс болж, валютын ханшийн уналт, өндөр инфляц, долларын хомстол нүүрлэж байна.  

---БНХАУ-ТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХАРИЛЦААТАЙ---

Монгол Улс 2022 онд “КОВИД-19”-ийн тархалтыг хязгаарлах дотоодын арга хэмжээнүүд, мөн Хятадын Засгийн газрын цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүд авснаас үүдэн ихээхэн хохирол учирсан тул эдийн засаг нь аль хэдийн хүнд байдалд орсон. Засгийн газрын эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд тус улсын улсын өрийг 2021 онд ДНБ-ий 81 хувьд хүргэсэн.

Монгол Улсын эдийн засаг нь нүүрсний шахмал түлш, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын экспортоос ихээхэн хамааралтай бөгөөд дийлэнх нь БНХАУ руу чиглэдэг. Тавдугаар сарын 9-ний байдлаар 2019 онд Монголын нийт экспорт 7.62 тэрбум ам.доллар болсны 6.6 тэрбум ам.доллар нь БНХАУ-аас орж ирсэн.  2020 оны эхээр БНХАУ хилээ хаасны дараа Монгол Улсаас БНХАУ руу хийсэн экспорт 5.49 тэрбум ам.доллар болж буурчээ. Азийн Хөгжлийн Банкны үнэлгээгээр үүний үр дүнд 2020 онд эдийн засаг нь 4.6 хувиар агшжээ.

Монголбанкны мэдээллээр, 2021 оны эхний улиралд коронавирусийн цар тахлын улмаас хилийн хоёр талд тавьсан хязгаарлалтууд суларч эхэлсэн нь хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, түүхий эдийн экспорт нэмэгдэхэд ч бас нөлөөлсөн. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэсэн. Гэсэн ч, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ковидыг тэглэх “Тэг ковид” бодлогыг хатуу баримталж байгаа нь эдийн засгийн сэргэлтэд саад болж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг 2021 онд дөнгөж 1.4 хувиар өссөн аж. Мөн Монгол Улс 2021 оны эхний улирлын байдлаар импортынхоо 39 гаруй хувийг бүрдүүлсэн БНХАУ-аас импортолж буй бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгаа гэж “Шиньхуа” агентлаг дөрөвдүгээр сард мэдээлэв.

Экономический кризис 2014 года в России и в мире: причины и последствия

Хил хаагдсанаас үүдэлтэй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь инфляцыг 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 13.4 хувь хүртэл өсгөжээ. Гэсэн ч, он гарснаас хойш байдал хүндэрсэн. Монгол Улсад дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр байхгүй учраас ОХУ-аас байгалийн хий, түлшийг түшиглэдэг. Сүүлийн мэдээгээр, Украинд үргэлжилж буй дайны нөлөөгөөр Монгол Улс дахь хийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.2 хувиар өссөн. Үүнийг  “Macau Business” мэдээлэв.

---МОСКВА ДОВТЛОХОД МОНГОЛ ТӨГРӨГ УНАВ---

Оросын цэргүүд Украинд довтлосноор эдийн засгийн өсөлт саарч, шатахууны үнэ өсөхөөс гадна Монгол Улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох төгрөгт ч сөргөөр нөлөөлсөн. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэгдүгээр сараас хойш буурч байгаа бол хоёрдугаар сарын сүүлээр Орос Украинд түрэмгийлсний дараа буюу тавдугаар сарын 9-ний өдрийн валютын ханш мэдэгдэхүйц өссөн. “Credit Dash LLC” /“Кредит Даш”/ ХХК-ийн эзэн ярихдаа, “Одоо ам.долларын борлуулалт ямар байгааг мэдэх үү? Нэг ам.долларыг 3,350 орчим төгрөгөөр арилжиж байна. Хэдэн сарын өмнө надаас ийм асуулт асуусан бол 2,850 төгрөг гэж хэлэх байлаа. Монгол төгрөг, эдийн засаг тийм ч сайнгүй байна” гэсэн юм.

Төгрөгийн уналтын нөлөөлөл Монгол Улсын дундаж орлоготой иргэдэд онцгой нөлөөлсөн, учир нь дэлхийн хэмжээнд шатахууны үнэ өсөх нь импортын бодит үнэ өсөхөд ч хүргэв. Төгрөгийн ханш унаснаар монголчууд илүү үнэтэй бараа худалдаж авахын тулд сул мөнгөн тэмдэгтээ ашиглахаас өөр аргагүйд хүрч байна.

Түүнээс гадна инфляцын дундаж төвшин бүгдийг илтгэж чадахгүй. “Ard Securities” /Ард Секюритиз/ компанийн бизнесийн үйл явцын ахлах менежер Солонго хэлэхдээ, сүүлийн нэг жилийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнэ 70 хүртэл хувиар өссөн аж. Түүний хэлснээр, “Үүний гол шалтгаан нь тээвэрлэлттэй холбоотой. Учир нь, тээврийн үнэ 1.5 дахин нэмэгдсэн” гэсэн юм.

Импортын үнийн өсөлттэй нүүр тулсан компаниуд бэлэн мөнгөө ам.доллар болгон хувиргах гэж зүдэрч байгаа юм. Үүний нэгэн адил хадгаламж нь тогтмол суларч байгаа иргэд ам.доллар худалдаж авахыг хичээж байгаа ч нийлүүлэлт нь дуусч байгаа аж. Голомт банкны хэлтсийн дарга Билгүүний ярьснаар, иргэд төгрөгөө ам.доллар болгох нь элбэгшиж байгаа гэв. Тэрбээр “Төгрөгийн ханшийг өөр мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлснээр ханш нь унадаг учраас мөнгөө сулрахаас сэргийлж чадна гэж боддог. Төгрөгөөс зугтаж байгаа нь банкуудыг валютын нөөцөө хязгаарлахад хүргэж байна” гэсэн. Энэ чиг хандлагыг “Уран уургач” ББСБ-ын менежер Нарантогтох Галсанбат баталж, “Ам.долларын эрэлт нэмэгдсэн ч банкуудын нийлүүлэлт дутмаг байна” гэлээ.

“Цагаан сүмийн гол” биржид ажилладаг Бат-Оргил “Төгрөгийн ханш сүүлийн үед маш их унаж байна. Банкууд ам.долларын ханшийн хоногийн хязгаарыг тогтоосон. Тиймдээ ч өсөж байна. Бид банкнаас ч өндөр үнээр ам.доллар зардаг” гэж онцлов.

---АМ.ДОЛЛАРЫН ЭРЭЛТ ӨНДӨР---

Монгол Улсад валют арилжаалах гурван гол зах зээл нь арилжааны банк, валют арилжааны цэг, “Фэйсбүүк”. Ам.долларын ханш огцом өсөхөд хувь хүмүүс “Фэйсбүүк” дэх “ВАЛЮТ АРИЛЖАА ТОХИРОЛЦОО” гэх группээр дамжуулан хязгаарлагдмал хэмжээгээр, нэг дор хэдэн мянган ам.доллар арилждаг. Гурван захын ханш хэдэн зуун төгрөгийн зөрүүтэй байх магадлалтай. Монголбанкны албан ёсны худалдан авах ханш 3,250 төгрөг, зарах ханш 3,551 төгрөг байсан ба  нэгэн өдөр “Фэйсбүүк”-ийн ченжүүд ам.долларыг 3,150 төгрөгөөр авч, 3,160 төгрөгөөр зарах, арилжааны банкууд 3,470 төгрөгөөр авч, 3,530 төгрөгөөр зарж байна. Ченжүүд харин 3,420-3,460 төгрөгөөр авч, 3,510-3,550 төгрөгөөр зарж байгаа юм. Онолын хувьд ам.долларыг “Фэйсбүүк”-ээр аваад, банкинд зарж ашиг олох боломжтой.

---ДҮГНЭЛТ---

Өнөөгийн эдийн засгийн хэтийн төлөвийг монголчууд нэлээд бүрхэг гэж харж байгаа. “Ноён төгрөгийн хийморь” валют арилжааны биржийн хамтран эзэмшигч С.Гантулгаас монголчууд мөнгөө хэрхэн хамгаалах вэ гэж асуухад “Энэ тогтворгүй үед маргааш өглөө босоход чухам юу болоход хэн ч баталгаа өгч чадахгүй гээд иргэдийг банкнаас мөнгөө авахыг зөвлөв.

“Кредит Даш” ХХК-ийн эзэн ч мөн адил сөрөг төсөөлөлтэй байна. Тэрбээр, “Улс орон сайн ажиллана гэж найдаж байна, гэсэн ч одоогоор ирээдүй маш тогтворгүй харагдаж байна” гэв. Үүнтэй валютын ченж Н.Батбаяр ч санал нийлж, “Ойрын хоёр гурван жилд энэ хандлага зогсохгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button