ДЭЛХИЙНийгмийн

ОХУ цэргийн дайчилгаа зарласан нь дэлхийн дайны дохио юу

ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөр цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Украины дайн илүү өргөжих нь үү гэсэн түгшүүр үүсээд буй.

-Орост ХХ зуунд гурван удаа цэрэг дайчилгаа зарлажээ-

Хойд хөршийн цахим сайтуудаас шүүрдсэн энэ материалд одоогийн нөхцөл байдлыг тайлбарлахыг оролдохгүй, дайн болох нь гэж сүржигнэхгүй. Гагцхүү түгшүүр бодитой, магадлал бий эсэхийг өнгөрсөн түүхээс эргэн харахыг санал болгож байгаа юм.

1914 ОН. ТӨЛӨВЛӨСНӨӨС 15 ХУВИЙН ИЛҮҮ ИРЦТЭЙ ЭХНИЙ ДАЙЧИЛГАА

Оросууд /Хаант Орос улс, ЗХУ/ өнгөрсөн зуунд гурван удаа л бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлаж байжээ. Эхнийх нь 1914 онд, Австри Унгарын эзэнт гүрний хаан, Франц Фердинанд Сербийн үндсэрхэг үзэлтнүүдэд алагдсаны дараа тохиосон. Энэ хүний үхэл Дэлхийн I дайны ил шалтгаан болсон байдаг.

Николай II-ны цэрэг дайчилгаа 45 хоног үргэлжилж, 3.4 сая хүн татсан бөгөөд үүний 570 000 нь цэрэг цагдаагийн албан хаагчид байсан аж. Цэргийн комисст зарлан дуудах хүргүүлснээс 15 хувиар илүү хүн цуглаж, цэрэгт явахаа илэрхийлж байжээ.

Дашрамд дурдахад, хаан бүх нийтийн цэрэг дайчилгаа эхлүүлэхийн хажуугаар орон даяар архи, согтууруулах ундаа хэрэглэх, худалдахыг дайн дуустал хориглосон бөгөөд энэ хооронд гэмт хэрэг 70-90 хувь суларч, шоронгууд хоосорсон гэдэг.

1941 ОН. 97 ХУВИЙН ИРЦ, 88 НАСТАЙ ЦЭРЭГТЭЙ УДААХЬ ДАЙЧИЛГАА

Хоёр дахь нь 1941 онд, Хитлерийн Герман ЗХУ руу халдан довтлоход болсон. Энэ удаагийн дайчилгааны талаар бүрэн мэдээлэл байдаггүй. Учир нь, дайчилгаа далд болон ил хэлбэрээр явагдсан байдаг. Эрх баригчид 1940 онд ийм хууль баталсан нь тодорхой хэмжээний болгоомжлолтой, үйл явдлын өрнөлд бэлтгэж байсныг харуулдаг юм.

Далд хэлбэрийн дайчилгаа нь 1941 оны тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр болж 756 000 цэрэг, бага офицер, 46 мянган ахлах офицер, улс төрийн удирдагчдыг цэргийн албанд татжээ. Ингэснээр 1941 оны зургаадугаар сарын 22 буюу Германчууд халдан довтлох үед ЗХУ-ын армийн нийт бие бүрэлдэхүүн 5.4 саяд хүрээд байв.

Харин нээлттэй дайчилгаа нь мэдээж, 1941 оны зургаадугаар сарын 23-наас эхэлж, эхний найм хоногт 5.3 сая хүнийг цэрэгт дайчилсан. Эхлээд 1895-1918 онд төрсөн иргэдийг хамруулж байгаад 1942 оноос 1923-1925 онд төрсөн залуусыг татах болжээ. Дайнаас зугтсан иргэд гадагш дүрвэхийн хажуугаар гадаад улсаас эх орноо хамгаалахаар сайн дураараа ирцгээж байв. Цэрэгт сайн дураар явагсдын хамгийн ахмад нь 88 настай эрдэмтэн Николай Морозов байсан бөгөөд мэргэн буучдын салаанд алба хааж, олон дайсныг устгасан гэдэг.

1979 ОН. МОРДОХЫН ХАЗГАЙ БУЮУ ГУРАВ ДАХЬ ДАЙЧИЛГАА

ЗХУ-ын сүүлийн цэрэг дайчилгаа 1979 онд, Афганистанд халдан довтлох үед болсон. Тэр үед АНУ Пакистанд хуран байгуулаад коммунист Афганистанаас зугтаж ирсэн нөхдийг орогнуулж, ЗХУ тэднийг ямар зорилгоор ашиглах нь вэ хэмээн түгшүүртэй ажиглаж байсан үе.

Өмнө нь Египет, Израилийг яг ийм аргаар тавиад туучихсандаа гэмшиж ядаж байсан Москва Афганистаны дарангуйлагч Амин Вашингтонд “Харилцаагаа сайжруулах” санал гаргамагц тэссэнгүй, цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.

Цэргийн шинжээч Михаил Ходаренкогийн хийсэн судалгаанаас үзвэл, энэ дайчилгаа эхнээсээ олон бэрхшээлтэй тулгарчээ. Зарлан авсан офицеруудын 70 хувь нь армид алба хаагаагүй, их, дээд сургуульд бэлтгэгдсэн байсан нь байлдах чадавхийг мэдэгдэхүйц бууруулав. Автобаазын дарга нар дайчилгаанд 500 000 км-ээс дээш гүйлттэй автомашинуудаа олноор нийлүүлжээ.

Хожим нэрт улс төрч болсон Александр Лебедь Афганистаны үйл явдалд оролцсон тухайгаа "Төрийн өмнөөс ичмээр" хэмээх номдоо Афганистаны ажиллагааны тухай номдоо "Ихэнх ажиллагаа амжилтгүй болсон. Нэгдүгээрт, афганчууд угаасаа дайчин төрдөг, хоёрдугаарт, байлдаан тэдний нутагт болсон, гуравдугаарт, тагнуулын алба тэдний төлөө ажилласан, дөрөвдүгээрт, манай бүтээсэн хамгийн сүүлийн үеийн машинуудын чимээ, тоосны үүл нь биднийг илчилж байв. Тиймээс биднийг хаа сайгүй мина, отолт угтдаг байв” хэмээн дурсжээ. Афганистаны дайнд ЗХУ-аас 100 000 цэрэг амь үрэгдсэн гэж барууныхан ярьдаг бол арай бодитой эх сурвалжууд 25 000 гэж үздэг юм. 2022 ОН.

“В.ПУТИНЫ” ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДАЙЧИЛГАА

Украины дайн болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа хийх зарлиг гаргасан. Урьд өмнөх цэрэг дайчилгааг бодвол энэ удаа иргэд цэрэгт явах дургүй байгаа нь онцлог болж байна.

Зарлигийг В.Путин гаргасан болохоос цаана нь ОХУ байж байгаа. Тодруулбал, ОХУ-ын төр цэрэг дайчилгаа явуулж байгаа хэрэг. Харин барууны орнууд энэ дайчилгаа нь зөвхөн В.Путин гэх ганц хүнтэй холбоотой гэсэн суртал ухуулгыг хүчтэй явуулснаар иргэдийн эсэргүүцлийг хөөрөгдөж буй байдал харагдаж байна.

Энэ удаад 300 000 цэрэг дайчилж байгаа нь дайн илүү өргөжих нь гэсэн айдсыг олон улсад төрүүлж буй. Мөн “Улс орноо хамгаалах, эрх ашгаа хангахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэнэ” гэсэн нь цөмийн зэвсэг хэрэглэх нь гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 12:39

мишка архирч эхэвдээ энэ хүмүүс оросд ану баруун яаж хадаж геноцид хийж бгааг харж бгаа бхаа

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 13:57
Reply to  Зочин

СОЛИОТ ХАХА

Иргэн
Иргэн
2022-09-22 13:57

Монгол улсын хүн амын хагас нь нэн ядуу бөгөөд хүн амын 60 хувь нь гэр хороололд ба хөдөө амьдардаг тул эхлээд Монголынхоо асуудлыг шийдэцгээ! Том гүрний юу хийж байгаа нь ийм ядуу Монголд хамаагүй.

Зочин
Зочин
2022-09-22 14:44

Битгий сүржигнээд бай

Жук
Жук
2022-09-22 23:32

Нацистуудыг няц дарж устга.

zochin
zochin
2022-09-23 15:17

Oros tcerguud arhia uugaad dairval NATO yuch uldehgui biz

Холбоотой мэдээ

Back to top button