ХКН-ын XX их хурал: Ням гарагаас өмнө мэдэх ёстой зүйлс

Аравдугаар сарын 13-нд буюу хоёр хоногийн өмнөх контентоо сэргээн нийтэлж байна.
БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ээлжит ХХ их хурал Бээжин хотноо ирэх ням гарагт эхлэх гэж байна. 2022 оны сонгуулиудаас хамгийн чухал нь болох эл үйл явдлын талаар eguur.mn өмнө нь “Монголд ч хамаатай БНХАУ-ын сонгууль” хэмээх нийтлэлийг бэлтгэн хүргэж /энд дарж үзнэ үү/ байсан.
Энэ удаа бид уншигчдадаа хурлын өмнөх нөхцөл байдал, хүлээлттэй холбоотой мэдээллийг дахин бэлтгэн хүргэж байна.
ХХ ХУРЛААС ЮУ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ
Энэ удаагийн хурлаас Ши Жиньпин удирдагчаар гурав дахь удаагаа улиран сонгогдох, ажлаа өгөхөө урьдчилан зарласан Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны орны хүнийг томилох, дараагийн удирдагч буюу Ши Жиньпиний залгамжлагчийг багцаалах гэсэн хоёр гол хүлээлт бий. Мөн БНХАУ-ын төрийн эрх мэдлийн зохион байгуулалт, шатлалыг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт байна. Магадлал өндөртэйгөөс нь дэлгэрүүлье.
ШИ ЖИНЬПИН ДАХИН СОНГОГДОНО
Зарим эх сурвалжийн бичсэнээр, ХКН-ын удирдагчид өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Шар тэнгисийн эрэг дэх Байдахэ хотод хаалттай уулзаж, Ши Жиньпинийг удирдагч болгохоор тохирчээ. Энэ уламжлал бүр Мао Зэдуны үеэс улбаатай гэнэ. Тус улсын улс төрд ард олны санаа бодол онц биш, намын дэмжлэг илүү чухал байдаг онцлогтой.
“Ши Жиньпин дахин сонгогдох уу”. Шинжээчдийн дүгнэж байгаагаас харвал энэ асуултад ямар ч эргэлзээгүй “Тийм” гэж хариулахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ тал дээр ямар ч эсрэг байр суурь алга.
Тэгэхээр, Ши Жиньпин 2017 онд өөрийн шууд санаачилгаараа батлуулсан “Удирдагчийн албыг нэг хүн хэдэн ч удаа улиран хашиж болох” дүрмийнхээ үр шимийг анх удаа эдлэх нь 99 хувийн магадлалтай аж. Энэ 99 хувийн магадлал хэрхэн бүрдэж байгааг харъя.
- Ши Жиньпин сүүлийн 10 жил улс орныг удирдахдаа эрх мэдлийг бараг 100 хувь гартаа төвлөрүүлж чадсан
- Түүний тэргүүлдэг “Шинэ Чжэний арми” фракц нам дотроо хамгийн их нөлөөтэй байгаа
- 2017 онд болсон XIX их хурлаас Улс төрийн товчооны Байнгын зөвлөлд өөрийн талын хүмүүсээ томилуулсан. Эдгээр эрхмүүд өдгөө намын болоод улсын эрх мэдлийг атгаж байна
- Өмнөх үеийн агуу удирдагчдын үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж, БНХАУ-ын олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэн дэлхийн нөлөө бүхий гүрэн болгосон. Энэ ажлаараа нэр хүндээ бэхжүүлж, ард иргэдээсээ бүрэн дэмжлэг авч чадсан
- Намын оюун санааны удирдагч, чиглүүлэгч. Тэрбээр 2017 оны хурлаар намынхаа Үндсэн дүрэмд өөрийн санаачилсан “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” гэгчийг тусгуулж, үзэл баримтлалаа өөрийн нэрээр нэрлүүлэн намын дүрэмд тусгуулсан гурав дахь (Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа), амьд ахуйдаа ийм хүндлэл хүлээсэн хоёр дахь (Өмнө нь Мао Зэдун) удирдагч болсон.
- Одоогоор ил болсон ямар ч залгамжлагч байхгүй. БНХАУ шиг төрийн бодлого, удирдагчид нь тогтвортой явдаг улсад залгамжлагч нь УТТ-ны Байнгын зөвлөлд дор хаяж нэг их хурлын өмнө орж ирэх учиртай.
Ямар ч зүйлд 1 хувийн “хэрвээ” бий. Барууны орнуудын зүгээс Ши Жиньпинь шиг тогтвортой удирдагчийг болж өгвөл унагаж, тогтворгүйтүүлэхийг хичээх ч маш амаргүй байх нь тодорхой.
ЛИ КӨЦЯНЫ ОРНЫ ХҮН, ШИ ЖИНЬПИНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ НЭГ ХҮН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны орны хүнийг томилох, Ши Жиньпиний залгамжлагчийг багцаалах хоёр хүлээлтийн хариулт нь нэг хүн байх магадлал өндөр байна. Тодруулбал, Шанхайгаас гаралтай Дин Шүэшиан /Ding Xuexiang/ хэмээх эрхэм дээрх албан тушаалд очиж магадгүй ажээ. Анх Ши Жиньпинийг удирдагч болоход л дагаж томорсон энэ хүн өдгөө Намын төв хорооны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа аж.
МАГАДЛАЛ БАГАТАЙ Ч ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ШАТЛАЛЫГ ӨӨРЧЛӨХ ХҮЛЭЭЛТ
БНХАУ нэг намын тогтолцоотой улс тул намын өндөр хэргэм зэрэгтнүүд л улсын өндөр албан тушаалыг хашдаг. Ингэхдээ тодорхой дэг журамтай бөгөөд намд ямар албан тушаал хашиж байгааг нь мэдэхэд л улсын албан тушаалыг нь багцаалахаар нарийн дэгтэй байдаг байна.
Их хурал бол намын эрх барих дээд байгууллага бөгөөд улс орны өнцөг булан бүрээс 96.7 сая гишүүнийг төлөөлж сонгогдсон 2000 гаруй төлөөлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Төв хороо, Улс төрийн товчооны гишүүдийг сонгодог. Төв хороо нь 205, Улс төрийн товчоо нь 25 гишүүнтэй бөгөөд үүний долоон гишүүн нь Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байдаг.

Тэдгээр долоогоос нэг нь “Core Leader” буюу гол удирдагч. Одоогоор Ши Жиньпин байна. Бусад гишүүд нь “De facto top decision-making body” буюу улсын хамгийн дээд түвшний шийдвэр гаргагчид. Бүгд нэгээс долоо хүртэл дугаартай. Нэгдүгээр хүн болох Ши Жиньпиний намын албан тушаал нь “ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга”. Харин улсын албан тушаал нь “Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга”.
Тэгвэл ХХ хурлын дараа энэ шатлал, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орно гэсэн хүлээлт байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ikh guren Shi dargaa togtvortoi bailgahaa medne ee.
Ши Жиньпин оронд ямар удирдагч гарч ирэх дэлхий нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа даа
Ши Жиньпин дахин сонгогдож ч мэднэ
Yaltachgvi angaaral tatsan medee l dee
Энэ орчуулага хийсэн нөхөр бас арай л юмаа