УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ерөнхий сайд Засгийн газрын сайдад томилох хүмүүсээ танилцууллаа

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гараг буюу аравдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2023.10.05/ энэ намрын чуулганы анхны хуралдаан болж байгааг нэг дороос багцлан хүргэе.


НЭМЭЛТ: 16.20 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ. Тэрбээр "УИХ, Засгийн газар сүүлийн 30 орчим жил анхаараагүйгээс болж, хот төлөвлөлтгүй газрын наймаатай болсон. Бид мэдсэн ч мэдээгүй юм шиг харсаар явж байна. Засгийн газар, УИХ-аар баталсан журам, хууль хэрэгжихгүй байна. Нийтийн тээвэрт монополь болсон гурван компанид хэдийг хүртэл чөтгөрийн тойрогт нь орж явах билээ. Олон асуудал үүсгэчихээд ичихгүй амьдарч байгаа үе үеийн хотын дарга нарын асуудлыг хэрхэх вэ. Улсын нийслэлийн асуудал улсын асуудал болсон байна. Их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлох зайлшгүй шаардлага УИХ-ын гишүүд болон та бидний өмнө байна. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилж болохгүй. Засгийн газар нийслэлийн талаар тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд онцгой анхаарч ажиллах шийдвэрийг гаргалаа.

Хаврын чуулганаар та бид ачаалалтай ажиллаж, олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ намрын чуулганаар өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллаж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, хотын ерөнхий төлөвлөгөө, эрх зүйн байдал, газрын харилцааг цогц байдлаар шийднэ. Энэхүү зорилгыг хангах хэрэгжүүлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдыг ахлах хэрэгтэй гэж үзсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдын оронд Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна" гэлээ.

Ташрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайд, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохыг 100 хувийн саналтайгаар дэмжсэн байдаг.

НЭМЭЛТ: 16.00 цаг

УДШ-д нэр дэвшигчийг танилцуулж, дууссанаар дараагийн асуудалд шилжсэн юм.

НЭМЭЛТ: 15.46 цаг

-УДШ: Биеийн тамирын багшаар ажиллаж байсан шүүгч Н.Батзоригийг нэр дэвшүүлжээ-

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид Н.Батзоригийг нэр дэвшүүлжээ.

Н.Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. Ам бүл тав. Тэрбээр,

  • 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль
  • 1990-1992 онд Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1995-1999 онд Шихихутуг дээд сургуулийг эрх зүйч
  • 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

Түүний ажлын намтар нь,

  • 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч
  • 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч
  • 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах
  • 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч
  • 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
  • 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан туршлагатай юм.

Тэрбээр шүүгчийн мэргэжлээр 16 жил долоон сарын турш ажилласан байна. УДШ-д нэр дэвшигчийг УИХ-аар танилцуулсны дараагаар Ерөнхийлөгч томилдог билээ.


НЭМЭЛТ: 15.25 цаг

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлтэй өнөөдрийн хуралдаанаар танилцлаа. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүлэв.


НЭМЭЛТ: 15.20 цаг

-"Иргэдийн тэтгэврийн мөнгө 4.5 шуудай гурилтай тэнцэж байна"-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тэтгэврийнхэн, бага орлоготой иргэдийн гэрээс 400 мянган төгрөг хулгайлж байна. Ахмадуудын тэтгэвэр 550 мянган төгрөг болсон. Тэтгэвэр нэмэгдэх үед нийт 10 шуудай гурил авдаг байсан. Гэтэл тэтгэвэр нэмэгдсэн ч одоо бол 4.5 шуудай гурил л авч байна. Инфляц гэхэд л гурил дээр 140 хувиар өсжээ. Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд ахмадуудын мөнгийг авч байна. Инфляцаар өгсөн бүхий л мөнгөө буцаагаад авч байна. Шуудай гурилыг 120, 130 мянган төгрөг болтол нь эдийн засгийг удирдана гэж юу байдаг юм. Нүүрсний өсөлтөөс орж ирсэн мөнгө чинь ард түмэнд ээлтэй байж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Инфляц наймдугаар сарын сүүлээр 10 хувьтай байна. Гэвч хүнсний инфляц өндөр байгаа. Үүнийг хэрхэх вэ. Мөн ипотекийн зээлийн найман хувийг зургаан хувь болгох боломж байгаа юу.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход хоёр хувийн хүүгийн зөрүү үүснэ. 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардах тооцоо гарсан. Үүнийг шийдэх боломжтой бол ипотекийн найман хувийг зургаан хувь болгох боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсвийн орлого 27 их наяд болсон. Энэ оныхоос таван их наяд төгрөгөөр өссөн байна. Хэр бодитой тооцоо вэ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Төлбөрийн тэнцэл энэ оны эхний найман сарын байдлаар 500 тэрбумын ашигтай гарсан. Ирэх жилийн төлбөрийн тэнцэл 530 орчим тэрбумын ашигтай гарах хүлээлттэй байгаа. Энэ жил бодлогын хүүг хатуу барьсан. Ирэх жил ч бодлогын төлөв хатуу байна.

НЭМЭЛТ: 14.43 цаг

-Ирэх жил орон нутагт Улаанбаатараас илүү ипотекийн зээлийг олгоно-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Макро эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд байна. Энэ нь өрхийн хаалгаар орж чадаж байна уу. Бодлогын хүү 13 хувь байгаа нь бизнесүүд урагшлахгүй байна гэсэн үг. Эдийн засгаа олон тулгууртай болгоно гээд байдаг. Гэтэл хэрэгжиж чадахгүй байна шүү дээ. Бизнес эрхлэгчдэд зээл олдохгүй, тэлэхгүй байна. Бид хэзээ төрөлжүүлж чадах вэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийн чинь 90 хувийг нь Улаанбаатарт өгч байна. Засгийн бодлогын эсрэг болоод байна. Орон нутаг болон Улаанбаатарт 50:50 хувьтай болгомоор байна. Санхүүжилтийн эх үүсвэрээ орон нутаг руу өгөх хэрэгтэй.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Ипотекийн зээлийн 16 орчим хувийг орон нутагт өгч байгаа. Тиймээс цаашид орон нутаг дахь уг зээлийг нэмэгдүүлэхийн тулд зээлийн дээд хэмжээг нэмсэн. Орон нутаг дахь хүүгийн хөнгөлөлт 16 тэрбум болж нэмэгдсэн нь манай ирэх жилийн гол бодлого байх болно. Нэг жилд 7000-8000 хүнд ипотекийн зээл олгодог. Харин дээрх хүүгийн хөнгөлөлтийг нийт 4300 өрхөд өгнө гэж тооцоолж байгаа. Тэгэхээр таны хэлсэнчлэн 50:50 хувьд хангалттай очих боломжтой гэсэн үг. Бизнесийн зээл багассан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Инфляцтай холбоотой асуудлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулж харахад гадаад хүчин зүйл дээр макро эдийн засаг сайжирсан, эерэг үзүүлэлттэй байна. Харин дотооддоо мах болон гурилын үнэ өндөр байгаа нь инфляцын түвшинг өндөр байлгаад байгаа юм биш үү. Гэтэл малчдын орлого нэмэгдээгүй байна. Цаашид хэрхэх вэ. Ногоон зээлээ ипотекийн зээлтэй хамт эн чацуу авч явах шаардлагатай юм биш үү.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Бодлогын хувьд санал нэг байна. Дахин хэлсэнчлэн орон нутаг болон Улаанбаатар хотын хувьд ипотекийн зээлийг тэнцүүлнэ. Мөн сүүлийн үед дэлхий даяар ногоон зээлийг нэмэгдүүлж байгаа. Байгаль орчинд ээлтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа зээл юм. Дараа жил бид ногоон зээлийг 10 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Цаашид олон улсын болон холбогдох байгууллагуудтай энэ тал дээр хамтарна.

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид буурахаар байна. БНХАУ-ын хүчин зүйл нүүрсний үнэд нөлөөлөх магадлалтай байгаа. Мөн газрын тосны нийлүүлэлт багассанаас хойш үнэ нь өсөж, улс орнуудын инфляцад нөлөөлж байна. Харин дотооддоо бол гишүүний хэлсэн шиг мах, гурилны үнэ нөлөөлж байгаа нь үнэн. Манай улсын эдийн засагт тээвэр ложистик, зарим компаниудын ашиг богино хугацаанд өссөн гэх мэт асуудлууд ч бий. Бид тооцооллыг нь хийгээд Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Банкууд ногоон зээлээр 500 орчим сая ам.долларын эх үүсвэрийг оруулж ирсэн. Цаанаас нь мониторинг хийж байдаг болохоор зөвхөн энэ чиглэлд л зээлийг олгох ёстой байдаг.


НЭМЭЛТ: 13.50 ЦАГ

-Д.Тогтохсүрэн: Гаднын банк орж ирэх хууль хэрэгжээд 1 жил өнгөрлөө. Ямар ч банк алга-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ипотекийн зээл цаашид хэрхэх юм. МИК-аар дамждаг байсан. Төр авна гэх юм. Ард иргэдэд энэ талаараа тайлбарлаж өгөөч. Хоёрт, Монголбанк инфляцыг оны эцэст хоёр хувь буурна хэмээсэн. Энэ төсөөлөлдөө хүрч чадах уу. Бодлогын хүүг 13 хувь хэвээр байлгаж байгаа шүү дээ. Гуравт, банкны систем дэх авлига нэмэгдсэн. Банкны тухай хуулиа бүх банкууд зөрчиж байна. Монголбанк шалгалтаа тайлагнаач. Эцэст нь жижиг хувьцаа эзэмшигчид нь банкуудын муу зээлийн асуудлыг мэдэхгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Ипотекийн зээлийг Засаг авахаар болсон. Аль субъектдээ хүлээн авахаа ч шийдээгүй. Тиймээс Төв банкийг цаашид түр хугацаанд хариуцаж явахаар болсон. Хоёрт, энэ оны төгсгөлөөс ипотекийн зээлийг хөтөлбөрийг Монголбанк түр хугацаанд авч хэрэгжүүлж явахад УИХ-аас тогтоол эсвэл түүнтэй адилтгах эрх зүйн адилтгасан шийдвэрийг гаргаж өгвөл бид хэрэгжүүлж, хариуцаж явах юм. Одоогоор арилжааны банканд 17 мянган ипотекийн зээлийн өргөдөл хүлээгдэж байна. Гуравт, Төв банкнаас арилжааны банкуудад хийсэн хяналт шалгалтаа гуравдагч этгээдэд задруулахгүй байх журамтай. Авлигын асуудлыг Монголбанк болон дотоодын хяналт шалгалтын багийнхан шалгадаг. Түүнчлэн зайлшгүй аудит оруулж, мэдээллээ олон нийтэд ил тод зарлах нь тухайн банкны шийдвэр юм. Монголбанкнаас Төв банкны тухай хуульд шинэчлэл оруулахаар өргөн барьж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Монголчуудын амьдралд асуудал үүсгэж байгаа гол зүйл нь зээлийн хүү байна. Зээлийн хүү 18-24 хувьд хүрсэн. Өөрийн эх үүсвэртэй гаднын томоохон банк Монголд орж ирнэ гэж үзсэн. Энэ хууль хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрөхөд Монголд гаднын баг орж ирсэнгүй. Монголбанкийг энэ асуудалд муу ажиллаж байна гэж бодож байна. Энэ чиглэлд юу хийв. Хоёрт, Засгийн газрын төсөв их тэлжээ. Энэ нь мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлдөг. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хэрхэн уялдсан бэ. Ипотекийн зээлийн асуудал Монголбанкан дээрээ л дуусах хэрэгтэй гэж би бодож байна. Энэ парламент дуусахад хагас жил л үлдлээ.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Засгийн газраас 16 тэрбум төгрөгийг орон нутгийн ипотекийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд ирэх жил суулгасан. Энэ бол 4300 орчим өрхөд нөлөө үзүүлэх хөнгөлөлт юм. Уг зээл нь хөдөөгийн хөтөлбөрт түлхүү чиглэх нь оновчтой гэдэгт Монголбанк дэмжиж байгаа. Зээлийн хүүг хууль баталж, захиргааны аргаар бууруулах боломжгүй. Арилжааны банкуудад хангалттай эх үүсвэр байхгүй байгаа нь зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан. Төв банкнаас гадаад орны санхүүгийн байгууллагуудтай уулзаж байгаа. Манай улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг ирүүлээгүй. Гэвч хоёр банк төлөөлөгчийн газраараа дамжуулж, үйл ажиллагаа явуулж байгаа. Бид тэдний үйл ажиллагааг дэмжи ажиллаж байна. Мөн БНСУ-ын арилжааны банкуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн бөгөөд гадаадын томоохон банкуудад сурталчилгаа хийж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монголбанк хараат бус ажиллаж чадаж байгаа юу. Би бол чадахгүй байна гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн мөнгөний бодлого дампуурсан. Та бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг 6+-2 хувьд барина гэсэн. Чадаагүй. Бодлогын хүү урт хугацаанд 13 хувьтай байлаа. Барааных нь үнэ өссөн. Ипотекийн зээлийг та нар хариуцах ёсгүй. Ингэж та нар Засгийн газрын гишүүн шиг энд сууж байна. Ипотекийн зээлийг хэрэгжүүлнэ гэж мөнгө хэвлээд, цаад утгаараа орон сууцны үнийг өсгөчихлөө. Мөн своп хэлцэл бий. БНХАУ-ын Ардын банктай хэлэлцсэн хэлцэл чинь одоо ямар байгаа юм.Одоо бол Монголбанк ард иргэдийг ядуу байлгах мөнгөний бодлого явуулж байна. Данхайсан төр, эрх баригчдад үйлчилж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу. Мөн 2024 оны мөнгөний бодлогыг гадаад эдийн засагтай уялдуулж хийж чадав уу.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Төв банк Засгийн газрын бодлого нэг байдаг гэж боддог. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчинг бий болгох гэж бодож байна. Төв банкны мөнгөний бодлого эрэлт, Засгийн газар нийлүүлэлтийг нь хариуцаж явдаг. Тиймээс Төв банк дангаар эдийн засгийг хариуцаж явах боломжгүй. Ипотекийн зээлийн нэгэнт хэрэгжээд явж буй бодлогыг бид хаяж болохгүй. Өөрийн эзэмшилд байгаа бондын өмчлөлийг хариуцах корпорацад нь шилжүүлж өгнө. Своп хэлцэл нйит өрийн хэмжээнд орж явдаг. Нийт 15 тэрбум юанийн своп хэлцэл байгуулсан. Үүнээс 12 тэрбумыг нь ашигласан. 2016 оноос нэг ч юанийг ашиглаагүй. Энэ оны наймдугаар сард гурван жилээр хэлцлийг нь сунгасан. Өнгөрсөн жил бол инфляцын түвшинг нэг оронтой тоонд оруулахаар зорьсон. Харин ирэх жилийн хувьд дунд хугацаанд 6+-2 болгон гэж тооцоолсон юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монголбанк ирэх жил бодлогын хүүг 13 хэвээр байлгаж, хатуу бодлого баримтлах юм байна. Тэгэхээр ирэх жилд ажлын байр, эдийн засаг тэлэх боломжгүй гэсэн үг үү. Иргэд ажлын байргүй, орлогогүй, ядуу амьдарч байна. Хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Төсөв, эдийн засаг тэлж байгаа болохоор хатуу бодлого баримталж байна гэх та нарын зөв. Гэвч нөгөө талд арилжааны банкууд үүнээс болж зээл гаргахгүй байна шүү дээ. Төсөв, мөнгөний бодлогоо уяж, мэдрэмжтэй хуваарилалт хиймээр байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Зарчмын хувьд санал нэг байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалахын тул инфляцыг анхаарах нь зөв. Манай эдийн засаг 53 орчим их наяд байдаг. Гурав гаруй их наядыг үнийн өсөлтөд алдаж байна. Тиймээс инфляцыг бууруулах нь хамгийн оновчтой гарц. Төсвийн тэлэлттэй байгаа үед бид мөнгөний хатуу бодлогыг баримтлахаас өөр аргагүй. Улмаар инфляц буурсны дараагаар зээлийн хүү буурах боломжтой.

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Хөдөлмөр эрхлэлтийн түвшин өнгөрсөн жилээс хойш өссөн үзүүлэлттэй байгаа. Уул уурхайн салбар сэргэж, тээврийн салбар дагаж байна. Бусад салбарын эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж байгаа.


НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

-Ц.Даваасүрэн: Г.Занданшатар аа, чамд би шүүмж хэлэхгүй бол хэн хэлэх юм-

Чуулганаар үдээс хойш Төрөөс авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хариуцлагагүй байдал бидэнд байна. Хариуцлагагүй хэлэлцэж буйгаас болж олон асуудал үүслээ. Шүүмжлэлээ сонсож сур УИХ-ын дарга аа. Чи хоёр удаа дарга хийсэн болохоор үг сонсохоо больчихсон. Чамд би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм. Хариуцлагагүй байдлаа өөрөөсөө эхэлж зас. Эдийн засгийн өсөлт зургаан хувь хэмээн хэлж байгаа. Уул уурхайн борлуулалт нэмэгдсэн. Тэр дундаа Оюу Толгойгоос найман хувь нь л дотооддоо үлддэг. Гэтэл энэ өсөлт чинь ерөөс бодитой биш байна. Монголбанкныхаан, та нар ханшны талаар бодитой хэлэх хэрэгтэй. Үгүй бол эдийн засгийн өсөлт чинь иргэд, нийгэмд буухгүй байна. Энэ жилийн хэлэлцүүлгийн явцад гишүүд анхаармаар байна. Монголбанканд Эдийн засгийн байнгын хорооныхон үүрэг өг.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хэлэлцэх асуудлаа хэлэлцье. Хүүхэд хамгааллын асуудлыг дараа нь ярих хэрэгтэй. Сайд нар ажлаа хий. Сайд нарыг ажлаа хийхийг би шаардаж байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэж зааж өгсөн. Бид инфляцыг бууруулж, тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байгаа. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 0.4 хувиар суларсан. Бусад улс оронтой харьцуулахад тогтвортой байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарах шаардлагатай байгаа. Хөрөнгийн болон урсгал дансны алдагдал багассанаар төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Төв банкнаас нийгмийн дундаж бүлгийнхэнд чиглэсэн ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид илүүтэй анхаарч байгаа. Засаг хувьдаа уг хөтөлбөрийг авах байсан ч Монголбанк үргэлжлүүлэхээр болсон.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Засгийн газар тэр дундаа Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийг хугацаандаа авчихмаар байна. Та бүхэн ярилцаад зээлийг хугацаанд аваач. Монголбанканд үлдээгээд цааш нь явуулаад байлгүй. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэх мэт зүйлсэд нөлөө үзүүлэх юм билээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ц.Цэрэнпунцаг аа, чи асууж байгаа зүйлээ ч ойлгохгүй байна. Ипотек чинь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлдөг юм. Чи асууж байгаа зүйлээ ойлгохгүй байгаа болохоор дуугүй сууж бай. Монголбанкны хариулж байгаа нь зөв. Бид хэр хэмжээний мөнгө хэвлэхээ УИХ дээр ярилцаж байх нь зөв. Үүнийгээ хэрхэн зохицуулж явахаа ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Ц.Даваасүрэн сайд аа, та бүгдийг мэдэж байгаа юм чинь мэдэж байгаа байлгүй. Монголбанкан дээр байгаа ипотекээ танай яам ав л даа. Та авахгүй байгаа ш дээ. Олон хүн харж, попроод Монголбанкныхныг загнаад байх юм. Танайх мөнгө хэвлэж чадахгүй биз дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газар дээрээ ипотекийн зээлийг авъя гэх санал гаргалаа. Монголбанк нь шилжүүлж өг өг. Мөн мөнгө хэвлээд байгаа юм биш, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нь эргүүлж өгч байгаа юм.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзлээ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж дуусаад УИХ-ын гишүүдийн олонх нь энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Ж.Сүхбаатар: ҮХЦ даргын үзэмжээр томилогддог байдал руу буцаах нь том асуудал-

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Эл дүгнэлтийг ХЗБХ, ТББХ хэлэлцээд дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, парламентын хяналтын механизмыг хүчтэй болгох тухай асуудал байсан. Үүний хүрээнд томилгооны сонсголыг хуульчилсан. Ингэснээрээ ҮХЦ, УДШ-ийн нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонсгол хийдэг, хяналтын нарийн шүүлтүүрээр оруулдаг болсон. Үүнээсээ ухрах гэж байна. ҮХЦ-ийн дүгнэлтэд ганцхан авах зүйл байна. Тэр нь дахин томилох бол одоогийн процедураар явуулах нь буруу гэдэг. Түүнээс биш танилцах, зөвшилцөх хэлбэрээр явж байгаа зүйлийг хэн нэгэн даргын үзэмжээр томилогддог байдал руу буцааж оруулах гэж байгаа нь маш том асуудал" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Манай ҮХЦ янз бүрийн шийдвэрүүд гаргаад байгаа л даа. Заримдаа арай ч дээ гээд гомдмоор. Саяхан УИХ-аар хуурамч дизелийн татварыг Үндсэн хууль зөрчлөө гээд л оруулж ирж байгаа байхгүй юу. УИХ татвар тавих эрхгүй болж байгаа юм. Ийм заваарсан, УИХ, төр засгаа нулимсан шийдвэр гаргаж байгаа.

Зарим нь их боломжийн. Тухайлбал, 05 дугаар дүгнэлтийг боломжийн гэж харж байна. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар эрх аваад, эрхийнхээ дагуу ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчээ явуулсан нь, сонголтоо аль хэдийн хийчихсэн гэсэн үг. Магадгүй тэндээ нээлттэй сонсголоо хийчихсэн байхад энд дахиад сонсголоор оруулах юм уу.

Дахин нэр дэвшихэд сонсгол хийх нь буруу гэдэгт Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нэг байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд ч Ерөнхийлөгчийн томилгоонд нотлох сонсгол хийдэг. Харин хувь хүний асуудал хэлэлцэх үү, мэргэжлийн сонсгол хийх үү гэдгийг ялгах шаардлагатай болчхоод байгаа гэдэг. Хоёрдугаарт, ҮХЦ-ийн шийдвэрүүд Үндсэн хуулийн 3.1-т заасан төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна, ард түмний гарч байна гэдгийг яагаад үгүйсгээд байдаг юм бэ. Ийм учраас ҮХЦ-ийг цэгцлэх шаардлагатай байгаа. Цэцийн хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Ц.Мөнх-оргил гишүүнээр ахлуулсан. Жил өнгөрлөө. Ц.Мөнх-Оргил гишүүн энэ хуулиа яаравчилмаар байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нээлттэй сонсгол хийдэг болсоноос хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Эсрэгээрээ хаалттай болсоноор нүүрсний 18, 19 их наядын хулгай гарсан. Гишүүд, сайд нар нь ч мэддэггүй. Одоо ногоон автобусны хулгайч бас нууц гэсэн үндэслэлээс л гарч байна. Ардчилсан улс байя гэж бодож байвал ил тод, нээлттэй байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Цэцийн тухай хууль бараг 30 гаруй жил болчихлоо. Хуулийг нь шинэчлээд, УИХ энэ ҮХЦ-ийн асуудлаа анхаарвал яасан юм бэ. УИХ төрийн эрх барих дээд байгууллага юм бол томилгооны сонсголоо маш сайн хийх ёстой. Одоо олигтой хийж чадахгүй байгаа шүү. Лобби орж ирээд л. ҮХЦ есөн гишүүнтэй. Уг нь сайн хуульчид тэнд байх ёстой. Гэтэл янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байна. ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэсэн ойлголттой байна. Томилгооны сонсголыг хуулиар шийдэх ёстой асуудал. Шүүх бие даасан, хараат бус байх зарчим алдагдсан. Үүнд цэц гэхээсээ илүү хууль тогтоочид бид анхаарах ёстой.

ҮХЦ-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн талаар хүргэсэн Иргэдийн мэдэх эрхэд халдсан ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авах уу нийтлэлийн ЭНД дарж уншина уу.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Б.Пүрэвдорж: Чоно ихэдлээ, мал хорогдлоо. Арьс шир хаягдлаа-

УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүүхдийн эрхийн асуудлаар үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын талаар ам нээв.

Ингэхдээ тэрбээр спикерийн хөндсөн хүүхдийн эрхийн асуудлаас тэс хөндлөн орон нутгаар явснаа, малын хорогдол, хулгай, чоно, арьс шир ярьсан шигээ суув.

Тэрбээр, "Орон нутагт иргэдтэй уулзлаа. Тэд хэд хэдэн асуудлыг ярилаа. Арьс шир хаягдаж байна. Үнээ өсгөж, махны ченжүүдийг зохицуулж өгөхийг хүслээ. УИХ-ын гишүүд малчин аав, ээжгүй тул өөдтэй шийдвэр гаргахгүй байна. Чоно ихэдлээ. Тал, хангайн чоноо хорьж, анхаарах хэрэгтэй байна. Мал хорогдож байна. Нэгдлийн мал маллаж байсан хүмүүсийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Яагаад ийм муу шийдвэр гаргав гэлээ. Нэгэндээ барьцаалагдсан эрх баригчид нэгнээ илчилж, хэргүүдийг шийдэж чадахгүй байна. Суманд малын мах 5000 байхад сургуулийн үдийн хоолны махны үнэ 11000 байна. Тендерийн хуулиа харж, сайжруул. Ерөнхийлөгчийн арга хэмжээ сум, багт хүрэхгүй байна. Олон нийт бугшсан хулгайг ихэд бухимдаж байна. Дээрээс доош бүгд авлигын системтэй болсон. Сумын сургуулийн захирал хүртэл үйлчлэгч ажилд авахдаа авлига авч байна. Монгол орон авлигын орон болчихлоо. Төрийн өндөрлөгт байгаа эрх барьж байгаа та нараас болж Монгол ялзарсан нийгэм болж байгаа гэж иргэд маань ярьж байна. Хариуцлага тооцох асуудлыг сайжруулахгүй бол та нар ч мэдэхгүй.


НЭМЭЛТ: 10.15 цаг

-Спикер: Дорноговьд 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна, гишүүд ээ-

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрх, хүүхдийн асуудлыг хөндөж үг хэллээ. Мөн холбогдох байнгын хороодод энэ чиглэлээр даруй ажиллахыг үүрэгдэв.

Тэрбээр, өнөөдөр гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт , ҮХЦ-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлт. Хоёрдугаарт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл". Гуравдугаарт, УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана.

Маргаашийн УИХ-ын чуулганы мэдээллийн цагаар хүүхдийн эрхийн асуудлыг ярилцах зайлшгүй шаардлага гарч байна. Эрхэм гишүүд ээ, сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа мэдээлэл гарах боллоо.

Хүүхэд автазамын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж, бусдад дээрэмдүүлж, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлэлд, гэртээ угаартаж байна. Хүний наймааны ноцтой үйл явдлууд ч мэдээлэгдэж байна.

Өчигдөр мэдээлэгдсэнээр, 20 гаруй хүний наймааны хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд гэжээ. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа боловч хараахан үр дүн гараагүй байна. Сүүлийн арав гаруй хоногт хэчнээн эмгэнэлтэй үйл явдал болов. 13 настай хүүхэд сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулж амиа алдлаа. Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдлаа. Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж амиа алдсан. 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ.

Улсын хэмжээнд сүүлийн 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байгаа олдоогүй, 20 гаруй хүүхэд байна гэж байна.

Ийм түгшүүртэй үйл явдлуудад ялангуяа төр засгийн байгууллагууд зүгээр сууж байж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос болох ёсгүй.

Хүүхдийг төрснөөс нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах, хайрлах үүрэгтэй. Гэр бүл бүрийн эрхэм үүрэг. Хүүхдэд ээлгүй улс үндэстний ирээдүй бүрхэг болно. Манай улсын ёс зүй хүүхдэд ээлгүй болжээ. Өөрийн төдийгүй бусдын хүүхдийг хайрлах марол байхгүй болсон байна.

Эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд хүүхдийн эрх зөрчигчидтэй хатуу тэмцдэг болмоор байна. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ чиглэлд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулъя. Өнөө маргаашгүй холбогдох Байнгын хороод яаралтай хуралдаж, маргааш мэдээлэл сонсох цагаар оруул ирэхийг үүрэгдэж байна" хэмээлээ.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Чуулганаар мөнгөний бодлогын талаар хэлэлцэнэ-

Өнөөдөр энэ намрын чуулганы анхны хуралдаан болох юм. Хуралдаан 10.00 цагаас Их хуралдай танхимд эхэлнэ. Дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-10-05 10:44

УИХ дарангуйлагч байгууллага болсноо тунхагласан таарна.

Зочин
Зочин
2023-10-05 14:59

Мэдээж шүү дээ. Ганц дан хууль байгаад яахав дээ. Дуртай үедээ хуулиндаа өөрчлөлт оруулаад хулхидаад дээрэмдээд хөөгөөд явуулчихдаг биз дээ.

Зочин
Зочин
2023-10-05 16:10

Хэнтийн өлөн хулгайч луйварчид замаа засаж гэж

Холбоотой мэдээ

Back to top button