УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос, ашигт малтмалын сонсгол #2 | 2007 онд УИХ-ын тогтоолоор баталсан стратегийн ордууд

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын ХОЁР дахь өдрийн /2024.05.30/ мэдээллийг нэг дороос хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ СОНСГОЛ:

Ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ийн талаарх нотлох баримтыг нээлттэй шинжлэн судлах 2024.05.30-ны өдрийн үдээс хойших сонсгол 4 цаг 06 минут үргэлжилж дууслаа.

СТРАТЕГИЙН ОРДЫН АСУУДАЛ:

-МАК-ийн Б.Нямтайшир тайлбар өглөө-

МАК-ийнхны эзэмшдэг Цагаансуваргын ордыг стратегид хамруулах, төр ямар хэмжээтэй хувь эзэмших вэ гэдэг асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Тухайн үед "Энэ ордод төр хувь эзэмшихгүй юм байна" гэдэг шийдвэр гарч байсныг тайлбарлав.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан "Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт, Цагаансуварга ордуудад МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Төрийн хувь эзэмшлийг ордуудад тогтоолгох тал дээр ямар байр суурьтай байгаа вэ" гэж асуув.

“Хүрэн толгой коал майнинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир, "Хүрэн толгой орд 28 сая тонн нөөцтэй. Одоо 11 сая тоннын үлдэгдэл бий. Уурхай хүчин чадлаараа ашиглавал хоёр жил ашиглаад дуусчихна. Тэгээд ордыг хаана.

МАК" компани 30 гаруй жилийн түүхтэй. 1993 оны 12-р сард байгуулагдсан цагаас хойш уул уурхайн үйлдвэрлэлийг бусдын лицензтэй орд дээр түрээсээр ашиглах байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, лицензгүй байсан гэсэн үг. Мөн тухайн үеийн хуулиар эрэл хайгуулын талбайг сайтар судалж, өргөдлийн байдлаар лицензүүдээ авч байсан. Групп компани нийт 4500 гаруй ажилтантай, 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлсөн. Жил бүр шилдэг татвар төлөгчдийн эхний 10-т багтдаг. Орон нутгийн хөгжилд ч багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна" гэх хариултыг өглөө.


НЭМЭЛТ: 16.30 цаг

-Танилц: 2007 онд УИХ-ын тогтоолоор баталсан стратегийн ордууд-

НЭГТ, УИХ-ын 2007 оны 27-р тогтоолын 1-р хавсралтад дараах 16 ордыг стратегийн ач бүхий ордод бүртгэсэн.

  1. Асгатын мөнгөний орд, зэс- /Эрдэнэс Монгол ХХК 4 ТЗ эзэмшдэг/
  2. Бүрэнхааны фосфоритын орд- /Топроунхэнцо ХХК 2, Сутайхэнцо ХХК 1, Талстмаргад ХХК 2 ТЗ эзэмшдэг/
  3. Эрдэнэтийн-Овооны зэс молибдений орд- /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/
  4. Бороогийн алтны орд- /Бороогоулд ХХК 2 ТЗ эзэмшдэг/
  5. Гацууртын алтны орд- /“Сентеррагоулд Монголиа” ХХК 4 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ч, хүчингүй болжээ/
  6. Багануурын хүрэн нүүрсний орд- /Багануур ХХК 4, Эрдэнэс Монгол 1 ТЗ эзэмшдэг/
  7. Нарийнсухайтын нүүрсний орд- /МАК 5, “Хүрэнтолгой коал майнинг” ХХК 1, Саусгоби сэндс ХХК 4, Өсөхзоос ХХК 1, ЕАИ ХХК 1, Адилцаг ХХК 1 ТЗ эзэмшдэг/
  8. Тавантолгойн нүүрсний орд- /ЭТТ ХХК 8, Энержи Ресурс ХХК 1, Тавантолгой ХХК 1, Хангад-Эксплорэйшн 2 ТЗ эзэмшдэг/
  9. Оюутолгойн зэс, алтны орд- /Оюутолгой ХХК 4, Онтрэ ХХК 1 ТЗ эзэмшдэг/
  10. Цагаансуваргын зэс, молибдений орд- /МАК 2, “Эрдэнэс цагаан суварга ХХК 1, Гоби минералс групп ХХК 1 ТЗ эзэмшдэг/
  11. Шивээ-Овоогийн нүүрсний орд /Шивээ-Овоо ХК 1, Эрдэнэс Монгол ХХК 3, Эйкусора ХХК 5 ТЗ эзэмшдэг/
  12. Төмөртэйн овооны цайрын орд /Цайрт минерал ХХК 100 хувь ашигладаг, 2 ТЗ эзэмшдэг/
  13. Гурванбулагийн ураны орд ТЗ-гүй
  14. Мардайн ураны орд ТЗ-гүй
  15. Дорнодын ураны орд ТЗ-гүй
  16. Төмөртэйн төмрийн хүдрийн орд /Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувь/

Эдгээр Дорнод, Мардай, Гурванбулагийн ураны орд болон Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлийн эзэмшил тодорхойгүй байгаа аж.

Одоогоор Бүрэнхааны фосфоритын орд, Гацууртын алтны орд, Бороогийн алтны орд, Асгатын мөнгөний орд, Дорнодын ураны ГУРВАН орд гэсэн долоон орд ашиглалтад ороогүй байна.

Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байсан ордуудад,

  • Бороогийн алтны ордод "Бороогоулд" ХХК
  • Төмөртэйн овооны цайрын ордод "Цайрт минерал" ХХК
  • Нарийнсухайтын ордод Чинхуа МАК зэрэг компаниуд ажиллаж байсан. Одоо гэрээ нь дуусгавар болсон. Тогтвортой байдлын гэрээтэй компани байхгүй.

ХОЁРТ, УИХ-ын 2007 оны 27-р тогтоолын 2-р хавсралтад багтаасан 39 ордод:

  1. Улаан овооны нүүрсний орд
  2. Өвдөг худгийн нүүрсний орд
  3. Баян тээг нүүрсний орд
  4. Нүүрст хотгор нүүрсний орд
  5. Хар тарвагатайн нүүрсний орд
  6. Адуунчулууны нүүрсний орд
  7. Тэвшийн говь нүүрсний орд
  8. Тал булаг нүүрсний орд
  9. Чандган тал нүүрсний орд
  10. Хөөтийн хонхор нүүрсний орд
  11. Хөөт нүүрсний орд
  12. Налайх нүүрсний орд
  13. Алаг тогоо нүүрсний орд
  14. Зээгт нүүрсний орд
  15. Могойн гол нүүрсний орд
  16. Сайхан-Овоо нүүрсний орд
  17. Баргилт төмрийн хүдрийн орд
  18. Төгрөг нуур нүүрсний орд
  19. Наран толгойн алтны орд
  20. Тавтын алтны орд
  21. Төмөр толгойн төмрийн хүдрийн орд
  22. Баяндавааны бүлэг цагаан тугалга
  23. Улаан уул цагаан тугалга, гянтболдын орд
  24. Жанчивлангийн цагаан тугалга, гянтболдын орд
  25. Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд
  26. Мөнгөн өндөр мөнгөний орд
  27. Хөх адар зэс, цайрын орд
  28. Шаврын царам пиропын орд
  29. Шүдэн уул чулуун давсны орд
  30. Ширээ уулын гөлтгөний орд
  31. Өвдөг худаг хүрэн нүүрсний орд
  32. Цайдам нуур хүрэн нүүрсний орд
  33. Цагаан цав цеолотын орд
  34. Манхан уул фосфоритын орд
  35. Онгилог нуур фосфоритын орд
  36. Лугийн гол газрын ховор элементийн орд
  37. Хонгорын жоншны орд
  38. Улаан цайр, хар тугалганы орд
  39. Цавын цайр, хар тугалганы орд

Эдгээр 39-өөс 19-ийг нь стратегийн ордод хамруулахаар Засгийн газраас 2019 онд УИХ-д өргөн барьсан ч, гишүүдийн саналаар дэмжигдээгүй гацжээ.


НЭМЭЛТ: 15.00 цаг

-Хамгийн их өртэй ЗУРГААН компанийг ГХО-тай "МоЭнко" тэргүүлэв-

Өндөр өртэй, насжилт өндөртэй, хяналт шалгалтын өртэй татвар төлөгчийг харууллаа.

  1. "МоЭнко" ХХК 315,3 тэрбумын
  2. "Алтайн хүдэр" ХХК 82,3 тэрбумын
  3. "Их говь Энержи" ХХК 37,9 тэрбумын
  4. "Ариун флюор" ХХК 22,7 тэрбумын
  5. "Буржгар орд" ХХК 17,2 тэрбумын
  6. "Ганхүдэр орд" ХХК 7,7 тэрбумын өртэй байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, ААН-үүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, "Ховд аймгийн Дарви сумын уурхайд үйл ажиллагаа явуулдаг, Хонг Конгийн хөрөнгийн биржид гарсан МоЭнко компанийн асуудал. Энэ асуудлыг олон жил тавьж, хөндөж ирсэн. Татварын ерөнхий газраас энэ компанид 184 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан тухай мэдээлэл ирүүлсэн. Хөшөөтийн уурхайд арав гаруй лиценз эзэмшдэг. Стратегийн ордын жагсаалтаас ямар шалтгаанаар гарсан бэ" гэхчлэн асуулаа.

ТЕГ "2024 оны 7-р сард дахин шалгалт хийж АМНАТ-ийн үндсэн болон нөхөн төлбөрийг хууль дүрмийн дагуу төлөөгүй гэдэг үндэслэлээр 11,3 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан" хэмээлээ.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Стратегийн ордод байдаггүй" хэмээн хариуллаа.

"МоЭнко" ХХК-ийн дэд захирал н.Оюунчимэг "МоЭнко гэж компани алдартай болж байх шиг байна. Хүнд нөхцөлтэй уурхайд 17 жил тасралтгүй хөрөнгө оруулж, 2600 хүнийг ажлын байраар хангаж байна. Улсдаа татвар төлөлтөөрөө наймд, топ 100 аж ахуй нэгжийн нэгээр 6 жил шалгарч байна. Хөшөөт-Ярант чиглэлийн 311км хатуу хучилттай замыг хүнд нөхцөлд тавьсан" хэмээлээ.

"Ганхүдэр орд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр "Өчигдөр хоёр хөлөө хадуулаад өнөөдөр шүд зуугаад ирлээ. Миний ард хэдэн мянган ажилтан ажилгүй болсон болохоор ярих хэрэгтэй. Жаахан хүдэр аваад баяжуулаад зарахад нэмэгдсэн өртөг дээр АМНАТ авдаг. Манайх шүүхдэж байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр байна" хэмээлээ.

"Ганбөмбөлөг ундарга" ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Энх-Амгалан "АМНАТ төлөх мөнгө дансанд байхгүй. Бид тийм өндөр үнээр зараагүй. Манай компани 2017 онд үйл ажиллагаа явуулсан. 2019 онд АМНАТ гэнэт гарч ирсэн. Бүх хөрөнгөө оруулж, үйлдвэрээ барьсны дараа гэсэн үг. "Ковид-19"-ийн үед 300 гаруй ажлын байраа хэвээр нь хадгалж, хүмүүсээ ажиллуулсан. АМНАТ-ийн өр үүсэж байгааг харж байгаа хэрнээ хүмүүсийг гэртээ идэх хоолгүй хоригд гэж хэлж чадаагүй юм аа" хэмээлээ.


НЭМЭЛТ: 14.40 цаг

-Хамгийн их жонш экспортолсон ч, тайлагнаагүй П.Хурцбилэгт, 8.9 тэрбумын өртэй-

АМНАТ-ийн ногдуулалт, төлөлтийн талаарх шинжээжийн мэдээллийг танилцууллаа.

2018 онд АМНАТ-ийн ногдуулалт 1.1 их наяд байсан бол 2023 онд 7.8 их наяд болжээ.

2018 онд 80 ААН экспорт хийж байсан бол 2023 онд 326 ААН ашигт малтмал экспортолжээ.

Ашигт малтмал экспортолсон ч, тайлагнаагүй ААН-үүд:

2022 онд:

  • Тусгай зөвшөөрөлтэй 9 ААН 57,5 мянган тонныг
  • Тусгай зөвшөөрөлгүй 12 ААН 151 мянган тонныг

2023 онд:

  • Тусгай зөвшөөрөлтэй 14 ААН 79,6 мянган тонн
  • Тусгай зөвшөөрөлгүй 20 ААН 243,7 мянган тонн

Үүнээс дурдвал хамгийн их жонш экспортолсон ч, тайлагнаагүй компани "Баялаг жонш". Тус компани 2018-2023 онд 129,3 мянган тонн жонш экспортолсон боловч тайлагнаагүй. Улмаар 8,9 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьжээ. Гэвч одоо ч төлөөгүй байна. Эцсийн эзэмшигч нь П.Хурцбилэгт. П.Хурцбилэгт мөн тусгай зөвшөөрөл бүхий “Ди Жи Ти энд Эм”, “Арвинжонш” компаниудыг эзэмшдэг байна. Эдгээр компаниуд нь ч экспорт хийдэг аж.

Мөн "Шаширтрейд" ХХК нь 2018-2023 оны хооронд 74,4 мянган тонн жонш экспортолсон. Гэвч дутуу тайлагнасан. Компанийн эцсийн эзэмшигч Цэвэгмид. Цэвэгмид нь Жоншны холбооны тэргүүнээр ажилладаг.

"Дүүбэнхаус" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр нүүрс экспортолсон. 2021-2023 оны хооронд 91,1 мянган тонн нүүрс экспортолсон ч, тайлагнаагүй, татварын хяналт шалгалтад хамрагдаагүй.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-Үдээс хойших сонсголоор шинжлэн судлах асуудлууд-

Үдээс хойших сонсголоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд:

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагаа,
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авна.


ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:

Ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ийн талаарх нотлох баримтыг нээлттэй шинжлэн судлах 2024.05.30-ны өдрийн үдээс өмнөх сонсгол 2 цаг 50 минут үргэлжилж дууслаа.

НЭМЭЛТ: 11.30 цаг

-Л.Баярмандал: 18 аймгаас 500 гаруй бичил уурхайн хүсэлт ирсэн, маш их дарамт ирдэг-

Бичил уурхайн асуудлын талаар АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Бичил уурхайн зөвшөөрлийн талаар 18 аймгаас 500 гаруй хүсэлт ирсэн. АМГТГ-аас бичил уурхайг дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа. Зөвшөөрөл олгосонгүй гэдэг маш их дарамт ирдэг" хэмээлээ.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан "Дундговь аймгийн Өлзийт сумын жоншны ордод, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын алтны ордод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцуулаад түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгочихсон байгаа нь ямар учиртай юм бэ. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?" хэмээв.

Бичил уурхай эрхэлдэг нөхөрлөлүүд орлого төвлөрүүлсэн зүйл бараг байдаггүй хэмээн яригдав.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан "Дундговийн Хулд суманд жоншны ордод хоёр хүн бэртсэн. Там болтол ухаад хаячихсан. Нөхөн сэргээлт байхгүй. Дахин ухах гээд техник оруулчихсан байна" гэлээ.

2009-2019 оны хооронд энэхүү уурхайд жонш олборлож сэндийчиж орхисон дүр зураг.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын ХАЙГУУЛЫН лицензийг Дундговьд, АШИГЛАЛТЫН лицензийг Өмнөговьд хамгийн их олгожээ-

Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг сонсож байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж:

Зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хэлнэ.

2015-2023 оны хооронд Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай зэрэгцүүлэн олгосон байдлыг судалж гаргажээ.

Үүнд Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгийн газар нутгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хамаарч байгаа юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 78 байх бөгөөд эдгээрээс хамгийн их тусгай зөвшөөрөл олгосон нь Дундговь аймаг буюу нийт 31 зөвшөөрөл олгосон байжээ.

Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 10 байх бөгөөд хамгийн олон зөвшөөрөл олгосон аймаг нь Өмнөговь аймаг бөгөөд нийт 6 тусгай зөвшөөрөл олгосон байна.


НЭМЭЛТ: 10.40 цаг

-Сонгуулийн сурталчилгаагаа хийж, сонголд гэрчээр ирээгүй Д.Үүрийнтуяаг Ц.Цэрэнпунцаг сураглав-

Гэрч дуудахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэллээ.

Тэрбээр, "Зарим гэрч нар ирэхгүй байж сошиалаар бусдад сургааль айлдаад яваад байх юм аа. Тухайлбал, 2014-2017 оны хооронд Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа. Өчигдөр гэрчээр дуудагдсан ч ирээгүй. Ямар шалтгаан та нарт хэлсэн юм. Уг нь суугаад асуудлуудаа хэлэлцсэн бол. Тэгсэн хэрнээ ном сургаал айлдаад явж байна" хэмээлээ.

Хариуд нь түр хорооноос "УИХ-ын тамгын газраас холбоо барьж болох бүх утас руу нь холбогдох гэж оролдсон. Гэвч хариу өгөөгүй" гэлээ.

Тодотгоход, Д.Үүрийнтуяа нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгчийн статустай бөгөөд УИХ-ын V тойрог буюу Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймагт нэр дэвших гэж буй.


НЭМЭЛТ: 10.35 цаг

-Р.Сэддорж, О.Амгаланбаатар нар төлөөний хүмүүсээ явуулаад өөрсдөө ирсэнгүй-

Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал сэдэвтэй холбоотойгоор 24 гэрчийг дууджээ.

  • Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ирсэн
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Лхагвадоржийг төлөөллөөд Я.Мөрөн, н.Дэлгэрдалай нар ирсэн.
  • Дундговь аймгийн Засаг даргаар 2016-2020 оны хооронд ажиллаж байсан О.Бат-Эрдэнэ ирсэн.
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг төлөөлөн Ц.Амартөгс, Э.Ганхуяг нар ирсэн.
  • Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2018 онд жиллаж байсан С.Гансэлэм өвчний улмаас оролцох боломжгүй хүсэлтээ ирүүлсэн.
  • Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатарыг төлөөлөн Ш.Эрдэнэбат, М.Мэндбаяр нар иржээ.
  • Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн Т.Очирсүрэнтэй хамт хүрэлцэн ирсэн байна.

НЭМЭЛТ: 10.30 цаг

-Стратегийн 16 ордын талаар мэдээлэл сонсоно-

Өнөөдрийн сонсголоор:

  • Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл түүний хэрэгжилтийн талаар
  • Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал
  • Бичил уурхайн асуудал
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах ажиллагааны талаар сонсоно.
  • АМНАТ төлөх, хянах, хураах үйл ажиллагааны нотлох баримтын хүрээнд асуудлуудыг хөндөнө
  • АМНАТ-ийн эрх зүйн зохицуулалт, гэрээний болон жишиг үнийн талаар дурдагдана.
  • Статегийн ач холбогдол бүхий ашигт малмталын ордуудын ашиглалт, эзэмшлийн асуудлаар хэлэлцэнэ. /16 орд/

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор дөрвөн гишүүнээс санал хураахад гурав нь дэмжлээ.


ЭХЛЭЛ: 10.10 цаг

 -Бичлэг хийсэн зөрчил гарсныг анхааруулж, эхэллээ-

Нээлттэй сонсголын хоёр дахь өдрийн эхэнд хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дэгээ сахихыг сануулав. Өчигдөр утсаар бичлэг хийсэн зөрчил гарсныг хэлж, дэг зөрчвөл хуулийн хариуцлагатай болохыг санууллаа.

Эхний өдөр ашигт малтмалын олголт, бүртгэлийн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан.

  • Хувь иргэнд олгочихсон суурьшлийн бүсэд лиценз давхардуулж олгосон асуудал гарсан.
  • Ашигт малмталын тусгай зөвшөөрөл олгосон газарт суурьшлын зориулалтаар газар олгосон.
  • Соёлын өвтэй холбоотой газруудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудал гарсан. Юнескогийн өвд бүртгэгдсэн соёлын өвтэй газарт.
  • Усны тухай хууль зөрчсөн
  • Тусгай зөвшөөрөлгүй компаниуд экспорт хийж, татвар, АМНАТ төлөөгүй асуудал гарсан.

Мөн мэдээллээ харилцан солилцдоггүй, төрийн байгууллагуудын уялдаа холбооны асуудал гарсныг онцлов.


Сонсголын ЭХНИЙ өдрийн Нэг дороос, ашигт малтмалын сонсгол #1: Хамгийн олон лицензтэй хувь хүн Б.Нямтайшир, Н.Номтойбаяр мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2024-05-30 16:36

Zarim 1 nuhduud darga bolchihson suugaad bh iin, GYTBB-iin munguur BBSB-tai bolson ter munguuruu hahuulidajndarga bolson bh daa

Зочин
Зочин
2024-05-30 17:45

Цэрэнпунцаг МАК д пялдагдаж байндөө

Холбоотой мэдээ

Back to top button