Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: ХААИС-ийн багш нар үрсэлгээ хийж, хог ургамал устгадаг робот, ПСР-ийн урвалж бүтээж, зохиомол хээлтүүлэг хийж байна

ХААИС-ийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудын хийж хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүнийг сурвалжилснаа хүргэж байна. Бид эхлээд тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль БНСУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол улсын МАА-н салбарын сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл” ийн хүрээнд  байгуулсан “МАА-н технологи дамжуулах төв”-д  очлоо. Тус төв нь

  • Малын генетик, нөхөн үржихүй
  • Малын тэжээллэг, тэжээлийн үнэлгээ
  • Мах, махан бүтээгдэхүүний технологи
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний технологи гэсэн дөрвөн лабораторитой.

МАА-н салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой ХАА-г мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах, насан туршийн боловсрол олгох, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж мал аж ахуй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр төрөлжсөн талбайн болон танхимын сургалтуудыг үе шаттай зохион байгуулж ажиллаж байгаа тус төвийн эрдэмтэн багш нар зарим лабораторио танилцууллаа.

-Зохиомол хээлтүүлэг, үр хөврөлийг бий болгож, ПСР-ийн урвалж бүтээсэн Малын генетик, нөхөн үржихүйн лаборатори-

ХААИС-ийн багш, доктор Т.Уламбаяр “Койка байгууллагын хөрөнгө оруулалттай уг төслийн хүрээнд Малын генетик, нөхөн үржихүйн лабораторийг байгуулсан. Энд монгол малын удамзүй ерөнхий байдал ямархуу байгааг генетигийн түвшинд судалж, цаашдөө генетик селекцид ашиглах үндсэн зорилготой. Төслийн хүрээнд бас дэд төслүүд хэрэгжиж байгаа. Жишээ нь, одоо бид нар монгол орны хонин сүргийн удамзүй, генетикийн олон янз байдлыг генийн түвшинд нь судалж байна. Тухайн малаас цус авч үндсэн ген болон удамшлын материал нь ямар байгааг, хоорондоо хэр хамааралтайг судаллаа. Хонины олон янзын үүлдэрүүд бий. Тиймээс энэ үүлдэрүүд мөн үү, цус хэр холилдож, ерөнхийдөө удам маань байна уу, ноос, мах, сүүний чиглэлийн үүлдэрүүд хоорондоо генетикийн бүтцээрээ ямар ялгаатай, хэр ойрхон байна вэ гэдгийг судалж байна. Энэ лаборатори зөвхөн генетик удамзүйг тодорхойлохоос гадна нөхөн үржихүй буюу зохиомол хээлтүүлэг, үр хөврөлийг зохиомол орчинд бий болгож сайжруулах бас зорилготой. Генийн инженерчлэлийн түвшинд судалгаа хийх бүрэн боломжтой.

Генетик үржил гэхээр бүхий л амьд организмын генетикийг бид судална. МАА, ургамал амьтан, бичил биетэн, мөөг  гээд амьтай бүх организмын генетикийг энд судлах боломжтой.  Лабораторийн онцлог, ген анализатор гэх энэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бид генийн секюнсин буюу дарааллыг би олж, судалгаа хийх маш том боломжийг олгож байна. Энгийн жишээ гэхэд бид ковид үеэр ПСР гэдэг зүйлийг мэддэг болсон. Тухайн үед ПСР—ийг хийх эм урвалжийг дандаа гаднаас худалдаж авсан. Одоо бид энэ лабораторидоо өөрсдөө зохиомлоор хийж авах бүрэн боломжтой болчихсон. Эхнээс нь гаргаж аваад судалгаанд ашиглаад, хэрэглээд явж байна.

Мөн судалгаагаар явж байхад малчид цөм сүрэг бүрдүүлэх 75, 50 хувьтай бух авлаа гээд генетикийн үндсэн математик загварчлалаар ярьдаг. Харин энэ лаборатори таны мал үнэхээр цөм сүрэг мөн гэдгийг бүрэн баталгаажуулж өгнө.  Нэмж хэлэхэд энэ төвийн маань гол зорилго нь зөвхөн их сургуулийн багш, оюутнуудын судалгаанд чиглэх бус ААН-үүдтэй хамтарч ажиллана. Учир нь их сургуулийн багш нарт маш их санаа болон хийчихсэн бүтээлүүд байдаг. Эдгээрийг бид нар үйлдвэрлэх бүтээгдэхүүн болгох гол зорилготойгоор энэ төвийг байгуулсан юм” .

-Тэжээлийн эслэг, уургийн түвшинг нь тодорхойлж, тэжээлийн  жор зохиож, бэлтгэх технологиудыг боловсруулдаг Малын тэжээл, тэжээлийн үнэлгээний лаборатори-

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Д.ГүрбазарМалын тэжээл, тэжээлийн үнэлгээний лаборатори нь бол малын тэжээлийн үнэлгээний лаборатори нь малын тэжээлийн найрлага, түүнд агуулагдаж байгаа шимт бодисын хэмжээг тодорхойлох зориулалттай.  Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гээд асуудлууд нэлээд хурцаар тавигдах болсон. Дээрээс нь МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдал энэ бүх үйл ажиллагаа эргээд малын гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын асуудал бөгөөд энд тэжээлийн чанар аюулгүй байдлын асуудал давхар яригддаг.

Эхэнд нь дуулгахад энэ бол зөвхөн судалгаанд хэрэглэгдэх гэхээсээ илүүтэй эрчимсэн аж ахуй нэгжүүдээс захиалга авч тэжээлийн дүн шинжилгээ хийж, найрлага чанарыг нь тодорхойлж өгдөг. Өөрөөр хэлбэл бид тэжээлийн найрлагын шинжилгээндээ үндэслэж жорыг боловсруулж аль болох хямд төсөр чанартай бүтээгдэхүүнээр хангах чиглэлд түлхүү ажиллана. 1958 онд ХААИС-ийг байгуулагдахад анхны лаборатори нь малын тэжээлийн үнэлгээний лаборатори гэж байсан. Өнөөдөр бид үүнийг судлаачдынхаа оролцоотойгоор өргөжүүлж малын сургалт, судалгааны  чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлээд явж байгаа нь энэ. Өнөөдрийн байдлаар бид Олон улсын төсөл хөтөлбөрүүдээс захиалгатай 200 гаруй дээжид шинжилгээ хийж байна. Лаборатори маань тэжээлийн найрлагад агуулагдаж байгаа уураг, эслэг, эсийн ханын бүтэц, антиоксидант болон эрдсийн агууламжийг бүрэн тодорхойлох боломжтой. Энэ мэтээр судалгаа хийж үнэлгээ дүгнэлт гаргахын зэрэгцээ мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажил хийгдэж байна.

Малчид, фермерүүд нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй тэжээлийнхээ нь зардлыг бууруулахад  онцгой анхаардаг. Тиймээс бид тэжээлийг шинжилж эслэг, уургийн түвшинг нь тодорхойлж харьцаанд үндэслэсэн тооцоог гаргаж тэжээлийн  жорыг зохиолгож, бэлтгэх технологиудыг боловсруулдаг. Тэрийгээ эргээд үйлдвэрлэл аж ахуй нэгжүүдэд зөвлөхөөр нэгж бүтээгдэхүүнд зарцуулах зардлыг 20-35 хувиар бууруулж байдаг онцлогтой.

Мөн ямар төрлийн шимт бодисыг нэмж оруулах, тэр тусмаа мал амьтанд төдийлөн нийлэгжиж бий болгож чаддаггүй шимт бодисыг тэжээлд холих зохистой хэмжээг бид зөвлөнө.

-Чанар аюулгүй байдлын үнэлгээ, боловсруулах технологи Сүү, сүүн бүтээгдэхүүний технологийн лаборатори-

ХААИС-ийн бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн багш, дэд профессор М.Нарангэрэл “Манай ХААИС дээр “Койка” олон улсын байгуулагаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 4 том лаборатори байгуулагдсаны нэг нь энэ Сүү, сүүн бүтээгдэхүүний технологийн лаборатори юм. Энэ бол сүү, сүүн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлгээ өгөх, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн туршилтууд хийхэд хэрэгцээтэй бүх төрлийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан. Лабораторийг түшиглээд бакалавр болон ахисан түвшний оюутнууд сургалт судалгааны ажил хийж байна. Цаашдаа тавьж байгаа нэг зорилго бол зөвхөн сургалт судалгаа хийхээс гадна монгол улсын хэмжээнд сүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг сургалт судалгаа хийдэг байгууллага хувь хүмүүстэй хамтарч ажиллана.  Одоогийн байдлаар лабораторио түшиглээд пробиотек бол пособиотек сүүн бүтээгдэхүүний чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Цаашдаа сүүний чиглэлээр олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сүүний чиглэлээр ажиллаж байгаа хувь хүн албан газруудад урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулна.

Энгийн үгээр тайлбарлавал тухайн сүү, сүүн бүтээгдэхүүнд ямар зүйлүүд агуулагдаж байгааг, уураг, өөх тос, нүүрс ус гээд бүрэлдэхүүний зүйлүүдийн агууламж, шинэлэг байдал, дулаанд тэсвэрлэх чадвар, өвчин үүсгэгч бичил биетэн мөн антибиотекийн үлдэгдэл байна уу гэдгийг тодорхойлох боломжтой.

БНСУ-ын Койка байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён үндэсний их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй 5 сая долларын төслийн хүрээнд байгуулсан “Мал аж ахуйн технологи дамжуулах төв” сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах, шинэ технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байгаа нь энэ.

-Үрсэлгээ хийж, хог ургамлыг таньж устгаж, усан дээр ногоо тарьдаг ухаалаг роботууд-

Бид цаашлан ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын бүтээсэн ухаалаг роботуудтай “танилцлаа”.

Инженер технологийн сургуулийн судлаачид, оюутан,  багш нар сүүлийн үед аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь энэ.

Хүн ам багатай ч олон км кв газар нутагтай манай орны хувьд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хөгжих, технологи нэвтрэх нь ус агаар мэт хэрэгтэй цаг үе. Онцолбол, хөдөө аж ахуйн ухаалаг технологийн чиглэлээр бол цор ганц судалгаа хийж байгаа газар бол тус сургууль юм. Ухаалаг технологит бүхий орчин үеийн тоног төхөөрөмжийн судалгааг хийхийн тулд Инженер технологийн сургуулийн багш нар Беларусь улсын эрдэмтэн судлаач нартай хоёр төсөл, БНХАУ-ын эрдэмтэн судлаач нартай нэг төсөл, БНСУ-ын эрдэмтэн судлаач нартай нэг төслийг хамтран хэрэгжүүүлж байгаа юм.

Тодруулбал, эдгээр төслүүд ухаалаг технологи, ухаалаг тоног төхөөрөмж, ухаалаг роботуудыг зохион бүтээх чиглэжээ.  Үүнийхээ дагуу тус сургууль ХАА-н ухаалаг технологи, робот хөгжүүлэлтийн төвийг байгуулж мөн Ухаалаг технологи гээд бакалаврын ангийг шинээр нээсэн байна.

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, доктор Ж.Мөнгөн “Энэ роботууд газар тариалангийн үйлдвэрлэл, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамжийн хөтөлбөрт голлох үүрэгтэй. Одоо та бүгдэд төхөөрөмжүүдээ танилцуулья.

Жимсний модны өвчин хортонтой тэмцдэг робот аккумлятороор ажиллана, нэг тууш уртдаа 1000 метр буюу нэг километр модон дундуур сүлжиж явж бүтэн өдөр ажиллахдаа 3-4 хүний хийх ажлыг нугална. Энэ маань оюутны болон багш судлаачийн шилдэг бүтээл болсон. Модоо мэдэрнэ, мэдэрсэн модондоо химийн бодисоо цацна. 

Энэ бол үрсэлгээ хийдэг робот байна. Хүнсний ногооны үрсэлгээг хийхдээ нэг бүрчлэн дан гараар хийж ирсэн. Энэ ажлыг хялбарчилж роботоор хийж байгаа нь энэ. Өдөрт 10 хүний ажлыг  ганцаараа хийж, тухайн таримлыг энэ жижиг үрслүүр дээр нэг, нэгээр нь тарьчихдаг. Дараа нь хөрсөөр дэвсдэг.

Сүүлийн үед урбан грийн хаус буюу хотод зориулсан хүлэмжүүд бий болж, хотын иргэд ногоог цоо шинээр нь оргиналаар нь идэхийг хүсч байгаа. Тэр хүсэлд нийцсэн шийдлийн жижигрүүлсэн загвар энэ байна. Бид нар байгалийн гэрэлтүүлгийг гэрлээр орлуулж байцааны салат, бууцай зэргийг ургуулж үзсэн. Үүнийг томруулж, таван давхар байшинд ийм зүйлийг хийчихэд Улаанбаатар хотын иргэдийг шинэ ногоогоор бүрэн хангах боломжтой. Ургамлуудыг нь үндэстэй нь хийж, усаараа тэтгэгдээд байж байна. Дээр нь усны танк юмуу загасны аквариум, эсвэл бордоо хийгээд өгчихнө. Тэгээд  хөрсөнд биш усанд тариалан эрхэлж байна гэсэн үг.

Энэ дельта робот. Хамтарч ажиллана. Эхний робот хог ургамлыг хор цацах юмуу механик аргаар устгадаг. Таниулсан кодоос бусад ургамлыг устгах юмуу хор цацна.  Бас бордоо хийж болно. Энэ нь болохоор газар дээгүүр явдаг дугуйтай, хог ургамлыг таних зориулалттай робот. Өөрөө дөрвөн дугуйтай маневар хийгээд явна. Урдах камерийн тусламжтайгаар өмнөө байгаа ургамлыг таньж, нөгөө робот нь гүйцэтгэнэ. Ургамлаа таньдаг робот дээрээ устгах роботоо угсраад нийлээд явна гэсэн үг. Нэг нь болохоор замаа мэдрээд ургамлаа танина, ургамлын мэдээлэл очихоор энэ нь устгаж өгч байна гэсэн үг.

Ж.Мөнгөн доктор зөвхөн Ухаалаг технологи, робот хөгжүүлэлтийн төвөө танилцуулсан нь энэ. Энэ сургууль механик инженер, цахилгааны инженерийн ангиуддаа мехатроник чиглэлийн хичээл ордог. Энэ чиглэлээр багш, оюутнуудын бүтээсэн ХАА-н салбарт хөдөлмөр хөнгөвчлөх  зорилгоор зохион бүтээсэн тоног төхөөрөмж маш их. Эдний сургууль судалгаа шинжилгээ хийдэг 40 багштай. Судлаач багш нар баг болж, 4 тэнхимд судалгаа хөгжүүлэлт хийж, зохион бүтээж байна.

Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/ нь гадаадын 37 орны 227 байгууллагатай 242 гэрээ, санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд бидний сурвалжилга зөвхөн хоёр төслийн үр дүн, явц юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button