Ковидын төсөв: Эрх баригчид хүссэн сонсголоо л хийдэг
Цар тахлын буюу Ковидын хоёр жилд зах замбараагүй зарцуулсан төсвийн асуудлаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хороон дээр сонсгол зохион байгуулах ёстой байв.
Харин АН-ын гишүүд "Мэргэжлийн шинжээч томилж өгөөгүй. Мэдээллүүд хангалттай биш байна" гэсэн шалтгаанаар сонсголыг хойшлууллаа. Ингээд дараагийн тов хэзээ тогтох нь тодорхойгүй үлдэв.
АН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын хэлсэн үг ортой. Тэд зүгээр ч нэг хоёрын хооронд, гурвын дунд попорсонгүй. Үнэхээр эрх баригчид хүссэн бол сонсголыг олон ангит кино шиг болгож чаддаг.
Харин хүсээгүй бол нийтэд ил хэдэн дата цуглуулж бэлтгээд, шинжээч томилохгүйгээр тэгсхийгээд орхичихдог хандлага үүнээс нэвт үнэртэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Энэ бол 20 их наяд төгрөгийн асуудал. Хөгжлийн банкны сонсгол гэж олон ангит кино шиг юм болсон. Бидэнд мэргэжлийн шинжээч томилж өгөхгүй бол энэ олигтой ажил болохгүй" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "20 төрийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн. 17-гийнх нь мэдээлэл шаардлага хангахгүй, хангалтгүй байна. Зүгээр л нээлттэй сайт дээр байгаа мэдээллүүдээ өгсөн байна. Өмнө нь түр хороон дээр илээд өнгөрч байсан. Хөгжлийн банкнаас 20 дахин том мөнгө яригдаж байгаа үед бид шинжээч хүссэн. Ковидын хууль нэрийн дор дандаа шууд, тендергүй худалдан авалт явсан" гэлээ.
Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар,
- 63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан.
- Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Бүрэн хэрэглээгүй зэрэг асуудал яригдаж байгаа юм байна.
Хөгжлийн банкны сонсголыг бол эрх баригч намын өөрсдийн санаачилгаар эхлүүлсэн байдаг. Хэдийгээр хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэгтэй гэдэг ч анхны шүгэл мэдээллүүдийг Засгийн газраас гаргаж тавьсан. Тэгээд шинжээчийн баг нэлээд хугацаанд ажиллуулж, дата мэдээлэл тулгах маягаар олон пресентац бэлдэж, гэрч дуудаж, сар орчмын ажил болсон.
Харин Ковидын үед, Ковидын түр хууль баталж байгаад төсвийн зарцуулалтаа Засгийн газар УИХ-д танилцуулалгүй, өөрсдөө тэлэх, шийдэх боломжтой байв. Хариуцлага хүлээвэл тэр үед Засгийн газрын тэргүүн асан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтний л асуудал сөхөгдөнө.
Одоо шинжээч томилтол сонсголыг хийхгүй гэлээ.
Хийсэн шиг хийх үү, ингэсхийгээд өнгөрөөх үү гэдгийг эрх баригчдаас шахаж, шаардах нь зүйн хэрэг болоод байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯААААЯ МИНИЙ САРАН ИЖИЙГИЙН АСУУДАЛ СӨХӨГДӨХ НЬ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ТЭР ЧИНЬ МИНИЙ САРАН ӨЖИЙ