БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд олны өмнө гаралгүй хоёр долоо хоног өнгөрөв

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд Ли Шанфу олны нүдэнд харагдалгүй хоёр долоо гаруй хоносон байна. Мөн дотоод эх сурвалжууд түүнийг Вьетнамын Батлан хамгаалах албаны хүмүүстэй товлосон уулзалтаа эцсийн мөчид цуцалсан гэжээ.
65 настай Ли есдүгээр сарын 7-ноос 8-ний хооронд Вьетнамд болох батлан хамгаалахын уулзалтад оролцох байсан. Гэвч уулзалт эхлэхээс хэдэн өдрийн өмнө Ли эрүүл мэндийн асуудалтай байгаа тул оролцож чадахгүй гэж Бээжин мэдэгдсэн юм.
Түүний уулзалтыг цуцлахаас өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цин Ган долоодугаар сард олны нүдэнд үзэгдэхгүй удсаны дараа Ван И Гадаад хэргийн сайдын суудлыг шилжүүлэн хүлээн авсан билээ.

Цин Коммунист намд элсээд түргэн хугацаанд тушаал ахиж ирсэн. Тухайн үед түүнийг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ойр хүн учир ингэж хурдан дэвшиж чадлаа гэх зүйл яригдаж байсан юм. Ийм байхад долоодугаар сард түүнийг ажлаас нь чөлөөлсөн явдал маш хачирхалтай туссан. Тухайн үедээ Цинийг олны нүдэнд харагдахгүй байгаа шалтгааныг Литэй ижил эрүүл мэндийн гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.