Нобель 2023: Физикийн салбарт гурван шагналтан тодорлоо
Нобелийн шагналтнуудыг энэ долоо хоногоос тодруулж эхэлсэн билээ. Тус шагналыг хүн төрөлхтөнд хамгийн их үр ашиг авчирсан нээлтүүдэд олгодог. Нобелийн комисс энэ жил анагаах ухааны салбараас эхлэн шагналтнуудыг тодруулсан билээ.
Тэгвэл физикийн салбарт Пьер Агостини, Ференц Краус, Энн Л’Хульер нар энэ жилийн шагналыг хүртэн, шинжлэх ухааны түүхэнд нэрээ мөнхлөв. Тэд атом, молекул доторх үйл явцыг бүртгэж чадах маш богино долгионыг бүтээсэн юм.
Энэхүү нээлт нь эрүүл мэндийн салбар мөн электроникийн салбарын технологийг цаашид хөгжихөд түлхэц үзүүлэх боломжтой аж. Атом дотор хэдхэн аттосекундийн (секундийг тэрбум хуваасныг тэрбум хуваасантай тэнцэх хугацаа) электронууд хөдөлдөг.
Иймд электронд гарч буй өөрчлөлтийг ажиглах боломжгүй гэж эрдэмтэд боддог байсан юм. Гэхдээ Агостини, Краус, Л’Хульер нар аттосекундийн хурдтай долгион бүтээснээр энэ бүхнийг өөрчилсөн юм.
Физикийн салбарын Нобелийн шагналтныг тодруулах хорооны гишүүн Эва Олссон “Аттосекундын хурдтай гэрлийн долгионыг бүтээсэн нь маш богино хугацааны талбарыг нээж, электроны ертөнцийг үүдийг мөн нээлээ” гэж хэлжээ.
Агостини болон Л’Хульер хоёул Франц гаралтай, гэхдээ Агостини АНУ-ын Охайо мужийн их сургуульд, Л’Хульер Шведийн Лунд их сургуульд профессороор ажилладаг байна. Харин Унгар гаралтай Краус Герман дахь Макс Планкын квант оптикийн хүрээлэнгийн захирал аж.
Нобелийн комисс одоо хими, утга зохиол, энх тайван, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт шагналтнуудыг тодруулах үлдлээ.
Эх сурвалж: Reuters, nobelprize.org
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.