УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган| "Монгол Улсад хөтөлбөр багадаагүй. Малчдад зориулагдсан хөтөлбөрийг хөрсөн дээр буухад анхаар"

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдөр /2023.10.13/-ийн хуралдаанаар хэд хэдэн сэдвийг хэлэлцэх билээ. Хамгийн их анхаарал татсан нь Ирээдүй өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн асуулга юм. Өнөөдөр хуулийн төслүүдийг эцэслэж батлах байсан билээ.

Гэвчиг хуралдааны төгсгөлд бусад асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:


НЭМЭЛТ: 16.40 цаг

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.ДЗанданшатар малчдын асуудлын талаар байр сууриа илэрхийлж, чуулганы хуралдааныг дуусгасан юм.

Тэрбээр "Монгол Улсад хөтөлбөр багадаагүй. Малчдыг дэмжих анхдугаар аян, Эрчимжсэн мал аж ахуй, Монгол малчин, Шинэ хөдөө, Хөдөөгийн сэргэлт гэх мэт олон бий. Гэвч бодитой хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр ярьсан яриаг сүүлийн 30 жил ярилаа. Залуу малчдыг дэмжих нэг өгүүлбэртэй 10 хөтөлбөр баталсан. Уриа лоозон дэвшүүлж, ярьдгаа болимоор байна. Хиймээр байна. Гоё гоё үг зөндөө ярьсан. Дэлхийн олон улсын туршлагыг судалсан. Холбоо, нэгдэл гэх мэтэд суурилдаг юм байна. Ингэснээр бодит ажлууд хийгдэнэ. н.Нарантуяа дарга сайхан болж байгаа гэх зүйлийг ярьж байна. Гэвчиг одоо бүсийн хувьд сайхан байгаа зүйл ажиглагдахгүй байгаа. Малчдын холбоог бүх аймаг холбоонд байгуулж, нэгдэл тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Хөдөөгийн хүн амын 50 хувь нь малчин өрхийн асуудал юм.

Сумын газар нутгийн зохион байгуулалт, малчдад тулгамдах асуудлыг шийдвэрлэх судалгааг хийсэн. Судалгаанд тулгуурлаж, малчдын асуудлыг цогцоор шийднэ. Тиймээс 21 дүгээр зуунд эрүүл мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд нэгдэлд суурилах нь зүй. Гол нь тогтолцоо. Сум нэгдлийн тогтолцоог корпорацын түвшинд байх ёстой гэж хуульд заасан байгаа. Цогц шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтарч гаргах хэрэгтэй байна, ХХААХҮЯ-ныхан. Хөдөөгөөс сонгогдсон гишүүд ч үүнд хамтарч ажилла.

Хэд хэдэн аймагт малын хоршоо байгуулсан. Баянхонгор аймгийн хоршоо ноолуураа 149 мянган төгрөгөөр худалдаалдаг болсон. Энэ мэтээр нэгдсэн том бодлогоор ажиллаж, хөдөөгийн сэргэлтэд анхаарах шаардлагатай байна. Хотын түгжрэл, төвлөрөл ч багасна. Өнөөдрийн асуулгатай холбогдуулж, аймаг, бүсд ажиллах бүлгэмийг байгуулж, хөдөө аж ахуйн танилцуулгыг ХХААХҮЯ, Байнгын хороо болон ХААИС-тай хамтарч ирэх долоо хоногт хэлэлцүүлгийг зохион байгуулъя. Улмаар цаашдын бодлогоо ярилцъя" хэмээлээ.


НЭМЭЛТ: 16.10 цаг

-"Малчдад мал маллахыг зааж, нинжа болгоно гэнэ. Гол асуудал нь бэлчээр болон эхнэргүй байгаа явдал"-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Малаа эрүүлжүүлэхийн тул олон улсын байгууллагуудтайгаа хамтарч ажиллахгүй хэрэг үү. Вакцины үйлдвэр байгуулахгүй юм уу. Малын эрүүлжүүлэх хөтөлбөрт хэдэн арван тэрбум төгрөг тавиулчихаад яг юу хийсэн юм. Дэлхийн технологио ашиглал даа. Дарханы үйлдвэрлэл, Эмээлтийн үйлдвэрээ хэрхэх вэ. Залуу малчдыг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулж, зааж сургана гэсэн байна. Мал маллахыг заана гэж юу байдаг юм. Малчдын эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц ашиглах заяагдмал эрхийг хамгаална гэнэ. Нинжа болгох гэж байгаа хэрэг үү. Бидэнд хоёр том асуудал бий. Бэлчээр болон эхнэр хүүхдийн асуудал. Нэг суманд 70-80 эрэгтэй малчин эхнэргүй байна гэнэ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөлч н.Нарантуяа: Бидэнд бүх малаа дархлаажуулалтад хамруулах эдийн засгийн боломж байхгүй. Энэ жилийн хувьд Йордан улсын мялзан өвчний вакцин авсан. Эдийн засгийн хоригийг цуцлахын тулд тодорхой хугацаанд асуумж, шаардлага бөглөдөг. Гэвч цаг хугацаан одоогоор бүрэн гүйцэд болоогүй байна. Мөн өвчний мэдээллийг хамаагүй мэдээлж болдоггүй. Тэгэх аваас экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мал эмнэлгийн лабораториуд сум, аймгийн хэмжээнд сайн байдаг. Азидаа ч сайндаа ордог. Вакцины үйлдвэрийн хувьд мэргэжлийн үүднээс санал өгч байгаа.

Мэргэжилтэн н.Наранчулуун: Бид залуу малчдаас судалгаа авсны үндсэн дээр ямар чадвар эзэмшихийг хүсэж байгаа түүнд нь суралцуулахыг зорьж байна. Эрдэмтдийн багаар уг хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан. Зүүн болон төвийн бүсэд уг хөтөлбөрийг явуулсан. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхийн тулд тоо толгойд анхаарч байгаа. Төл малыг нас гүйцсэн малын хэмжээнд бордож байгаа.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Арьс ширний цэвэрлэх байгууламжийг хөөсрөөгүй, бодит үнээр, евро стандарт хангасан үйлдвэрийг барина. Улсын зардал өндөр байсан бөгөөд хувийн хэвшлийнх зардлын хувьд бага байсан юм.


НЭМЭЛТ: 15.15 цаг

-Т.Аубакир: Х.Болорчулуун гишүүн ээ, улаанбуудайд өгдөг урамшууллыг бэлнээр бус бордоогоор өгье-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Тодорхой зургаан асуулт асууя. Малчид тоонд биш чанарт анхаарахыг дэмжиж байна. Яамнаас дэмжиж байна гэнэ. Ямар үр дүн байна. Хоёрт, 35-аас доош насны залуучууд малчдын хэдэн хувийг эзэлж байна вэ. Гуравт, Завхан аймаг шиг газар өвөлжилт байнга хүндэрдэг. Өвөлжилтийн бэлтгэл ямар шатандаа байгаа вэ. Дөрөвт, Дарханы арьс ширний үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Тавд, Үндэсний үйлдвэрлэгчдийн гурил алслагдсан аймагт өндөр үнээр очиж байна. Улаанбаатартай ижил үнээр хүнс хэрэглэх боломж бий юү. Зургаадугаарт, малын шүлхий өвчинд хэрхэн анхаарч байгаа вэ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Бид сүүлийн 12 жил малын тоо толгойн араас явсан. Баталгаатай мал аж ахуй эрхлэх тал дээрх бодлогыг яамнаас хэрэгжүүлж байгаа. Өмнө нь ч дурдсан. Эхний үр дүн гэвэл ногоон тэжээлээс 225 мянган тонныг хурааж авах тооцоотой байна. Залуу малчдын чуулга уулзалтыг хийсэн. Энэ үеэр бага малаас өндөр ашиг хүртсэн тохиолдлуудыг ихээр ярьсан. Дарханы арьс, ширний үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн аваад, Хөгжлийн банкнаас зээл авч, зээлээ зориулалтын бусаар ашигласнаар үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа дууссан. Засгийн газраас цэвэрлэх байгууламжийг нь л барьж өгнө. Тиймээс боломжит хямд өртгөөр дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь барьж өгнө. Ирэх жилийн төсөвт зардлыг нь тусгаж өгсөн. Тиймээс 2025 он гэхэд ашиглалтад орно гэж тооцоолж байгаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөлч н.Нарантуяа: Хаврын вакцинжуулалтад 5.5, намрынх 6.0 саяыг дархлаажуулалтад гарсан. Шүлхий өвчин одоогоор байхгүй. Олон улсын худалдаанд хоёр өвчинд хориг тавьдаг. Тухайн стандартыг биелүүлэхийн тулд Мал эмнэлгийн газраас стратеги батлуулдаг. Бид энэ тал дээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Зоорьтой байсан цагт хямд үед нь хүнсний ногоо, махыг нөөцөлж, дундаж үнэтэйгээр бид идэх боломжтой. Зоорийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Төлөвлөгөөнд тань тусгасан уу. Зоорийг төрөөс шийдэх ёстой гэж боддог. Жил бүр энэ асуудлыг ярьдаг. Төсөв тавиад байхад хангалтгүй үзүүлэлттэй байна шүү дээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Гишүүний асуулт зөв. Зоорийг тусгайлан зоорь барих аж ахуйн нэгжүүдэд тусгайлан хөнгөлөлт үзүүлэхээр 50 тэрбумын төсөв тавьсан. Одоогоор 20 хувьтай байгаа. Социализмын үе шиг төрөөс барьж өгөхгүй. Хувийн аж ахуйн нэгжүүд анхаарна. Есдүгээр сараас Зээлийн батлан даалтын сан манай яаман дээр ирж байгаа. Тиймээс зоорь барих сонирхолтой аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл гаргана.

Махан дээр ес, ногоон дээр 19 тэрбумыг Батлан даалтын сангаар гаргасан. Нийт 30 орчим тэрбум гэсэн үг шүү.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Малын халдварт өвчин хэдэн хувиар багассан бэ. Манай улс өнгөрсөн жил 160 сая орчим ам.долларын махыг экспортлосон. Хятад руу экспорт хийх компанийн нэрсийг яагаад явуулахгүй байгаа вэ. Хүнсний ногоочдыг дэмжих зээлийн хүртээмж муу байна. Засгийн газраас 132.3 тэрбумыг мал аж ахуй, мөн ногоочдод зээл олгосон байгаа юм. Гэсэн хэдий ч зээл авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Бүх ажил дунд шатны албан тушаалтнууд дээр гацаж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газар н.Нарантуяа: 34.9 сая толгой мал хамруулахаас 28.3 сая толгой малыг хамруулаад байна. Гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа. Халдварт өвчнөөр өвдөж буй малын тоо толгой 93 хувиар буурсан. Нэг сарын бүхий л нэгдсэн мэдээлэл гарна.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга н.Довчинсүрэн: Энэ жилийн хувьд нийт малын тоо 71 сая. Нийт бэлтгэх малын тоог 17.3 сая толгой хэмээн тооцоолж байгаа. Экспортлох боломжит нөөц 5.7 сая толгой юм. Энэ жилийн хувьд Хятадын гаалийн газраас баталсан журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжид цахимаар хүсэлтээ гаргаж байгаа. Шинээр дөрвөн аж ахуйн нэгжид хүсэлт гаргасан. Нэг аж аухйн нэгжид цахим шалгалт явуулсан. Асуумжуудад бөглөх зүйл их бөгөөд байгууллагууд бага зэргийн алдаа гаргасан тохиолдлууд бий.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Х.Болорчулун гишүүн ээ, улаанбуудайд өгдөг урамшууллыг бэлнээр бус бордоогоор өгдөг болмоор байна. Бодлогоо үүн рүү чиглүүлмээр байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Хүнсний ногоон дээр бол зургаан хувийн хөнгөлттэй зээлийг олгож байгаа. Ногооны үрийг 80 хувь хөнгөлж олгож байна. Хүнсний ногооны техникийн үнийг 50 хувь хөнгөлж байгаа. Ингэснээр түүхэндээ анх удаа дотоодын ногооны 82 хувийг бүрдүүлэхээр байна.

ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газрын дарга н.Санчирдорж: Манайх дотоод болон дотоодын бус шалгалтыг хийж байгаа. Монгол Улс өөрөө Хятад руу экспортыг гаргадаг болох чиглэлд анхаарч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Улсын сайн малчин шалгаруулдаг шалгуураа өөрчлөх хэрэгтэй. Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг эрчимжүүлж буй гэх мэтийг дэмжмээр байна. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцины хадгалалт өөрчлөгдсөнөөс болж хүнд гай болж байна. Вакцины үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах хэрэгтэй байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Улсын аварга шалгаруулдаг малчны шалгуурыг эрс өөрчилж байгаа. Малын тоо олондоо бус нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, сум орон нутгатаа хаялга гэх мэт зүйлсийг хөндөж байгаа. Малчид бол хоёр янз. Нэг нь хаялгатай, нөгөө нь гар чангатай. Тиймээс тоог урьтал болгохгүй, Улсын аварга малчны шалгаруулалтыг ирэх жилээс өөрчилнө.

Ноосны урамшуулал малчдад бүрэн дүүрэн хүрээгүй. Тиймээс ХАА-н урамшууллыг дунд нь эрэмбэлж, сүүний урамшууллыг нэмэх замаар ажиллаж байгаа.


НЭМЭЛТ: 14.20 цаг

-"Мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд ахлах ангиас нь салбарын хичээл зааснаар малчин болно"-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулган дөрвөн сайд хуралдаанд оролцоогүйн улмаас хойшилсон билээ. Улмаар 14.00 цагт хуралдаан эхэлсэн юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанд нийт 72 гишүүнээс 49 нь ирж, ирц 68.1 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Цаг үеийн чухал асуудлууд байна. Малчдад тулгамдсан асуудал их бий. Хамгийн том асуудал нь бэлчээрийн асуудал юм. Малд юуг идүүлэх талаар ярилцдаггүй. Нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь их бага хэмжээгээр цөлжсөн байна. Холобогдох яам энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ. Хоёрт, залуу малчдын асуудал. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд малчдын тоо багассан байна. Ахлах ангиас нь мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд хичээл зааснаар малчин болох юм. ХХААХҮЯ-наас БШУЯ-тай энэ асуудалд хамтарч ажиллаж байгаа зүйл бий юү. Гуравт, малчдыг бүлгээр ажиллах, хоршоо болгож ажилуулах асуудал хэрхэж байна вэ. Дөрөвт, бүс нутгийн хэмжээнд үйлдвэрүүдийг бий болгож, дэмжих хэрэгтэй байна. Энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ. Тавд, тусгал малчдыг хэн ч авч хэлэлцэхгүй байна. Тэдний эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Ингэж чадаагүйн улмаас хохирч байна. Зургаад, хөдөө аж аухйн салбарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэсэн цагт олон ажлын байр бий болно. Хэрхэн анхаарах вэ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Өнгөрсөн жилийн цаг агаарын зудын хүндрэлтэй байдал бүх түвшний алба хаагч, иргэд малчдад их зүйлийг ойлгуулсан. Хүндрэлтэй үед өвс, ногоон тэжээлээр хангахаар ажиллаж байгаа. Энэ жил 100 мянган га-д ногоон тэжээл тарьсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 42 хувиар өссөн. 225 мянган тонн ногоон тэжээл хурааж аван. Мөн гадагш өвс экспортлохгүйгээр зөвхөн дотоодоо хангана.

Засгийн газраас 2022.12.19-ний өдрийн тогтоолоор 2013 оноос арьс шир экспортлохыг хориглох тогтоолыг цуцалсан. Хоёр жилийн хугацаанд арьс ширний үйлдвэр ашиглалтад орох хүртэл экспортлохоор болсон. Мөн арьс шир худалдан авах үйлдвэрүүдэд бодлогын зээлийн хүүгийн дэмжлэг бүхий хөнгөлөлттэй зээлийг энэ намраас олгоно.

Туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж, цалингийн доод хэмжээтэй ижил болон түүнээс дээш хэмжээгээр цалинжуулахаар тусгасан. 2022 оны арванхоёрдугаар сарын жил эцсийн байдлаар 19 мянган туслах малчинтай гэрээ байгуулсан.

Монгол Улсын ажиллах хүчний 50 хувь нь манай салбарт хамаардаг.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Би байнга ярьдаг. Төрөөс мал аж ахуйн салбарт барих бодлогоо өөрчлөх болсон юм биш үү. Энэ бодлогын шинэчлэлийн асуудал дээр ямар бодлого баримталж байгаа вэ. Хоёрт, малчдын орлогыг нэмнэ гэж ярьсаар байна. Мал аж аухйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоход ямар бодлого баримтлах вэ. Гуравт, малчдын хөдөлмөр хамгийн хүнд хөдөлмөрүүдийн нэг. Биеийн хүчний хөдөлмөрийг нь багасгахад хэрхэн анхаарч байна. Дөрөвт, үйлдвэрүүдийн асуудал яах вэ. Бодит дэмжлэгийг нь хэлээч.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Мал аж ахуйн салбарын бодлогыг өөрчлөх хэрэгтэй байгаа нь үнэн. Төв болон баруун аймгуудад мал бэлчээрээр 100 хувь онд орох баталгаагүй болсон. Үүнд, хагас бэлчээрийн мал аж ахуй эрхлэх хийгээд тооноос илүү чанарт анхаарах шаардлагатай байгаа нь үнэн. Манай улс дэлхийн ноолуурын 45 хувийг дангаар гаргадаг. 400 орчим сая ам.долларын валют олдог. 2024 оны долоодугаар сарын 1-нээс зөвхөн самнасан ноолуурыг гаргах юм. Ингэснээр 46 ам.доллароор гаргадаг ноолуур 96 ам.доллар болж нэмэгдэнэ. Тиймээс ноолуурыг үнэ цэнтэй байлгахын тулд үйлдвэрлэлийн шатлалыг нэмэх байдлаар орж ирэх мөнгөн урсгалыг нэмнэ.

Өвөлд нийт сүүний 30 хувийг шингэн сүү эзэлж байна. Сүүний үйлдвэрлэл гурван жилийн дунджаас 50 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь 500 төгрөгийн урамшуулал олгодог байсантай холбоотой. Удахгүй 1000 төгрөг болгохоор хэлэлцэж байгаа.

Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол энэ жилийн хувьд аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 53 мянган тонн мах экспортолсон. Энэ байдлаараа бол 2018 оны 70 мянган тонн махыг экспортолсон амжилтыг эвдэх төлөвтэй байгаа. Цаашид үнэ цэнтэй мах экспортлохын тулд тусгаарлагдсан аж аухй байгуулж, экспортод гаргах ажлыг хийх ёстой. Засгийн газрын тогтоол ч гарсан.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Байгалийн ургамлын үр үржүүлэг, түүгээр нөхөн сэргээлт хийхэд хэрхэн анхаарч байгаа вэ. Тэжээлийн ургамлын тариалалт, олон найрлагат уураг тэжээлд урамшуулал олгохгүй юу. Ингэж чадвал эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм биш үү. Ногоон тэжээлийн тариалалтаа үндэсний хөдөлгөөн болгох боломжгүй юу. Био үйлдвэрийг анхаарах хэрэгтэй байна. Малчдын залуу халааг мэргэжлийн боловсролоор дамжуулж бэлдмээр байна. Мэргэжлийн сургалтад эчнээ ангиар сургая.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Байгалийн ургамлын үрийг тариалж, бэлчээрийн үржүүлэг хийх тал дээр авч хийж буй ажил байхгүй. Төв болон баруун аймгуудад хадлангийн газар байхгүй. Зүүн аймгуудаас авч байгаа. Урамшуулал олгохоос илүүтэй гадагшаа олон найрлагат хивэг болон тэжээл гаргаж байна. Энэ чиглэлийн үйлдвэрийн хөгжих боломжийг хааж байсан. Экспортыг хорих боломжгүй. Тиймээс олон найрлагат тэжээлд экспортын хориг тавихгүй. Ногоон тэжээлийг яамнаас бодлого болгож, ажиллаж байгаа. Сүүлийн 12 жил зуд болоогүй, өнтэй өвөл болсон. Тиймээс ирэх жилээс 100 суманд 100 га ногоон тэжээлийн ажлыг яамнаас төлөвлөсөн. Ирэх жилийн төсөвт хөтөлбөрт био үйлдвэрт анхаарч байгаа.


ШУУД ДАМЖУУЛАЛТ:


НЭМЭЛТ: 10.20 цаг

-Дөрвөн сайд ирээгүй тул 14.00 цаг хүртэл хойшиллоо-

Чуулганд 72 гишүүний 45 нь ирж, 62.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ. Гэсэн хэдий ч УИХ-ын нэгдсэн хуралдааны дэгийн хуулийн дагуу хэрэв ирц шаардлага хангахгүй бол өөр цаг хугацаанд эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно гэж заасны дагуу хуралдааныг хойшлуулсан юм. Шалтгаан нь дөрвөн сайд УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулсантай холбоотой билээ.

Тиймээс УИХ-ын дарга хууль эцэслэн батлах санал хураалтыг хойшлууллаа. Олонхын бүлэг дангаар хууль батлах хэмжээний ирц бүрдүүлж байж хуулийг батлах юм. Тиймээс 14.00 цаг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа.


ЭХЛЭЛ:

Өнөөдрийн чуулга хуралдаанаар,

Чуулганы өчигдрийн хуралдаанаар,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2023 10:48

Ирц нь хүрэхгүй гишүүд нь хур�##�даа суухгүй ингэж гурилтаж байхаар тарв�##� таарна

Зочин
Зочин
10 сар 13, 2023 15:42

Хувийн хэвшил нэрээр банкны зээл луйвардаж дээрэмдсэн хулгайч нар.

Del
Del
10 сар 13, 2023 16:29

Үр тариа сүү ноос ноолуурын урамшуулаа болиод нэн хөнгөлттэй зээл өгөх хэрэгтэй авах ёстой эзэнд нь өөрөөснөө авахгүйгээр шударгаар шийдэх хэрэгтэй тэгээд хаях хэрэгтэй зах зээлийн журмаар дампуурах нь дампуураад босох нь бос нь биз

Зочин...
Зочин...
10 сар 13, 2023 16:39

72-оос 49 нь хур�##�д ирсэн гэнэ үү? Арай ч дээ. Нэг анги 68 % -тай хичээл хийсэн гэвэл юу болох вэ? Хусах хулгайлах юмаа л хийж байдаг байх. Тараа , тар !!!

Холбоотой мэдээ

Back to top button