Улс төрийн мэдээ

Албан ёсны хэлэлцээ: Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага судална

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Көвер Ласлог Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Манай хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдаж байгааг тодотгоод эртний түүхэн харилцаат Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг өргөжүүлэх бодит үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудыг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт талууд санал нэгдлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон Парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” хэмээгээд хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв. Мөн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны хүрээлэн болон Унгар Улсын Үндэсний Ассамблейн Мэдээллийн үйлчилгээний төв хооронд шууд харилцаа тогтоох, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх чиглэлээр тохирсон арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Унгар Улсад айлчлахыг урив.

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, худалдааны эргэлтийн нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэв. Мөн хоёр орны хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх УИХ-ын даргын санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Унгар Улсад суралцаж буй Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих боломжтой болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг тодотгов.


Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, геологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хадгалахаа талууд нотлов.

Энэхүү айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарахын төлөө хоёр улсын парламентын тэргүүн нар бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны 6 дугаар сард Монгол Улсад болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал болон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд төлөөлөгчөө оролцуулахыг хүслээ.

Хэлэлцээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав, Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Хорват Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга  Др.Верешш Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Гадаад харилцааны газрын захирал, Төрийн нарийн бичгийн дарга Др.Шарди Питер , Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Силади Золтан, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанский болон албаны бусад хүмүүс байлцав.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button