Ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг заалтыг хүчингүй болгохоор 7706 иргэн саналаа өгчээ
Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийг хүчингүй болгохоор иргэдийн саналыг цуглуулж эхэлсэн.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ ногдуулах заалт бий.
Ийм заалт бүхий шинэлчилсэн найруулгыг Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд байхдаа 2023.01.09-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар 2023 оны долдугаар сарын 07-нд УИХ-аар баталж, 2024.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн.
Өдгөө "Үндэсний эвсэл"-ийнхэн хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг хуулийг хүчингүй болгохоор олон нийтийн саналыг цуглуулж эхэлжээ. 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар оруулах боломж бүрдэнэ.

Аравдугаар сарын 16-наас эхэлсэн санал асуулгыг өнөөдөр /2024.10.25/-ийн байдлаар 7706 иргэн дэмжжээ. Тус заалтыг хүчингүй болгож, зөвхөн байнгын ажлын байр буюу Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдож байгаа цалингаас авдаг болгон өөрчлөх юм.
Хэдийгээр уг заалтыг хүчингүй болгох санал арав хоногийн дотор 7706 иргэн дэмжсэн ч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ ногдуулах Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйл, заалтыг өөрчилнө" гэж мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.