Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон зам тавина
“Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавихаар холбогдох аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн байдаг. Тухайн байршилд “Сентури Лэнд Марк” ХХК газар эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа татсан зөрчил гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлж дуусжээ.
Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Сентури Лэнд Марк” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд нэгдүгээр сарын 5-ны дотор зөвшөөрөлгүй татсан хашаагаа чөлөөлөх тухай тусгасан. Гэвч уг аж ахуйн нэгж нь заасан хугацаанд хашаагаа чөлөөлөөгүй, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хашааг буулган, газрыг албадан чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тул гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хавраас тус талбайд хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна" гэв.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс “Сентури Лэнд Марк” ХХК-ийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2,000 метр талбайг чөлөөлж, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбох зам тавих юм. Тус зам нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам.
Өвлийн улиралд замын бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжид Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.