НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Төрөөс гадна хувь иргэний хандлага, дадлаас хамааралтай ирэх цаг

Өнөөдөр 2023 оны ажлын сүүлийн өдөр. Бид үргэлжлэн дөрөв хоног амраад, 2024 оны ажлын эхний өдөртэй золгох юм. Манай Eguur агентлагийн зүгээс 2023 оны улс төрийн онцлох хүнээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг, нийгэм болон оюун санааны онцлог хүнээр Х Богдыг нэрлэн, хөдөлмөрч бөгөөд үнэн байсан урлаг, спортын хоёр эрхмийг онцлон, тоймууд бэлтгэн хүргэсэн.

Өнгөрөгч оны сайхан, муухайгаа тоймлож буй эл өдрүүдийн төгсгөлд бид ер нь нийгмийн сэтгэхүйн хувьд хаашаа чиглэж байгаа вэ. Ирэх жилүүдэд улс төр, нийгэм эдийн засгийн байдал ямар байх вэ. Энэ нь дотоодын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ. Зайлшгүй шийдэх шаардлагатай асуудлууд юу вэ зэрэг ирэх цаг руу чиглэсэн редакцын бичвэр нийтэлж байна.

Бид цаашдаа улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд,

  1. Олон намын тогтолцоо төлөвшүүлэх,
  2. Ардчиллын суурь үнэлэмж, олон улсын индексүүдээ ахиулах,
  3. Томсгосон тойргоо тогтоон барих
  4. Инститүц хоорондын эрх мэдэл, чиг үүргийг тодорхой болгох
  5. Парламентын ардчиллаа мэтгэлцээний хэв шинж рүү төлөвшүүлэх,
  6. Хот, хөдөөгийн хөгжлийн чиг горимыг бодлогоор хөгжүүлэх,
  7. Хотын агаарын бохирдол, түгжрэл дээр дарга сольж биш бодлогоо цэгцэлж шийдэл гаргах,
  8. Засгийн газрын чадамж, эрх нөлөөг хуулиар илүү тэлэх
  9. Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох, эрхийн хязгааралалт бий болгох,
  10. Авлигын асуудлаар яг таг хариуцлага тооцдог болох,
  11. Төрийн бодлогоор эрүүл мэнд, боловсролын салбараа системээр нь дэмжих, нягтлах, сэргээх
  12. Шатахуун, эрчим хүчний асуудлаар бие даасан улсын амбицаа хэрэгжүүлэх,
  13. Эдийн засгаа илүү солонгоруулах,"Оюутолгой" тэргүүтэй томоохон төслүүд, мега төслүүдээ зэрэгцүүлэн хөгжүүлэх
  14. ДНБ-ээ өсгөх, дундаж цалингийн хэмжээг тасралтгүй өсгөх,
  15. Агаарын тээвэр, автозамын боомтуудаа өргөжүүлэх,
  16. Хүн ардынхаа хэт хөөсөргөн, хэт их үзэн ядалт зэрэг зан дадлуудыг эерэгжүүлэх,
  17. Монголоос гарч буй оюунлаг иргэдийнхээ урсгал дээр анхаарах зэрэг...

Түмэн янзын их сорилтууд, бодлогууд, алхмуудыг туулах шаардлагатай буй. Дээрх жагсаалтыг тэлээд, өргөтгөөд бичээд л байж болох юм. "Гадныхан ийм сайхан амьдарч байхад энэ улсынхаа байж байгаа царайг хар" гээд бас чамлаад ч байж чадна. Улс төрийн бодлогын хувьд ийм, ийм асуудлуудаа анхаарч үзье гэж харж чадаж буйтай зэрэгцүүлээд хувь хүмүүс гэдэг агуулгаа заавал зэрэгцүүлэн хараасай.

Өөдрөгөөр харахад, МАН-ын залууу үеийнхэн "гарч ирээд", бас чиг өнгөрсөн 30 жилийн элдэв бус бугширмал асуудлуудыг задалж харуулах гэж хэр сайнаараа хичээж байна. Азийн орнуудын жишгээр сошиал медиа нөлөөлөл өндөр байгаа онцлогтой цикл үед бас элдэв бус зүйлсээс жаал ангижрах зам руугаа явж байна.

Бид бас нэг нам дангаараа удаан хугацаанд Засгийн газрын эрх мэдлийг барих нь ардчиллын зарим эрхэд гажуудал үүсгэдгийг харж байна. Монголд аль ч нам засагласан ч яг үнэндээ улс орны эдийн засаг маань дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үний өсөлтөөс бүрэн хамаарч буйг ч харж болно.

Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Нийгмээрээ нэг төр засгаа үзэн ядах авчиг яг сонголт хийх цаг болоход хэн мөнгө тараасанд нь дугуйлчихдаг. Жижиг ахуйн асуудлаараа сонголтоо хийдэг. Энэ мэт сонгогчийн ухамсарт бус байдал нийгмээ бүтээлцэхэд оролцоно гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

Сонгуулийн дүнгээр хоёр нам хамтарсан Засгийн газара байгуулж, жижиг намуудын төлөөллүүд парламент руу шингэнэ гэх урьдчилсан таамаг бий. Түүнчлэн 18-25 насны улс төрийн намд үл итгэх, хувь хүний хийж чадна гэх итгэлд үндэслэн саналаа өгөгчдийн жин сонгуульд үлэмж нөлөө үзүүлэх судалгаа гарав. Энэ үеийнхэн тэр өдрөө ядаж л сонгуулийн саналаа идэвхтэй үүрэг нь ингэж иржээ.

Нийгмийнхээ болох бүтэхгүйг шүүмжлээд л байх атлаа, асар их хөнгөн хөөсөргөн болж, хошин шог явган инээдээр сатаарсан, маш их уур хилэнтэй энэ олон нийтийн уур амьсгалаас бид хэрсүү чиг хандлага руу л дөхөөд эрмэлзлээ орхиж болохгүй. ерөөс олон нийт хэт ууртай, харалган байх нь хэсэг бусаг улс төрчдийн санаснаа гүйцэлдүүлэх сайн хэрэгсэл л болсоор ирснийг мартаж болмооргүй.

Хөдөлмөрийн зах зээл асар олон мянган ажлын байр зарлагдсаар байх авч монголд ажиллах хүн ер нь олдож өгдөггүй нь хэвийн үзэгдэл болов. Хэдий суурь цалин бага, инфляцийн нөлөөгөөр үр шим нь бага байгаа ч сурч боловсрох, хөдөлмөрлөх нь хүний унаган тэмүүлэл баймаар. Төр ямартай ч бидний энэ бүх асуудал явсаар, боловсрол, эрүүл мэндийн салбараа л эмчилж байж, арай өөр шинэ зам руу аажмаар гулсана гэдгийг урт хугацааны бодлогодоо тусгаж өглөө, өнгөрсөн жилүүдэд.

"Монголоос зайлуулдаг пост", "Энэ улс оронд ер нь болж бүтэж байгаа юм байна уу" гэхчилсэн нийгмийн давалгаа үүсэх болов. Нөхцөл байдал амар бус байгаа ч дэлхийн аль ч улс оронд ерөөс хувь иргэн хөдөлмөрлөж байж л амьдарч буйг, илүү боломж өөртөө үүсгэж буйг бид мартаж болохгүй.

Тусгаар тогтносон, бас чиг ардчилал хөгжсөн улсад амьдрах атлаа улс төрчдийнхөө буй байдлыг, тэднийг бүхэлтгээд төрөө гэж ойлгочихсон. Төрт улсаа хэдхэн хүнээр төлөөлж хараад, үзэн ядчихсан, олон нийт байгаад байж болохгүй. Илүү хэрсүүжиж, илүү хөдөлмөрлөж, боловсорч, тэр ёс суртахуунаараа төрөөсөө бас зөв зохист зүйлээ нэхэж, шаардаж, түүнийхээ төлөө тэмцдэг, нэгддэг ард түмний нийтлэг зөв урсгал руу яваасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-24 11:02

Рио Тинто-г Төр нь дийлэхгүй бол ард түмэн дийлэх болноо.

Холбоотой мэдээ

Back to top button