COP29, Н.Батхүү: Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Азербайжан улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ. Тус уулзалтыг тойрсон сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгээс тодрууллаа.
Eguur News агентлаг Баку хотоос сурвалжилга бэлтгэж буй.
Тэрбээр "COP29 хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын хэсэг эхэлж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 14.30 цагийн орчимд, өөрийн эх орондоо ямар ажил хийж хэрэгжүүлж буйгаа илэрхийлж, тус хуралдаанд оролцоно.
COP29-ийн хүрээнд Киодо, Парисын хэлэлцээр болон Шинжлэх ухаан технологийн, Конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг олон хурал, хэлэлцээр болж байдаг. Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуусын төлөөлөл бэлтгэлээ хангаж, өөрсдийн хариуцсан хэсгүүдэд оролцож эхэллээ.
Дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулалт эхэлснээр олон талт хэлэлцээрүүд нэлээд эрчимждэг. Харин хамгийн сүүлийн хэлэлцээр 22-ны өдөр болно. Улмаар үр дүнгээ дүгнэн хэлэлцэнэ.
Энэ жилийн онцлог гэвэл, санхүүжилтийн асуудалд бүх талууд онцгой анхаарч байна.
2009 оноос эхлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг санаачилга яригдаж байгаа.
Энэ хүрээнд “Санхүүжилтийн шинэ зорилго” гэдэг баримт бичиг талуудад хүргэгдсэн. Хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилтийн хэмжээг 100 тэрбумд хүргэх амлалт дэвшүүлсэн гэж ойлгогдож байна. Улс орон бүр өөрийн хэрэгцээ шаардлага бүхий тооцоо, дүнг хүргүүлдэг. Үүнийг нэгтгэж, энэ хурал дээр ярина. Одоогийн байдлаар тэрбумаар биш их наядаар тоологдох ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Тийм ч учраас маш чухал бөгөөд олон талын сонирхлыг татсан хэлэлцээр болно. Үр дүнд нь “Санхүүжилтийн шинэ зорилго”-ыг батална гэдэгт оролцогч талууд итгэлтэй байгаа.
Түүнээс гадна улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтод оруулж буй хувь нэмэр, төлөвлөсөн ажлынхаа хэрэгжилтийг Нарийн бичгийн дарга нарт тайлагнадаг. Хоёр жил тутамд Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлангаа хүргүүлдэг. Бид өнгөрсөн жил хүргүүлсэн. Мөн “Дасан зохицох үндэсний төлөвлөгөө”-г баталсан. Нөгөө талаар улс орнууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ тодорхойлдог онцлогтой. Бид үүгээр, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэж төлөвлөсөн. Улмаар 2050 онд дэлхий нийтийн нийтлэг зорилтын дагуу тэглэхийг эрмэлзэнэ. NDC 3.0 хэмээн нэрлэгдэж буй энэхүү баримт бичгийг боловсруулах ажлыг холбогдох төрийн байгууллагуудын оролцоотой хийж байна.
Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, хэмжих, баталгаажуулах ажлаа тогтмол хийж байгаа. Хэдийгээр бидний хүлэмжийн хийн ялгарал бага ч хүн ам, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад өндөр.
Иймд ойн экосистемийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицох чадвартай болгох хийгээд газар ашиглалтын чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтын хүрээнд ХАА, эрчим хүчний салбарт голчлон анхаарах ёстой. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүчний асуудлыг Засгийн газар идэвхийлэн дэмжиж байгаа. Харин газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бидэнд бий. Ойн салбарт мөн боломж бий гэж анхаарч байгаа.
Ийм ч учраас “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөн нь хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй. Гэхдээ бид зорилтоо ахиулан тодорхойлох үүрэгтэй.
Дэлхийн бусад улс оронд “Тэрбум мод”-той ижил төсөөтэй үндэсний хөдөлгөөн олон бий. Зөвхөн мод тарихаас гадна байгалийн ойг хамгаалах, дасан зохицох чадамжтай ой бий болгох чиглэлд анхаарцгааж байна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүлэмжийн хийн бууруулна гэж хот төвийн утаандаа ард түмнээр хордуулж бж юун хий буурах харин нэмэгдүүлнэ гэвэл үнэн болно
Энэ тэнд амл�##�т өгөөд л...явах юм.