Top StoriesУРЛАГЯрилцлага

Б.Амарсайхан: Шинэ кинондоо үгүйрч, алсарсаар буй монгол хүний мөн чанарыг илэрхийлсэн

“Монгол” УСК нээсэнтэй холбогдуулан, найруулагч С.Амарсайханы ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Дэлгэцийн анхны уран бүтээлээрээ “тавилан” Амараа гэгдэж, удалгүй “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-ийн Амараа “болон”, тэндээсээ Холливудад хөл тавьсан Монголын анхны жүжигчин гэдгээ “Холливуд” Амараа хочоороо баталж, өдгөө найруулагч Б.Амарсайхан хэмээн дуудуулж буй эл уран бүтээлчийг үзэгчид хэдийнэ андахгүй мэдэх болсон.

Тэрбээр өнгөрсөн хавар “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол намар нь “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Харин энэ сарын 28-наас “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхээр болжээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Таныхаар уран бүтээл гэж юу вэ?

-Миний бодлоор тухайн уран бүтээлчийн дотроо эмзэглэж буй эмзэглэл, бодол, зүрхнийх нь өвдөлтийг уран бүтээл гэнэ. Тэр эмзэглэл авьяасаар нь дамжин илэрч буйг л уран бүтээл гэж хэлэх болов уу. Харин хэр их өвдөж, шаналж туурвиснаас уран бүтээл урт настай болдог байх.

-Тэгвэл уран бүтээлч гэж хэн бэ?

- Урлагийн ямар ч төрөлд зөвхөн авьяастан нь л хүчээ үздэг. Уран бүтээлч хүн гэж авьяастай, түүнийгээ илэрхийлэх өөрийн гэсэн өнгө төрх, чадвартай байх ёстой. Уран бүтээлч хүний хамгийн гол чанар бол дээрх хоёр чанар дээр нэмэх нь өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс зүйтэй байж байж л уран бүтээлч гэж дуудагдах байх.

-Та тийм уран бүтээлч байж чаддаг уу?

-Хичээж байгаа.

-Тэгвэл уран бүтээлд хэлбэр чухал уу, агуулга чухал уу?

-Мэдээж агуулга чухал. Уран бүтээлийн цогц агуулга биш зөвхөн жүжигчний жүжиглэх, дүр дээр ажиллах талаас ярьсан ч тийм. Жүжигчин зөвхөн тухайн нөхцөлд, ганц тэр үзэгдэлд тоглоод зургаа авхуулах төдийхнөөр биш, өөрийнхөө тоглох гэж буй дүрийг бүхэл агуулгаар нь харж, тодруулбал, дүрийнхээ зан чанар, өнгөрсөн, ирээдүйг ургуулж, бодож тогловол илүү үнэн, бодитой тоглолт гарна гэж боддог.

-Олон улсын кино наадмуудад амжилттай оролцож буй хүнтэй уулзсаных, стандартын талаар асууя. Уран бүтээлд стандарт гэж зүйл байх хэрэгтэй юм уу?

-Кинонд, ер нь аливаа урлагт стандарт байхгүй гэж боддог. Байж ч болохгүй. Түрүүнийх шиг зөвхөн жүжигчний талаас ярья л даа. Заавал мэргэжлийн сургууль төгссөн байх шаардлагатай юу. Таксины жолоочийг сонгож “Captain Phillips” кинонд тоглуулахад өнөөх нь “Оскар”-т нэр дэвшчихсэн л байна шүү дээ. Тэгэхээр урлагийг стандартчилж, аливаа хэлбэр, агуулгад барьж болохгүй. Түрүүн хэлсэнчлэн, тухайн уран бүтээлчийн харж буй өнцөг, хэлэх гэсэн санаа, түүнийгээ хэрхэн илэрхийлснээрээ үзэгчдэд хүрч, сэтгэлийг нь хөндөж чадаж байвал тэгээд л боллоо.

-Тэгвэл олон улсын наадмууд бүтээлүүдийг хүлээж авч өрсөлдүүлэхдээ яагаад шалгуур тавьдаг юм бэ. Тэр шалгуурууд нь стандарт биш үү?

-Яах вэ, техникийн үзүүлэлтүүдийг заасан л байдаг. Гэхдээ түүнийг стандарт гэж хэлж болохгүй л дээ. Учир нь бүтээлээ кинотеатруудад гаргахын тулд тухайн газрын үзүүлэлтэд дүйцүүлэх л хэрэгтэй. Анзаарах нь ээ, хөгжиж буй орнуудын уран бүтээлчид, манай киноныхон ч “Мөнгө санхүү муутай, техник тоног төхөөрөмж хомс” гэдэг үгээр өөрсдийгөө хаацайлдаг. Гэтэл өнөөдөр бид мөнгө төгрөгийн байдал, техникийн байдлаар биш, тархин доторхоороо л өрсөлдөж байгаа. Энэ доторх “зүйл”-ээ хэр сайн илэрхийлж байна, түүнийгээ хүнд яаж хүргэж байна, тэр л олон улсын наадмуудын шалгуур.

-Найруулагчийн дебютээ яагаад “Эргэж ирэхгүй намар”-аар хийхээр шийдсэн юм бэ?

-Энэ зохиолыг одоогоос бараг 10-аад жилийн өмнө уншиж байлаа. Т.Бум-Эрдэнэ ахад аавын тухай кино хиймээр байгаагаа хэлэхэд надад “Түнтүүлэй” өгүүллэгээ уншуулсан юм. Тэр үед миний зүрх рүү хүчтэй “цохисон” л доо. Тэр дор нь оюуны өмчийн эрхийг нь авсан. “Кино хийе” л гэж бодож явсан болохоос биш, үүгээр найруулагчийн дебют хийнэ гэж огт бодоогүй. Олон ч найруулагчид санал тавьж, хайсан. Олон жил бодож явсан болохоор ч тэр үү, “Зохиолоо энэ өнцгөөс нь, ингэж л хиймээр байна” гэдгээ би хэдийн төсөөлөөд харчихсан байлаа. Харин өөр найруулагчтай хамтрахаар тэд өөрсдийн тунг нэмж, миний хэлэх гэсэн санаа бүдгэрнэ, эсвэл хоёрдчихно. Энэ түүхийг үй түмэн янзаар ярьж, кино хийж болно. Гэхдээ би өөрийнхөөрөө л хиймээр байсан. Тэгж явсаар продюсеруудын хүсэлт, шахалт, сая дурдсан шалтгаанаар өөрөө найруулахаар шийдсэн юм. Тэгэхээр би найруулагчийн дебют хийхээр энэ зохиолыг сонгосон биш, энэ зохиол намайг найруулагчаараа сонгосон гэж хэлж болно.

-Найруулах хүсэл нь улам асаж байна уу?

-Швейцарийн Фрайбургийн кино наадамд оролцсоноос хойш найруулагчийн мэргэжилд илүү дурлан хорхойслоо. Тоглосон дүрүүдийнхээ талаар хүмүүстэй ярилцах гоё. Гэтэл найруулагчийн өнцгөөс бүтээлийнхээ хэлэх гэсэн санааг зураг авалтаар, планаар, жүжигчдийнхээ тоглолтоор, текстээр, эвлүүлгээр дамжуулан ярих, ярилцах бүр ч сайхан мэдрэмж байдаг юм билээ.

-Тэгэхээр жүжигчин гэж дуудуулахаас найруулагч гэгдэх нь илүү гоё байна гэсэн үг үү?

-Намайг тэнд зүгээр л film maker (кино бүтээгч) гэж байна лээ. Тэр нь илүү гоё санагдсан. Гэхдээ кинонд жүжигчнээс өөр үүрэгтэйгээр ажилласан минь ганц энэ юм биш л дээ. 2011 оны үед би өөрийгөө бие даан кино хийнэ гэж төсөөлөө ч үгүй. Жүжигчин л хүн юм болохоор киног мундаг найруулагч, продюсерууд л хийдэг гэж төсөөлдөг байлаа. Гэтэл “90 сая”-ын Б.Гансүхийн түүхийг уншаад “Энэ кино болох юм байна” гэж төсөөлөөд продюсеруудтай уулзаж, хүсэлт тавьж явсан. Тэгэхэд би өөрөө ч мэдэлгүй продюсерын, зургийн даргын, менежерийн ажил руу орчихсон л байсан байгаа юм. Зохиолыг нь хамт хөгжүүлэлцэж, туслах найруулагчийн ажилд ч бага сагаар оролцож, тэгж явсаар “Бодлын хулгайч”-аа хийчихсэн. Тэндээс “Би кино хийж чадах юм байна шүү дээ” гэсэн урам авч “Үргээлэг”, “Итгэл” гэхчлэн киногоо хийсэн юм. Голчлон киноныхоо санааг гаргаж, зохиол дээрээ өөрөө суусан болохоор туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэж, найруулагчтайгаа зөвшилцөх хэмжээнд ажиллаж байв. Кинонд жүжигчнээр, найруулагчаар ч биш, зарим кинонд нүүр хувиргагч, зураачийн ажил ч хийж байсан тохиолдол надад бий. Тэгэхээр кино бүтээгч гэгдэх нь илүү сайхан.

-Таныг үзэгчид анхны дүрээр тань “Тавилан” Амараа гэж хочилдог байлаа. Улмаар “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-ийн Амараа “болж”, тэндээсээ Холливудад хөл тавьсан Монголын анхны жүжигчин гэдгээрээ “Холливуд” Амараа гэгдэх болсон. Харин одоо та ямар Амараа гэж дуудуулмаар байна?

-Би юу... Би нэрийнхээ урд ямар нэг цол хэргэм, хоч, тодотгол авахыг уг нь хүсдэггүй. Удахгүй үзэгчдэд хүргэх кинонд “Балжиннямын Амарсайханы бүтээл” гэж байгаа. Миний л дотор байгаа үнэт зүйл, эмзэглэл тэнд гарч ирж буй болохоор. Ер нь бүтээлүүдээрээ л дуудуулах нь гоё байх. Тэр нь л сайхан санагдаж байна, яг одоогийн байдлаар.

-“Хохирогч”-оос хойшхи таны уран бүтээлдээ ажиллаж буй арга барил их сонирхолтой харагдаад байгаа. Илүү дотогшоогоо хандсан маягтай гэх юм уу даа.

-“Бодлын хулгайч”, “Үргээлэг” гэх зэрэг кинонуудаа харахад миний өнцгөөс гадна зохиолчийн,  найруулагчийн, продюсеруудын санаа туссан байдаг. Харин “Итгэл”-ээс хойш би яг л өөрийнхөө дотор буй “зүйл”-ийг уудалж байна. Тэр бүтээл надаар овоглож байгаа юм чинь. Харин хийсэн кинонуудаа эргээд харахад би нийгмийн шинж чанартай бүтээл хийдэг хүн юм байна. Амьдарч байгаа  нийгмийнхээ л “амьтан”, эд эс нь юм чинь. Тэр дотроос өөрийн бодсоноо гаргаж буй болохоор миний дотор тал илүү уудлагдаж байж магад.

-4 сарын 28-наас та “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэнэ. “Монгол”-ыг дотроо хэр удаан тээж явав?

-Нэг тийм... Жүжигчин хүн бүрийн дотор хүсэл болсон мөрөөдлийн дүр байдаг шүү дээ. Зарим эрэгтэй жүжигчинд нэг тийм баатрын дүрд тоглох хүсэл ч бий. Надад ч тийм хүсэл байлаа. Миний удам угсаанд жинчин, улаач, сайн эрийн түүхүүд бий. Энэ бодол дотор явдаг, иймэрхүү кино хийх сэн гэсэн хүсэл удаан тээсэн. Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж хийлээ.

-Өнгөц харвал “Монгол” кино шилийн сайн эрийн түүх. Гэхдээ “Монгол” кинонд үндэсний үзэл, монгол хүний мөн чанарын талаар өгүүлсэн мэт санагдсан. Таныхаар монгол хүн, монгол мөн чанар гэж юу вэ. Бидний онцлог юу юм бэ?

-Монгол гэхээр л цээжээ дэлдэж, ойворгон загнаж, аливаад хэтрүүлэгтэй хандаж болохгүй л дээ. Тийм хандлага их л ажиглагдах юм. Герман хүн цаг яс барьдаг, хятад хүн ажилсаг, япон хүн зарчимч гэдэг шиг улс үндэстэн болгоны хүмүүст онцлог бий. Тэгвэл монгол хүний мөн чанар, монгол хүний онцлог, ялгарал юу юм бэ. Монгол хүний ялгарал гээд байгаа зүйл өнөөдөр байхгүй болчихсон. 1920-иод онд “National geographic” сэтгүүлд монголчуудын тухайн нийтлэл гарсан байдаг. Тэнд “Монголчууд бохир заваан, гэхдээ маш үнэнч, цайлган сэтгэлтэй, хэлсэндээ хүрдэг” гэж бичсэн байдаг. Түүнээс өмнөх “Монголын нууц товчоо” гэхчлэн түүхэн эх сурвалжуудад “Монгол хүний за бол андгай буй за” гэсэн ч байдаг. Тэгэхээр энэ л бидний ялгарал. Монгол хүн хэлсэн л бол хийдэг, за гэсэн л бол тэрэндээ байдаг. Гэтэл энэ онцлог одоо байхгүй болчихсон. Би үүнийг л, “Бид ийм онцлогтой ийм хүмүүс шүү” гэдгийг киногоороо “хэлэх”-ийг хүсэж байна. Түүнээс биш уулан дээр гарч нар мандахыг харснаар, шилийн сайн эр болж андгай тангараг өргөснөөр монгол хүн болчихгүй. Сайн хүний үйлдэл нүднээс далд ч сайн байдаг шүү дээ. Хаана ч, хэзээ ч хэлсэн үгэндээ байдаг монгол хүний тэр зан чанарыг кинондоо шингээхийг хүссэн.

 -Үзэгчдэд “бэлэн хоол” өгдөг найруулагч байхад таавар таалгаад үлдээдэг нь ч бий. Харин та аль нь байхыг илүүд үзэж байна?

-Хоёр талтай л юм. Би найруулагчаар олон жил ажиллаагүй, туршлага бага. Зарим  найруулагч “Кино гэдэг үзэгчдэд ойлгомжтой байх ёстой” гэдэг л юм билээ. Тэд “Май, энийг зүгээр л үз” гээд “бэлэн хоол” өгдөг. Арилжааны киноны талаар ярьж байна л даа. Гэтэл олон улсын томоохон наадмуудад өрсөлдсөн сайн кинонуудын заримыг би ойлгохгүй байна, яг үнэнээ хэлэхэд. Заавал тухайн найруулагчтай ярилцаж, задалж байж “Аан, энэ хүн ийм метафор хэлсэн юм байна шүү дээ” гэж ойлгож байх жишээтэй. Тэнд өрсөлддөг кинонууд үзэгчдэдээ “бэлэн хоол” тавьж өгдөггүй, үзэгчийнхээ соргог мэдрэмжинд итгэж, үзэгчдээ хүндэлдэг. Үзэгчид нь ч гэрийн даалгавраа сайн хийж байж үздэг, ухаж ойлгодог. Миний хувьд аль талаар нь явах вэ гэж бодохыг хүсэхгүй байна. Харин уран бүтээлдээ ур шингээж, зарим зүйлээ “нууж”, заримыг нь ил тавьж хийхийг хүсдэг. Тэр хэрээр урт настай байгаасай гэж хүсэж байна.

-Кино зохиолоо өөрөө бичих нь найруулагчид давуу талтай юу?

-Монголчуудын өөр нэг ялгарал нь бид цөөхөн үгээр оновчтой ярилцдаг ард түмэн, нүүдэлчин соёл, ахуйгаасаа болоод ч тэр үү. “Дээлэн дотроо бодлоо нэрсэн хөх өвгөчүүл” гээд л ярьдаг даа. Ардын дуунуудаа сонс л доо, цөөхөн мөртөд ямар гүн утга шингээсэн байдаг билээ. Би энэ онцлогийг зохиолдоо барихыг боддог. Кинонд юун төлөө жүжигчин хүн тоглож байгаа билээ, заавал урт текст хэлэхгүйгээр нүдээрээ “ярьж”, үйлдлээр харуулж болно. Дээрээс нь кино гэдэг нийлмэл урлаг. Тиймээс зураглаач, зураач, нүүр хувиргагч зэрэг бусад онцгой мэргэжлээр илүү илэрхийлэх, тэр хүмүүстээ ажиллах орон зай, эрх чөлөөг нь гаргаж өгөхийг хүсдэг. Зохиолоо ч тэгж бичдэг. Манайд мэргэжлийн кино зохиолч ховор, цөөхөн байна л даа. Зохиолч, сэтгүүлч нар киноны зохиол бичихдээ үйл явдлаа тайлбарлаад, хөөгөөд байдаг. Тэд хөгжим, зураг авалт, тайз декорац, гэрэлтүүлэг, нүүр хувиргалт зэрэг кинонд хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлсийг сайн мэдэхгүй учраас зөвхөн үгээр тайлбарлах гээд байна л даа.  Дээр нь жүжигчний үггүй тоглолт гэж маш хүчтэй зүйл байна. Уг нь энэ бүхнийг хамжих ёстой байхгүй юу. Би зохиолоо бичихдээ энэ бүхнээ давхар бодож, төлөвлөж бичдэг учраас текст цомхон болдог. Бас текстээ бичихдээ эхлээд өөрөө тоглож үздэг. Миний давуу тал нь жүжигчин хүн учраас бичсэн текстээ хэлээд, тоглоод үзэхээр зарим үг хэрэггүй болдог, тэртэй тэргүй үзүүлчихэж байгаа юм чинь. Зарим тохиолдолд планаар “ярина”. Өөрөөр хэлбэл, хийх арга, нөөц бололцоогоо тооцоолоод бичиж байна гэсэн үг.

-Түрүүн найруулагчийн метафорын тухай цухас дурдлаа. “Монгол”-доо ч та маш чамин “шигтгээ”-нүүдийг кинондоо шагласан байна лээ. Эртнээс тээж явсан шийдлүүд үү, эсвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс төрсөн үү?

-Заримыг нь би зохиолоо бичихээсээ ч өмнө бодож явсан, заримыг нь киноны эвлүүлгээ хийж байх үедээ ч олсон. Надад зураач найз болон бий. Зураач нар бүтээлдээ ганц өөр өнгө, эсвэл дүрс хатгачихсан байдаг. “Яагаад” гээд асуухаар “Бүхэл бүтэн зурган дотроос ганц наадах чинь чамд анзаарагдаж байгаа биз. Тэгвэл наадах чинь л миний хэлэх гээд байгаа зүйл” гэдэг. Түүний адилаар найруулагч, зохиолч, аливаа уран бүтээлчид өөрийнхөө эмзэглэлийг яг л тэгж хатгадаг байх. Тэр хэрээр тухайн уран бүтээлийг үзэх тусам “Аан, энэ ингэсэн юм байна. Энэ найруулагч тухайн үед ингэж бодож байсан юм байна” гэдгийг ойлгодог болов уу. Тэр нь түүх, цаг хугацааны бичээс болж үлддэг байх. 

-“Монгол” уран сайхны киног кинотеатрт үзээд гарахдаа үзэгч юуг ойлговол та хамгийн их баярлах бол?

- Би киногоо нэг л удаа үздэг биш он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм. Өнөөдөр Монголд итгэл найдвар, урам зориг хамгийн их хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-04-12 09:08

Ene hun mun chanar yariad yah ve. Uuriig ni harval yrvaach, sharvaach l bh biz.

Зочин
Зочин
2023-04-12 09:35

Oscard oroogui shuu dee. Google ashiglaj suraarai.

Зочин
Зочин
2023-04-12 10:44

Христийн шашинтан та нар л тийм болгож байгаа. Библээ тэврээд израйль руугаа �######�аарай

Зочин
Зочин
2023-04-12 10:52

Энэ нэг хачин баагийг ямар юмнийх нь жүжигчин гэхэв дээ. Биеэ үнэлэгч гэвэл таарна.

Зочин
Зочин
2023-04-12 13:35

Сөрөг сэдэв, сөнөл үхэл гээд муу бүхнийг харуулаад байв�##� зорилго нь биелдэг юмуу хашаа юм. Урлагийнхан сөрөг байгаад л байв�##� амьдр�##� улам нь бараантана биз дээ. Шагн�##� авах зорилго гол биш шүү

Зочин
Зочин
2023-04-12 19:44

Харин тийн хоёр намын рекламд тоглож байсан

Чимэд
Чимэд
2023-04-12 20:52

Би юу хийчих вэ Энэ товарищ нэлээд хэдэн литр ухаан хулгайлж төрсөн "новш" байна яваандаа нэг юм хэлэх ч байх үзүүлэх ч байх Элдэв цол чимэг өгч янз бүр болгож эвдчихгүй шиг дураар нь жаахан явуулах юмсан Энэ одоо хөрөнгө оруул�##�таар сандраад байхгүй мөнгөтэй болчихож одоо элдвээр магтаад муулаад байлгүй хараад суумаар байна.

zochin
zochin
2023-04-29 17:02

Egch uls turd toglox gej duu ni kino urlagt toglox gej yadaj yavna daa egch duu xoyor

ҮНЭН
ҮНЭН
2023-04-30 02:15

гуйлгачингийн сэдэв шаахын

Зочин
Зочин
2023-04-30 09:35

Ирэх сонгуулиар �##�ь намд чүдэнз зурах болоо, гайгүй ахиу юм өгсөнд л хуруугаа түлчих гээд л чүдэнз асаагаад л рекламдах байхдаа. МАН л биш бол сайнсан.

ajaa taij
ajaa taij
2023-05-03 07:57

uuriinhuu tuhai kino hiivuu? ovoo doo

зочин
зочин
2023-05-22 12:15

Монгол киноны DVD гарсан уу

Холбоотой мэдээ

Back to top button