"Ондо"-д харилцан холболт хийж буйгаа "Юнител" шүүхийн шийдвэрийн дараа мэдээллээ
Үүрэн телефоны шинэ оператор компани "Ондо" өнөөг хүртэл зөвхөн дата интернэтийн үйлчилгээ үзүүлж байна.
Уг нь оператор компанийн хувьд, бусад үүрэн телефоны операторууд руу залгах, дуудлага хүлээн авах, мессеж бичилцэх боломжтой байх ёстой. Гэвч үүний тулд бусад оператор компаниуд харилцан холболт хийх хэрэгтэй болдог.
Харин "Ондо" нь оператор компанийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлөө авчихсан ч бусад компаниуд харилцан холболт хийхгүй байгаагаас өнөө хэр зөвхөн хэрэглэгчдэдээ дата интернэт санал болгож байгаа юм.
Тэгвэл, "Юнител"-ээс мэдэгдэл гаргаж, "Ондо"-той харилцан холболт хийх бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хийж буйгаа мэдээлжээ. Улмаар, "Ондо"-гийн дугаартай хүмүүс эхний ээлжид "Юнител" рүү дуудлага хийдэг, мессеж бичдэг болох нь.
Даваа гарагт "Ондо" компаниас хэвлэлийн бага хурал хийж, хамтын өмчит компанийн засаглалд шилжих анхны алхмаа зарласан. Энэ үеэр харилцан холболтын асуудлыг дахин хөндсөн байдаг.
Тодруулбал, олон улсын эрх зүйн хүрээнд бусад операторууд харилцан холболт хийх үүрэгтэй. Үүнийгээ хийхгүй байгаа тул шүүхэд хандсан. Шүүх "Харилцан холболтыг хийх нь зүйтэй" гэж шийдсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх асуудлаар дахин шүүхэд хандаж, тогтоол гарсан талаар мэдээлсэн юм.
Одоо "Мобиком", "Скайтел", "Жимобайл" оператор компаниуд "Ондо"-той харилцан холболт хийх үлдэж байгаа бололтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.