Уран ба Казахстан: Эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалт, борлуулалт
Оршлын оронд Казахстаны уран олборлолт, ашиглалт, экспортийн бүтээмжийн талаарх тоон баримтдаа даруй оръё. Учир нь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын дундуур Монгол Улсад айлчлах үеэрээ манай улсын ураны олборлолт эрчим хүчний асуудлыг хөндсөн нь биднийг он удаан ярилцаж ирсэн эл сэдэв дээр дахин анхаарахад хүргэсэн юм. Одоогоор бидэнд Казахстан ураны зах зээлд хэрхэн гарч ирсэн зураглал хамгийн ойрын жишээ болохуйц билээ.
ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОЙРЫН ИРЭЭДҮЙН ЗУРАГЛАЛ
Ураны хамгийн чухал хэрэгцээ шаардлага бол цөмийн эрчим хүчний гол түүхий эд. Ураны олборлолт нь цөмийн түлш үйлдвэрлэх үе шатуудын зөвхөн нэг нь юм. Анхан шатны боловсруулалт хийсний дараа ураныг UF6 (гексафторид) болгон хувиргаж, дараа нь баяжуулж түлш болгож үйлдвэрлэдэг. Ойрын ирээдүйд цөмийн цахилгаан станцын тоо нэмэгдэхээс буурахгүй л болов уу. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг Фүкүшима Дайчигийн ослоос хойш анх удаа ирэх арван жилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цөмийн эрчим хүчний хүчин чадлын өсөлтийн талаарх төсөөллөө шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Нүүрстөрөгч бага ялгаруулаас гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд чулуужсан түлшнээс татгалзаж цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх тал дээр илүү бодитой анхаарал төвлөрүүлэх нь дамжиггүй болоод байна. Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн албан мэдээллээс харахад дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал 2020 онд 393 ГВт (гигаватт) байсан бол Парисын гэрээний хүлээлт, амлалт бүхий “Net Zero by 2050” хөтөлбөрийн хүрээнд 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж 792 ГВт болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус байгууллагын өмнөх жилийн тайланд 2050 он гэхэд 715 ГВт(e) байх боломжтой гэж тооцоолсон нь өмнөх жилийн төсөөллөөс 10 гаруй хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас гаргасан урьдчилсан прогнозоор 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалтын хурдыг дөрөв дахин их буюу жилд 24 ГВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой хэмээн бичжээ. Цөмийн эрчим хүч 2050 он гэхэд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 12 орчим хувийг бүрдүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд цөмийн эрчим хүчний хэрэглээ буурахгүй, өснө гэдгийг харуулж буй дүн юм. Харин нөгөө талд 2021 онд дэлхийн ураны хэрэгцээ 62 мянга гаруй тонн гэж тооцож байсан бол энэ тоо 2030 он гэхэд жилд 80 мянган тоннд хүрч 2040 он гэхэд энэ өсөлтийн дүн цаашид ч нэмэгдэнэ гэсэн өөдрөг зураглалтай байгааг World Nuclear Association-ийн тайлангаас харж болох юм. Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 30 гаруй улсад нийтдээ 439 орчим цөмийн реактор ажиллаж байгаа бөгөөд энэ бүгдийг түлшээр хангахын тулд ураны нийлүүлэлт тасралтгүй шаардлагатай нь ойлгомжтой билээ. Гэвч бодит нөхцлөө харвал дэлхий даяар ураны шинэ орд илрүүлэх процесс улам бүр саатаж улмаар ураны олборлолтын хэмжээг монополь улсууд жил тутам бага багаар бууруулах бодлого баримталж байгаа нь цаашид эрэлт нийлүүлэлтээсээ давна гэсэн шинжээчдийн таамаг биеллээ олоход хүргэж буй. Мэдээж дэлхий нийтээр эрчим хүчний өөр эх үүсвэрийн эрэлт өндөр хэвээр байна.
КАЗАХСТАН ХЭР ТОМ ТОГЛОГЧ ВЭ?
Нээлттэй мэдээллээс харахад Казахстан улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт, нөөцөөрөө Австралийн дараа хоёрдугаарт ордог гэсэн ерөнхий дүр зураг бий. Үндсэндээ Казахстанд дэлхийн ураны хүдрийн хамгийн том орд нийт газар нутгийнх нь зургаан бүсэд байршдаг. 2021 оны World Nuclear Association-н мэдээллээр Казахстанд 21 мянган тонн уран олборлосон буюу энэ нь дэлхийн нийт худалдааны 45 хувийг эзэлж буй бөгөөд уран олборлогч бусад улс орнуудаас даруй 4-5 дахин өндөр дүн юм. Зарим олборлогч улсын дүнгээс арав дахин өндөр тоо. Сүүлийн арав гаруй жилийн турш Казахстан улс олборлолт, экспортоороо дэлхийд мөн л тэргүүлж байгааг тоон баримтаас харж болно. Казахстан энэ чинээгээрээ дэлхийд ураны үнийг ч тогтоодог. Дээр дурдсанчлан эрэлт нийлүүлэлтээсээ давсан энэ цаг үед үнийг тогтоох замаар Казахстан үнэхээр гол тоглогч орон болсоор байна. Урьдны жишээнээс харахад л, 2017 онд Казахстаны “Казатомпром” компани ураны олборлолтоо 10 хувиар буулгах тухай мэдэгдэж, 2018 онд олборлолтын хэмжээ нь 2000 тонноор буюу дэлхийн нийт олборлолтын 3 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр бууруулахаа зарласан даруйд дэлхийн зах зээл дээр ураны ханш 10 хувиар буюу нэг фунт нь 25 ам.доллар хүртэл өсч байв. Ердөө нэг жишээ нь энэ. “Казатомпром” компани нь дэлхийн байгалийн ураны нийт үйлдвэрлэлийн 24 хувийг эзэлдэг. Тухайн зах зээлд монополь улс орнууд тухайн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн ханшийг тогтоож байдаг нь зах зээлийн жам. Мэдээж ковидын жилүүдийн нөлөөгөөр ураны олборлолтын хурд саарсан ч 2021 онд гүйлгээний хэмжээ нь өмнөх оныхоосоо 17 хувиар өссөн бөгөөд үнийн хувьд ч мөн 11 хувиар нэмэгдсэн буюу нэг фунт нь 31 ам.долларт хүрч байжээ. Урьдчилсан прогнозын дагуу энэ онд 40 ам.доллар хүрсэн бол 2025 он гэхэд ураны дэлхийн зах зээл дээрх ханш нэг фунт нь 45 ам.доллар болж өснө гэсэн нь ураны зах зээлд хөрөнгө оруулагч банкнуудын таамагласан зураглалд дөхөх юм.
Нөгөөтэйгүүр Казахстан улс ойрын ирээдүйд ураны зах зээлд дэлхийн анхаарлын төвд байх үндсэн шалтгаан нь ОХУ, Украйны хооронд үүссэн дайны нөхцөл байдал гэж хэлж болно. Оросын цөмийн эрчим хүчний хамаарлыг бууруулахын тулд цаашид тус улсын ураны олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтийн орон зайг “Казатомпром” дангаараа үүрэх нөхцөл үүсч буй. Европын цөмийн цахилгаан станцууд Оростой хамтын ажиллагаагаа цуцлаж ойрын ирээдүйн хамтын ажиллагаа нь Казахстаныг чиглэх нь маргаангүй.
УРАНЫ БОРЛУУЛАЛТ, ТЭЭВЭР
2017 оны 4-р сард “Казатомпром” нь тус оны сүүлээс ураны зах зээлд илүү их хөрвөх чадварыг бий болгохын тулд Швейцарьт төвтэй “TH Kazatom” худалдааны охин компанийг байгуулснаа зарлав. Ингэснээр тээвэрлэлтийн ганц шугам болох Санкт-Петербург хотод дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байснаас үүдэн 7-р зэрэглэлийн цөмийн материалийг боомтоор нь тээвэрлэхэд түр саатал гарч Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутыг бий болгосон байна. Энэ зам нь Азербайжан, Гүрж улсаар дамжин өнгөрдөг тул тээвэрлэлт нь тухайн улсын дамжин өнгөрөх тээврийн байгууллагуудын шаардлагыг хангасан байхаас өөр хүндрэлгүй байв. “Казатомпром”-ын тээвэрлэлт Санкт-Петербургээр ямар ч хязгаарлалтгүйгээр үргэлжилсээр байгсан ч 2022 оны эхээр улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Оросын төмөр зам, боомтоос зайлсхийсэн өөр зам эцэслэн шийдэгдэх хүртэл Казахстаны ураны нийлүүлэлтийг түр зогсооход хүрсэн юм. Ингээд 2022 оны 9-р сард “Казатомпром” Транс-Каспийн тээврийн замаар Канадын Камеко руу уран илгээж эхэлсэн байна. Тус илгээмж 2022 оны 12-р сард Канадад очсон бөгөөд тээвэрлэлтийн хамгийн боломжийн гарцыг өөрсдөдөө бий болгосноор ураны зах зээл дэх нөлөөлөл нь улам бүр батжиж эхэлсэн гэхэд болно.
КАЗАХСТАНЫ УРАНЫ ОРД ДАХЬ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
1996 онд Казахстаны ураны ордуудын хувьцааг эзэмшсэн гадаадын анхны компаниуд нь Канадын Камеко, Францын Орано (хуучин Арева) компаниуд байв.Тэд нөөцийн хувьд хамгийн том, ирээдүйтэй ордуудын нэгийг авсан. Үүний дараа 2005 онд Америкийн “UrAsia Energy” хувьцаат компани Казахстаны зах зээлд гарч ирэв. Акдала, Өмнөд Инкай, Төв Минкудук, Хорасан-1 талбайн (200 гаруй мянган тонн хамтарсан нөөцтэй) газрын хэвлий ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг худалдан авсан. 2007 онд Америкчууд Канадын “Uranium One” компанид лицензээ шилжүүлсэн. Канадын энэхүү компани нь хувьцаа, хувьцаа солилцох, худалдан авах журам зэрэг хэд хэдэн гүйлгээ хийсний дараа 2010 оноос хойш ОХУ-ын Росатомын охин компани болжээ. Америкчуудтай яг тэр үед Хятад, Орос, Японы корпорациуд Казахстанд мөн орж ирэв. Гадны хөрөнгө оруулагч компаниуд технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, цөмийн түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ашиг сонирхлын араас Казахстанд хөл тавьж байлаа. Казакстанд нийт 13 Ураны олборлолтийн төсөл байдаг бөгөөд үүний гурав нь Казатомпромын бүрэн эзэмшилд үлдсэн 10 нь гадаадын компаниудтай хамтарсан байдлаар эзэмшдэг байна. Ураныг технологи болон хөрөнгө оруулалт гэсэн зарчмын дагуу бүх гүйлгээгээ хийх болжээ. Үүний ачаар Казахстан ойрын хугацаанд цөмийн түлшийг бүрэн боловсруулах бүтэн цикл ( үүнд уран олборлолт, боловсруулалт, баяжуулалт, түлш үйлдвэрлэх) технологитой болно. Энэ нь тус улсын хувьд энэ талбар дахь хамгийн том боломжуудын нэг юм.
Компани, төсөл болон уурхай | Гадаадын хөрөнгө оруулагч компанийн хувь | Хувьцаа болон үнэ цэн |
Инкай JV | Камеко 40% | - |
Бетбак Дала JV (Өмнөд Инкайн Акдала уурхай ) | Ураниум нэг 70% | 2005 онд 350 сая ам.доллар |
Аппак JV (Баруун Минкудук) | Сумитомо 25%, Кансай 10% | 2006 онд нийт 100 сая ам.доллар |
JV Каратау (Буденовское 2 орд) | Ураниум Нэг 50% (2009 онд худалдаж авсан) | 117 сая ам.доллар Ураниум нэг-тэй хуваалцах, эзэмших 19.9 хувийн эрх+ 90 сая ам.долар |
Акбастау JSC (Буденовское 1,3,4-р орд ) | Ураниум Нэг компанитай 50% (2010 онд худалдаж авсан) | - |
Жалпак | CNNC 49% | - |
Катко JV (Мойнкум, Торткудук уурхай) | Орано 51% | 2004 онд 110 сая ам.доллар |
Кызылкум ХК одоо Хоросан-У (Харасан 1 уурхай) | 30%, Энержи Ази (Япон + Казатомпром 40.05%) 20% | 2005 онд 75 сая ам.доллар 30%, 2007 онд нийт 430 сая ам.доллар (хоёулаа уурхай) |
Байкен Ю JV (Харасан хоёр уурхай) | Энержи Ази (Япон+ 40.05% Казатомпром) 47.5% | 2007 онд нийт 430 сая ам.доллар (хоёулаа уурхай) |
Семизбай Ю JV (Иркол, Семизбай уурхай) | CGN 49%, мөн CNEIC | - |
Заречное JSC (Заречное болон С.Заречное уурхайнууд) | Ураниум Нэг 49.67% (2010) онд ARMZ-ээс худалдаж авсан, Киргизстан 0.66% | ARMZ нийт 60 сая доллар төлсөн |
Ц.ТАМИР
Эх сурвалж: https://www.iaea.org/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.