Нийгмийн

Нэг дороос: Хоёр тохиолдол, 725 хавьтал бүртгэгдээд буй Улаанбурханы дархлаа 15-20 жилийн хугацаатай тогтдог

Манай улсад Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаад байна.

Тэдний нэг нь Казахстан улсын иргэнээс буюу зөөвөрлөгдөн орж ирж, бүртгэгдсэн. Тэгвэл нөгөө нь 47 настай, Монгол Улсын иргэн болохыг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Үүнээс гадна сэжигтэй нэг тохиолдлыг хяналтад аваад буй.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын мэдээлснээр эрсдэлийн үнэлгээг хоёр удаа хийжээ. Ингэхэд идэвхэжлийн зэрэг нэгдүгээр түвшинд гарсан байна.

Иймд нийт 725 хавьтлыг тодорхойлсон бөгөөд, голомтын вакцинжуулалт хийгээд буй.

Энэ хүрээнд өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний ням гарагт УОК хуралджээ. Улмаар тандалтыг эрчимжүүлж, дархлаажуулалт зохион байгуулах, вакцин хийлгээгүй хүүхдийн тоог нарийвчлан гаргах үүрэг өгсөн байна.

Хичээлийн шинэ жил ойртож байна. Иймд ЕБС, цэцэрлэгүүдэд Улаан бурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийг нарийвчилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс зохион байгуулахыг ч үүрэгджээ.

Улаан бурхан буюу кор гэж нэрлэдэг энэ халдварт өвчин ойрын жилүүдэд Монголд тархаагүй. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголд өргөнөөр тархаж байсан тул олон нийтэд танил өвчин. Тийм ч учраас шинэ төрлийн вирусийн өвчлөлтэй харьцуулахад тайван хүлээж авдаг талтай.

Гэвч энэ нь буруу юм. Улаан бурхан нь морбилливирусийн халдвараар үүсгэгддэг, гоц халдварт өвчин.

Тодруулбал, амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм. Анхны тохиолдлыг IX дүгээр зууны үед Арабын эмч Разес тодорхойлж бичсэн ч 18-р зууны үед л бие даасан өвчин гэж бүртгэх болсон бөгөөд 1954 онд үүсгэгч вирусийг ялгаж, 1967 онд Орост А.А.Смородинцевын удирдлагаар вакциныг анх үйлдвэрлэжээ.

Манай оронд 1972 онд Зөвлөлт-Монголын эрдэмтэд Ленинград 16 вакцинийг Дархан хотод клиникийн туршилтанд оруулж, 1973 оны 4 дүгээр сараас 7 аймгийн,1-8 насны хүүхдийг хамруулан тарьснаас гадна, 1973 оны 10 дугаар сард үлдсэн аймаг хотуудад 1 настайгаас 14 нас хүртэл ихэсгэж тарих ажлыг зохион байгуулж байж.

Улаанбурхан өвчин Монголд 1976, 1984, 2001 онуудад эпидеми байдлаар тархаж байсан.

Халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусийн анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст. Вирусийн халдвар авсан хүн бараг цөмөөр улаанбурханаар өвчлөх магадлалтай.

Өвөл, хавартаа илүүтэй гардаг. Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.

Үүсгэгч шүүгдэгч вирус нь тунгалгийн булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина.

Эмнэл зүйн хувьд, клиник шинж тэмдгээр нь:

  • 1. Улайх үрэвслийн үе
  • 2 .Тууралтын үе
  • 3. Эдгэрэлтийн үе гэж гурав хуваадаг.

Нууц үе нь дундачаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах нь ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихэснэ.

Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг

Ларингит, трахеит, бронхит, отит, энцефалит, менингит болохоос гадна хоолой бачуурах, даралт буурах, амьсгал давхцах үед нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөө яаралтай авч, даруй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй өвчин юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button