Улс төрийн мэдээ

Сонгууль: 2024.01.01-нээс өмнө ажлаа өгөх заалт “жагсаалтынхан”-д ч үйлчилнэ

Ирэх жил болох УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид тойргоос болон жагсаалтаар тус тус нэр дэвших юм. Үүнтэй холбоотойгоор, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа.

Харин нэг сонирхолтой заалт бол, нэр дэвшигч УИХ-ын сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө эрхэлж буй төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ заалт урьд нь тойргоос нэр дэвшигчдэд үйлчилж ирсэн. Харин одоо жагсаалтаар дэвшигчдэд хамаарах эсэх нь анхаарал татна.

Хэрэв хамаарах бол жагсаалтад багтах нэр дэвшигчид 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө одоо эрхэлж буй төрийн албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой болно.

Энэ асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т тусган зохицуулсан.

Тодруулбал,

29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал гэж заажээ.

Нэмэлт өөрчлөлтөөр, 29.7-д гэхэд “Тойрог болон жагсаалтад зэрэг  нэр дэвшиж болохгүй” гэсэн заалтыг нэмсэн байна. Гэхдээ 29.4-т ямар нэгэн байдлаар тус заалт тойрог, жагсаалтаар нэр дэвшигчдийн аль алинд хамаарна, эсхүл нэгэнд нь л үйлчилнэ гэж ялгамжилсан агуулгаар өөрчлөгдөөгүй байгаа юм.

Тэгэхээр, “Нэр дэвшигч нь...” гэсэн ерөнхий тодотголын хүрээндээ, жагсаалтаар нэр дэвшигчид ч мөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, эсвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж буй бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой болж байна.

Энэ үүднээсээ жагсаалтад багтах нэрс энэ ондоо багтаж тодрох ч шаардлагатай болж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ажилаа өгөнгүүт нь шоронд илгээ. дахин сонгогдоно гэж их мөрөөдөу том эндүүрчихжээ.

Холбоотой мэдээ

Back to top button