Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал 16 хонож, гэм буруугийн дүгнэлтээ хүлээж байна

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 дэх өдөр эхэлж байна.
Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн.
Нотлох баримт шинжлэх судлах процесс дууссан. Шүүгдэгч нар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлж үгээ хэлсэн. Харин одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар "дуншиж" гурав дахь өдөртэйгээ золголоо.
Эргэн сануулахад, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн. Шүүх хурал тодорхой шалтгаануудын улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнасан. Б.Ганхуягийн тухайд нэг жил 3 сар урьдчилсан хорих ангид хоригдож байгаа.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.