УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилолтын тойм #2: Богд уулын тунель, Туул гол дээгүүрх гүүр, боомтуудын цахим шилжилтийг хариуцах эзэд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэдээ туршлага судлав.

Хоёр том бүтээн байгуулалттай танилцаж, “Алибаба” компаниас туршлага судлалаа.


НЭГДҮГЭЭРТ: 14.4 км урт Жызы-гийн туршлагаар Богд ууланд тунель байгуулна

БНХАУ-ын туршлага:

БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хот дахь 14.4 метр урттай Зыжы тунелийн байгууламжтай танилцаж, туршлага судлав.

Энэхүү тунелийг дэлхийн өвд бүртгэгдсэн, түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газрын нэг Шиху нуурын доогуур барьжээ.

Сонирхолтой тоонууд дурдвал: 14.4 тунелийг 2013 онд барьж эхэлж, гуравхан жилийн дотор буюу 2016 онд дуусгасан байна. Бүтээн байгуулалтын гүн нь 21м, хамгийн өндөр хэсэг нь 17.4м аж. Өдөрт 80 мянган машин зорчдог. Нийт 400 гаруй камераар замын хөдөлгөөнийг хянадаг. Богино долгионоор дамжуулан тунель доторх машины тоог тоолох боломж бүрдүүлжэн. Нийт 4.5 тэрбум юанын өртөгөөр бүтсэн. Ашиглалтад орсоноор Ханжөү хотын эдийн засагт өндөр үр өгөөж өгчээ. Тунель барихаас өмнө хотын урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнд оролцохын тулд тойруу замаар 50 минут зорчдог байсан бол туннельтэй болсноор 14 минут болгож чаджээ. 

Тунелийн нэг метр тутамд ган төмрөөр бэхэлгээ хийж аюулгүй байдлаа хангасан байна. Байгалийн гэрэлтүүлэг болон салхи ашиглаж барьж чадсан. Салхи нэвтрүүлэх, ус зайлуулах, гэрэлтүүлэх гэхчлэн долоон том системээс бүрдэн ажиллаж буй аж.

Монголд хэрэгжих төсөл:

Манай Монгол Улс харин Богд уулаа нүхлээд тунель гаргана.

Тодруулбал, Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барихаар зорьж байна. БНХАУ-ынхаас даруй 1км-ээр урт байх төлөвтэй.

Бид Богд уулаа нүхэлнэ гэж 1981 онд яригдаж эхэлсэн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтой ярьж эхлээд буй.

Энэхүү ажлын зураг төсөл боловсруулах компанийн сонгон шалгаруулалтыг өчигдөрөөс /2024.11.06/ зарласан. Энэ онд багтаан сонгон шалгаруулалтаа хийж, оны дараа гүйцэтгэгчийг шалгаруулна. Хавар 3-4-р сард төслийг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.


ХОЁРДУГААРТ: Туул гол дээгүүр татлагат гүүр барих туршлага судлав

БНХАУ-ын туршлага:

Чяньтан мөрөн дээрх Пөнбү гүүртэй танилцаж, туршлага судлав.

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ.

Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай. Харин авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.

Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг ажээ.

Монголд хэрэгжих төсөл:

Монгол Улс харин Туул гол дээрээ 1 километр орчим ган татлагат гүүр барина.

Тодруулбал, Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрийг барихаар төлөвлөж байна.

Байгууламжынхаа санхүүжилтийг оффтейк гэрээгээр гадны компанитай хамтралаар, төр хувийн хэвшлийн түншлэлээр, төлбөртэй зам ашиглалтаар гэсэн хувилбаруудаас сонгож шийдэх аж.


ГУРАВДУГААРТ: Боомтуудаа 5G сүлжээгээр хангах хэлэлцээр хийгдлээ

БНХАУ-ын туршлага:

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Алибаба компанитай танилцаж, туршлага солилцлоо.

Тус компани дэлхийн дахинаа 300 сая хэрэглэгчтэй. Өдөрт 5 сая илгээмж дэлхий дахинаа гардаг. АI, үүлэн технолгиор борлуулалт болон бусад асуудлуудаа шийдвэрлэж, ухаалгаар ажиллаж байгаа аж.

Ноос ноолуур, аарцны ундаа, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг тус компани худалдаалж байгаа. Илүү олон бүтээгдэхүүнээ монголчууд борлуулах боломжтой аж.

Одоогоор Монголын хэрэглэгчид автомашины тоног төхөөрөмж ихэвчлэн худалдан авдаг байна.

Монголд хэрэгжих төсөл:

Боомтуудаа технологийн шийдэл ашиглан цахимжуулахаар болжээ.

Уул уурхайн тээвэрлэлтийг илүү ухаалаг болгох чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өрнүүлэхээр хэлэлцжээ.

Боомтуудын сэргэлтийг авч ирэхийн тулд дижитал шилжилт хийхээр төлөвлөж байна. Ингэхийн тулд хангалттай интернет, хангалттай эрчим хүч гэсэн хоёр дэд бүтэцээ шийдвэрлэх нэн тэргүүний шаардлага бий.

Монголын 14 боомтыг 5G төхөөрөмжөөр хангах ажлын хэлцэл энэ удаагийн айлчлалаар зурагджээ. Мөн монголчууд цахим технологи ашиглан хэрхэн бараа бүтээгдэхүүнээ экспортлох вэ гэдэг гарц гаргалгаануудаа ч ярилцсан байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
999096690006
999096690006

Данхановыг туннель ухчина гэж нэг ч хүн итгэхгүй байсан нь дээр. Газрын тосны үйлдвэр шиг л юм болно доо

Зочин
Зочин

ДАРХАН ЦААЗАТ БОГД УУЛ МААНЬ ОНГОНОО ЦООЛУУЛЖДЭЭ УХААД ТӨНХӨӨД ТУНЕЛЬ ГАРГААД МОНГОЛ УЛС ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЖ ЯДУУРАЛ АРИЛАХ НЬ ЭНЭ ЕРӨНХИЙ САЙДАА БҮХ НАСААР НЬ АЖИЛУУЛЬЯА МОНГОЛНУУДАА БРАВО

Иргэн
Иргэн

Тунелээс илүү газрын тосны үйлдвэр арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, ашигт малтмалын баяжуулах боловсруулах үйлдвэрүүд яг одоо хэрэгтэй бах юм

Зочин
Зочин

Туннелийг бага тэнгэрийн амны хажуугаар гаргах хэрэгтэй

shit
shit

yah gj? ????????‍♀️ yg ymr ach holbogdoltoi gej uum blai2 ym hiigd bdiin, hytdaas goy blmoor bgamu

Холбоотой мэдээ

Back to top button