Ноён суманд зэрлэг амьтан судлах төв байгуулах ажил эхэллээ
Өмнөговь аймгийн Ноён суманд байгаль, зэрлэг амьтдыг судлах судалгааны төв байгуулах ажлын эхлэл болгож судлаачдыг байрлуулах байшингуудыг барьж тохижуулжээ.
Тодруулбал энэ ажлыг "Аргаль, янгир хамгаалан сан" ТББ-ын залуус санаачлан Өмнөговь аймгийн Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид тус газарт байгаль, амьтан, ургамлын судалгааны ажил хийх, хүүхэд залууст биологийн олон янз байдлыг таньж мэдүүлэх, байгальд хайртай болгоход чиглэсэн олон ажил хийхээр зорьсон байна. Зургаан жил гаран хөөцөлдсөний үр дүнд ийн сууриа тавиад байгаа тухайгаа "Аргаль, янгир хамгаалан сан" ТББ-ын гүйцэтгэх захирал А.Азжаргал хэлэв. Тэдний ажлыг дэмжиж Өмнөговь аймгийн Ноён сумын ЗДТГ-аас газрын асуудлыг түргэн шуурхай шийдэж өгсөн байна.
Орон нутагт ажиллаж амьдардаг залуус нэгдэн 2017 онд "Аргаль, янгир хамгаалан сан" ТББ-ыг байгуулж байжээ. Сүүлийн гурван жил Ноён суманд бороо хур ороогүй тул залуус арав орчим газарт зөөврийн ус, өвс тэжээлийн цэг байгуулж, камержуулах ажлыг хийсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.