Айлчлал: Манай зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, үлэг гүрвэлийн 16 олдворыг буцааж өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр,
- Mitre хөгжлийн судалгааны байгууллага,
- Батлан хамгаалахын яам,
- Тээврийн яам,
- АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг газруудад ажиллаж, албан ёсны уулзалтуудад оролцлоо.
Уг айлчлалыг Eguur.mn мэдээллийн агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам АНУ-ын Вашингтон хотоос сурвалжлан ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Нэг. Монгол Улсын энхийг сахиулах үйл хэрэгт оролцож буйг өндрөөр үнэлэв
Мэдээллийн товч агуулга:
- Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч буйд талархлаа илэрхийлэв.
- АНУ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархлаа илэрхийллээ.
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Иракт олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
Хоёр. АНУ-Монгол хоорондын шууд нислэгийн гарц нээгдлээ

Мэдээллийн товч агуулга:
- Авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтрахаар болов.
- Он удаан жил яригдсан Монгол Улс, АНУ хоорондын шууд нислэгийн гарц нээгдэж, ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа талууд онцлов.
Энэ үеэр мөн “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллана. Тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.
Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллана.
Энэ тухай онцолсон Айлчлал| С.Бямбацогт: АНУ руу зорчих тийзийг 50-60 хувь хямдруулж, хоёр онгоцоор нислэг үйлдэнэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Гурав. Mitre корпорацид зочлов

Мэдээллийн товч агуулга:
- Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөлтэй танилцлаа
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
“MITRE” корпораци нь дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав. Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
АНУ-ын Засгийн газарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “MITRE” корпорацийг 1958 онд Массачусетс хотноо байгуулжээ. Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм. 9,000 гаруй ажилтантай, судалгаа, хөгжүүлэлтийн зургаан төв, нийт 200 гаруй лабораторитой, жилийн 2 тэрбум долларын төсөвтэй, АНУ-ын Холбооны засгийн газраас санхүүждэг.
Дөрөв. АНУ-д хураагдсан үлэг гүрвэлийн олдворуудаа авахаар болов
Мэдээллийн товч агуулга:
- АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгнө.
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Үлэг гүрвэлээс үлдсэн араг яс, өндөг зэрэг олдворууд дэлхийн улс орнуудаас олддог ч Монголын газар нутгаас энэ дундаас хамгийн өвөрмөц бас ховор олдвор нь илэрсээр байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.
ЭСЯ-ны зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлын хүрээнд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Элчин сайд Ө.Батбаяр 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.
Үлэг гүрвэлийн олдворыг хүлээлгэж өгөх нь Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал бөгөөд хоёр улсын соёлын салбарын харилцаа сайн байгааг нотлон харуулах төдийгүй эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас сэргийлэх ач холбогдолтой үйл явдал юм.
Дэлхийд данслуулсан палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйлс, олон сая жилийн түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар төрөлх газарт нь буцаах эрхэм үйлсэд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан зэрэг олон байгууллага гар бие оролцдог. Түүнчлэн үйл ажиллагаанд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палентологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
Монгол, Америкийн Засгийн газрын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр олж, илрүүлж, судлан таньж, буцаан олгож буй эдгээр үлэг гүрвэлийн олдворууд нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг болно.
АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae нь бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа бөгөөд энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм. Энэхүү олдвор цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг палентологич, доктор М.Болорцэцэг болон бусад судлаачид онцолж байна. Түүнчлэн эдгээр олдвор дунд АНУ-ын нэрт жүжигчин Николс Кэйжийн 2007 онд “the Beverly Hills gallery I.M.” дуудлага худалдааны үеэр авсан Тиранназавор Батаарын олдвор багтаж байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Айлчлалын эхний өдрийн уулзалтаас АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын Монголын талаар цохон тэмдэглэсэн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт багтдаг онцлогт байршлын талаарх агуулга байв. Чухам эл шинэчилсэн бүсчлэлээр Монгол Улс барууны анхаарлыг ихээхэн татаж буй. Үргэлжлүүлээд хоёр дахь өдөр нь Батлан хамгаалахын яамтай хийсэн уулзалт тодорхой хүрээний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.
Манай улсын хувьд энэ удаагийн айлчлалаар дамжуулан, АНУ-тай гуравдагч хөршийн харилцаагаа эдийн засгийн замаар бэхжүүлэх, шинэ тутам технологийн төслүүд дээр хамтрах, цаашлаад эрчим хүчний хэрэглээгээ илүү глобальчлах зэрэг алхамуудад чухал ач холбогдол өгч буйгаа удаа дараа онцолсоор буй.
Айлчлалын эхний өдрийн мэдээлэл:

Айлчлал: АНУ руу шууд нислэг үйлдэж, Google компанитай шинэ хамтын ажиллагаа эхлүүлнэ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yum avna geel bdag yu orond n uguhiimbedee
Тоглоомын засгийн газар гэж. Бараг л хэдэн цайрсан өлөн хулгайч луйварчид нь сайд гэх ха ха
зэвсэгт хүчин юу ч билээ, хэнтэй дайтах нь вэ түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч болох нь
Юун зэвсэгт хүчин бн??