Нийгэм мэдээ

Маргаашаас эхлэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй

Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөх буюу маргаашаас эхлэн импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг гаргасан байдаг. Ингэснээр нийслэлийн түгжрэл буурна хэмээн тайлбарлаж буй.

Тэгвэл цаашид нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Ингэхдээ

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал, 

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн 
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгох юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button