ХБИ насан туршдаа авах үйлчилгээний зураглалтай болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүн насан туршдаа төрөөс ямар үйлчилгээ авах нийгмийн үйлчилгээний "зураглал"-тай болно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын шинжилгээний ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэж, гарц шийдлийг боловсруулаад, эхний байдлаар зөвлөмж гаргажээ. Энэ зөвлөмж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний “зураглал” болох учиртай.
Жишээ нь, Японд хөгжлийн бэрхшээлтэй хүн насан туршдаа төрөөс ямар үйлчилгээ авах нь тодорхой байдаг. Хоёр настай хүүхдэд хүрэх асаргаанаас эхлээд 20 настай залуу амьдралд дээр гарахад түүнд хэрэгтэй төрийн үйлчилгээ нь “шатны гишгүүр” мэт ойлгомжтой зурагдсан байдаг. Манай улс анх удаа ийм бүдүүвч зургийг гаргахаар зорьж, тулгамдаж байгаа асуудлыг Хөгжлийн бэрхшээлийг тогтоох, үнэлэх, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол гээд 10 гаруй багц хэсэгт хуваажээ.
Эндээс гарсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтарч, цагдаа, онцгой зэрэг хүчний байгууллагуудтай зөвлөлдөнө. Зөвлөмжид тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгож УИХ-аар батлуулна.
Түүнчлэн саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, дохионы хэлний тухай хуулийн төсөл, бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг анхлан боловсруулж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.