Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Эрдэм шинжилгээний хурал ба илтгэлүүд: Мазаалайн тухай судлагдсан бүхнийг хэлэлцлээ

"Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2024.12.09/ боллоо.

Хурлаар хэлэлцүүлсэн эрдэмтдийн илтгэлийг сийрүүлж, хүргэе.

Мазаалай баавгай нь Говийн их дархан цаазат газрын А хэсэгт амьдардаг.

Тэгвэл, тус хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат эхэнд илтгэлээ.

Ч.Баярбат: 32 уст цэгийг 41 болголоо. Сэгсцагаанбогдыг хамгаалалтын болон онгон бүсдээ оруулахаар санал хүргүүлсэн

Тэрбээр “Бид гурван зорилт бүхий 21 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.

Мазаалай хамгаалах чиглэлд 1 тэрбум төгрөг төсөвлөсний 269 саяыг, 7 үйл ажиллагааны чиглэлээр манай хамгаалалтын захиргаанд тавьсан. Үүнд, хуучны гар худгуудыг нарны өргүүртэй болгох. Тэжээлийн сав таван ширхгийг байгуулах. Уст цэгийг түшиглэж хөв цөөрөм байгуулах. Уст цэгүүдийн эхийг хамгаалах. Тэжээлийн сав хооронд нөөцийн сав тавьж, тэжээл тараах үеэр ашиглах. Амьд баригчийн тоог нэмэх зэрэг ажлууд төлөвлөгдсөн.

Өмнө нь 32 уст цэг байсныг бид есөөр нэмэгдүүллээ. Зургаан хөв ус байгууллаа. Судалгаагаар, тус усанд амьтад ихээр орж, ундаалж байна гэсэн үр дүн гарсан.

Тэжээлийн савыг 1986 оноос эхлэн байршуулсан. Өнөөдөр 28 цэгт 43 тэжээлийн сав байршуулаад байна. Эдгээрт тэжээл хүргэхэд 3200 км зам туулдаг. Хөнгөвчлөхийн тулд 8 тоннын зузаан бүхий нөөцийн савыг гурван газар байршууллаа. Гурван байршилд шинээр амьд баригч тавив, есөн цэгт нийт 10 байгаа.

Бид мөн дархан газрын дотоод бүсчлэлийг шинэчлэх саналыг яаманд хүргүүлэв. Тодруулбал, Сэгсцагаанбогдыг хамгаалалтын болон онгон бүсдээ нэмж оруулахаар тус саналдаа тусгасан.

Манай дархан цаазат газар хэмжээгээр дэлхийд 15-д ордог. Бүс нутгийн, дэлхийн хэмжээнд устах аюулд орсон амьтан ургамлыг хамгаалах зорилгоор 1975 онд анх тусгай хамгаалалтад авч, 1991 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газарт бүртгэсэн. Гадаадын эрдэмтдийн хувьд үүнийг цөл биш бүх төрлийн экосистем гэдэг.

54.7 хувь нь хэт гандуу, 45 хувь нь жинхэнэ цөл, ингээд хээр, өндөр уулын хээр гэх мэт газартай.

Бид заган ойн тооллогыг нэмэгдүүлж байна. Монголын ойн 15 хувийг манай заган ой эзэлдэг.

Энд зөвхөн мазаалай биш маш олон амьтан бий. Маш үзэсгэлэнтэй газрууд тул дэлхийн судлаачид ихээр ирдэг.

Харин бидний хувьд дөрвөн мэргэжилтэн, 22 байгаль хамгаалагч, 5 үйлчилгээний ажилтан, дарга гээд нийт 34 орон тоотой.

Сүүлийн үед биднийг нинжа нартай хамтарч, газар нутгаа ухдаг гэхчлэнгээр ярих боллоо. Бид энэ бүх хугацаанд ийм сэтгэл гаргаагүй. Нинжа нарыг дархан газарт оруулж байсан бол өнөөдөр бид энд байхгүй, эрүүгийн хэрэг үүснэ. 10 жил бид нинжа нартай маш их тэмцэж, маш их зөрчил илрүүлсэн. Энэ асуудал 100 хувь больсон гэж хэлмээр байна. Нутгийн иргэд, хилийн цэрэг  ч үүнд хамтардаг. Сүүлийн гурван жилд гэхэд 7-8 эрүүгийн хэрэг үүсгээд явж байна.

Сүүлийн үед Нарансэвстэйн боомт нээх асуудал яригдаж байна. Боомт нээж, автозам тавигдвал асар их сөрөг нөлөөтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй эрдэмтэд маань ярьж байгаа” гэлээ.


Биологийн ухааны доктор, профессор Б.Мижиддорж: Хөхтөн амьтны бүх баг, шувууны бүх зүйлийн гуравны нэг нь Алтайн өвөр говьд бий

“Энэ бол тухайн нэг зүйлийг биш экосистемийг бүтнээр нь хамгаалах тухай асуудал юм. Мазаалайг хамгаалъя гэвэл тэндхийн биологийн олон янз байдлыг хамгаална гэсэн үг.

Алтайн өвөр говийн уул нурууд Мезойн эриний эхэн үеэс хэлбэршин тогтсон. Хэт гандуу цөлийн бүсэд хамаарна. Хур тунадасны хэмжээ маш бага, маш халуун, хуурай. Зундаа хөрсөндөө 70 хэм хүртэл халдаг.

Хүний нөлөөнд хамгийн бага өртсөн онцлогтой. Өөрөөр хэлбэл унаган төрхийг хадгалж чадсан гэдгээр дэлхий дахины ач холбогдолтой.

Цөлийн экосистемээс гадна амьтан, ургамлын өвөрмөц бүрдэл, үзэсгэлэнт баянбүрдүүд бий. Хэдийгээр халуун хуурай нөхцөлтэй ч газрын гадарга олон янз.

Ургамлын аймгийг олон жилийн өмнөөс судалсан. 383 зүйлийн гуурст ургамал тархсан. 12 нь зөвхөн энэ тойрогт тохиолддог. Амьтны аймгийн хувьд дэлхийд ховордсон амьтад үлдэж хоцорсон. Ихэнхийг нь хамгаалах шаардлагатай.

ГИДЦГ-ын А хэсэг нь алтайн өвөр говь юм. Энд амьдардаг 16 зүйлийн хөхтөн, 4 шувуу, 3 мөлхөгч, 13 хөхтөн, 7 шувуу зэрэг нь Улаан номд оржээ. Хөхтөнд аргаль янгир, мазаалай, хулан зэрэг хамаарна. Алтайн өвөр говиос нийт 50 зүйл хөхтөн бүртгэжээ. Үүнээс ГИДЦГ-ын А хэсэгт бол 39 зүйл нь бүртгэгдсэн.

Манай орны хөхтөн амьтны баг бүгдээрээ энд нутаглаж байна. Улаан чонын хувьд гагцхүү устсан гэж үзэж байна. Зэгсний гахай алтайн өвөр говьд тархаж байсан, 60-аад онд устаж, шахагдаж үгүй болсон.

Шувуудын зүйлийн бүрдлээр тун баялаг. 15 багийн 177 зүйлт шувуу байгааг тогтоосон. Монгол оронд 500 гаруй зүйлийн шувуу бий. Түний гуравны нэг нь Алтайн өвөр говьд байна гэсэн үг.

Алтайн өвөр говь мөлхөгч амьтдаар асар баялаг. Есөн зүйлийн гүрвэл, таван зүйлийн могой бий. Манай орны хоёр нутагтны 16, мөлхөгчдийн 63 хувь мөн л энд амьдарч байна.

Хүн тэр бүр анзаарахгүй олон янз зүйлийн шавж бий. Гэхдээ бүрэн дүүрэн судлагдаагүй. Нэлээд том төлөөлөл болох цохын баг гэхэд 115 зүйл байна. Үүнээс гадна хайрсан далавчтаны 99 зүйл байх жишээтэй. 24 зүйл нь эндемик буюу зөвхөн тухайн бүс нутагт тохиолдоно. Нийт 32 зүйлийн шавж нь эндемик байгаа нь бүс нутгийн хувьд онцлог юм. Цаашид зүйлийн бүрдлийг бүрэн гаргах, судлах шаардлагатай.

Бичил биетэн, хавч хэлбэртэн амьтад ч хүний нүдэнд харагдахгүй боловчиг мөн л байна. Атас ууланд Биологийн хүрээлэн, МУИС хамтарсан судалгааны баг ажилласан. Энэ явцад бичил биетнүүдийг судалжээ. 1 гр хөрсөнд 800 гаруй мянган бичил биетэн байна гэж үзсэн. Зарим булаг шанд (Ээж хайрхан, Зармангийн говь) анх удаа гидробиологийн судалгаа хийв. Ингэхэд 12 зүйлийн хавч хэлбэртэн, 3 зүйлийн ротифер тохиолджээ.

ГИДЦГ бол төв азийн унаган төрхийг хадгалсан, цөлийн загвар бүс нутаг тул судалгааны түшиц, дэлхийн ач холбогдолтой. Биологийн олон янз байдлын судалгааг хэтдээ нэмэгдүүлэх шаардлагатай.

Нөгөө талаар цоохондой, говийн шилүүс зэрэг махчин амьтдыг одоо хүртэл судлаагүй л байна. Судлах эзнээ хүлээж байна. Хамгааллын төлөвлөгөөг зүйл тус бүрээр нь гаргах хэрэгтэй. Экосистемийн нэгдмэл тогтолцоо юм гэдгийг мартаж болохгүй. Мазаалайг нь юм уу, хавтгайг нь юм уу устгахад л бүрэн бүтэн цогц байдал өөрөө алдагдах эрсдэлтэйг хэлэх нь зүйтэй.

Иймд А хэсэгт хамгаалалтын дэглэмийг маш сайн сахих ёстой. Хүн техникийн хөдөлгөөнийг маш сайн хязгаарлах учиртай”


Норвегийн их сургуулийн эрдэмтэн, хөхтөн амьтан судлаач Андреас Зэдроссер: Мазаалайг байгалийн жамаар нь үржүүлэх ёстой

“Тооцож үзвэл, 1000 км2 нутагт 0.93 ширхэг мазаалай баавгай байна.

2009, 2013, 2017 оны дүнг тус тус харьцуулахад популяцын өсөлтөд ямар нэг өөрчлөлт гараагүй байна. Бас нэгэн асуудал бий нь хүйсийн харьцаа. Хүрэн баавгайн хүйсийн харьцаа 1:1 байдаг. Гэтэл мазаалайд 2.4 эр: 1 эм гэж гарсан. Энэ эр нь хэт давамгай байна гэсэн үг. Мөн төллөлт маш бага гэдгийг илэрхийлж байна. Үржлийн эрчим маш сул.

Мөн бусад салбар зүйл баавгайнуудтай харьцуулахад, мазаалайн генетик олон янз байдал маш бага. Хамгийн тусгаарлагдсан хүрэн баавгайн салбар зүйл гэж хэлж болно.

2005-2023 оны хооронд 34 баавгай хүзүүвчилсэн. Давтагдсаныг хасвал 27 баавгай хүзүүвчилсэн байдаг. Үүнд 18 эрэгтэй, 9 эмэгтэй мазаалай байсан.

Нэг мазаалай 2500 км2 ба түүнээс дээш хэмжээний нутгийг хамарч, байршин амьдарч байна. Нэгээс нөгөө баянбүрдэд хүрэхийн тулд 250 км туулж байна. Маш хол зайд шилжилт хөдөлгөөн хийдгийг энэ бүхэн харуулж байна.

2015 онд хүзүүвчилсэн гурван настай эр мазаалай БНХАУ-ын хил гарч, Тэнгэр уулын салбар уулс болох Алтан ууланд гурван сар болоод буцаж ирсэн. Иймд мазаалай ер уудам орон зайд тархжээ. Хятадын тэрхүү нутагт юу байгааг судлах, танин мэдэх шаардлага үүсэж байна.

Мазаалайн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:

-Нэг нэгнээсээ хол тусгаарлагдсан байдал. Шилжилт хөдөлгөөнийг хянах мониторингийн ажил хийх ёстой.

-Амьдрах орчны доройтол.

-Усны асуудал. Уст цэгийг нэмж, олшруулах.

-Хоолон дахь шим тэжээлийн агууламжийг сайжруулах.

-Маш бага үржиж байгаа нь хүйсийн тэнцвэрт бус байдалтай холбоотой.

-Хүний хүчин зүйл буюу хууль бус алт олборлолт, малчид зэрэг саад болох эрсдэлтэй. Тусгай хамгаалалттай газар хөндлөнгийн хүн нэвтрэх хамгийн буруу.

Менежментийн хувьд амьдрах орчныг хамгаалах л чухал. Мөн өмнө нь мазаалайг хүчээр барьж, хооронд нь эвцэлдүүлэн үржүүлэх асуудал сонсогдож байсан. Энэ хэзээ ч байж болохгүй.

Бас Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж сонссон. Энэ бол байж болшгүй асуудал. Говьд хамгийн урт хугацаанд судлагдаж буй амьтан бол мазаалай. Түүний амьдрах орчинд гарцаагүй нөлөөлнө гэдгийг тэмдэглэе. Автозамыг яаж ч тавьсан мазаалайн амьдрах орчныг зайлшгүй хувааж, тэхий дундуур таслах юм.

Хил дагуу зам тавьсан ч тэгнэ гэдгийг зургаас харж буй болов уу.

Мазаалайн тэжээлийг уураг, өөх тосоор баялаг болгох хэрэгтэй. Ингэвэл үржилд зайлшгүй чухал нөлөөтэй. Хоёрт, байнга тэжээхээс илүү амьдрах орчин дахь идэш тэжээлийг нь тарьж, ургуулахад анхаарвал зүйтэй.

Байгалийн жамаар нь үржүүлэх л хамгийн зүйтэй гэдгийг дахин хэлмээр байна.

Цус ойртож эхэлсэн гэх судалгааны дүн одоогоор илрээгүй байна. Том махчин амьтдад цус ойртсон ч айхтар асуудал үүсгэдэггүй онцлогтой. Өөрөө тэр хол нүүдэллэж яваа нь цус ойртолтоос сэргийлж байгаа хэлбэр ч байж мэдэх юм аа”


Биологийн ухааны доктор, профессор Р.Самъяа: Үржих чадвартай бодгаль дор хаяж 50 байж гэмээнэ популяц устдаггүй. Гэтэл мазаалай хэзээ ч 50 байгаагүй мөртлөө оршсоор байна

"Ховор болохоор нь хамгаалах гэж, олон болохоор нь устгах гэж зүтгэдэг нь хүн.

Энэ ер хүний араншингаас шалтгаалах асуудал юм. Өөрөөр хэлбэл, ер амьтан ямар үнэ цэнтэй юм бэ? Амьтны үнэ цэнийг тогтоох хэцүү, боломжгүй. Бүгд байгальд өөр өөрийн үнэ цэнтэй.

Тэгвэл яагаад ховорддог вэ? Жижиг популяц л устах магадлалтай. Гаднын өөрчлөлтөд нэрвэгдэх магадлал өндөр. Гамшигт халдвар гарахад л устах эрсдэл бий болно.

Тэгвэл ховор гэдгийг яаж хэмждэг юм бэ? Тархалт уудам байх, бага газар нутагт олон тоотой байх эсэх бус популяцын хөгжлийн чиг хандлага үүнд чухал юм.

Улаан дансны арга өдгөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна.

Хэчнээн тооны бодгаль амьдрах чадвартай хамгийн бага хэмжээний популяцыг бүрдүүлж чадах вэ гэдэг асуулт тавигддаг.

Ингэхээр, тухайн популяцад үржих чадвартай дор хаяж 50 бодгаль байх ёстой.

Мазаалай урьд нь хэзээ ч 50 байгаагүй. Тэгвэл яагаад өдийг хүртэл байгаад байгаа юм бэ? Энэ оньсого болж буй.

100 жилийн өмнө мазаалай өнөөдрийн хэмжээнд байсан байж магадгүй. Тарвагыг нэг үе уудам тархалттай гээд жил бүр 1 саяыг агнаж, экспортод гаргадаг байсан. Улаан дансны үнэлгээгээр тарвага устаж байгаа ангилд орчихсон байгаа.: Өнөөдөр агнах хориотой. Уудам газар олон тоотой байсан амьтан ч ховордох ийм эрсдэлтэй юм байна.

Гэтэл мазаалай байнгын л цөөн тоотой байгаад байна.

Манай улаан дансны үнэлгээгээр 166 мянган зүйлийг үнэлснээс 46 мянга 300 нь эрсдэлтэй шатлалд орсон. 47 мянган зүйл модны 38 хувь эрсдэлд орсон. Цаашид улаан дансны ховордлын зэргийг хуульчилж, өөрсдийн ангилалтай дүйцүүлэн нийцүүлэх шаардлагатай. Манайх шиг нэн ховор, ховор зэрэг нэршил хаана ч байдаггүй".


ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн А.Баттогтох: Мазаалай өсөхгүй байх шиг

"12 жил автомат камераар судалгаа хийж байна.

Атас, Ингэс, Сэгсцагаанбогд гэж гурван уулын систем дамжиж, мазаалай амьдардаг.

Камерын бичлэгт буусаан мазаалайн мөрөн дэх цагаан толбоор хялбархан таньж, тоолж байгаа. Монголд дөрвөн зүйлийн муур бий. Энэ судалгаагаар, нэг ууланд дөрвүүлээ байж байх жишээтэй. Алтайн өвөр говьд амьтан элбэг шүү.

Улирлын болон хоногийн идэвхийг ч судалсан. Ингэхэд мазаалай шөнийн 01.00 цагийн үед хамгийн идэвхтэй байна. Зарим нэг хүн мазаалай хардаггүй гэсэн. Аргагүй, идэвхтэй үе нь тийм.

Мазаалайн алманцаг хоёр жил орчим эхтэйгээ явдаг юм байна.

Бид 27-31 бодгаль байна гэж 2020 оны хэмжээнд тоолсон. 2022 онд 25 орчим бодгаль тоологдсон. Энэ жил арай цөөн зураглал авагдлаа.

Биднийхээр мазаалай өсөхгүй байх шиг. Хамгийн багадаа 20 орчим лав байна. Үсний дээжийг мөн судалж, бодгалийн тоо тогтоож байгаа. Өнгөрсөн жил байсан бодгаль энэ жил байна уу үгүй гэж үхэл хорогдлыг ч тооцох санаатай байна.

Дээрээс нь улам бүр хомстуулах гэж Нарансэвстэйн боомт нээнэ гэж яриад байгааг эрдэмтэд хэзээ ч дэмжихгүй. Тийм юм ярьдаг хүмүүсийг мазаалай алгадаад авдаг болоосой л гэж бодох юм".


ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн С.Мөнхбаяр: Мазаалай есдүгээр сард, 21.00-22.00 цагт хамгийн их ус ашигладаг

"Бид уст цэгүүдэд автомат камер байршуулж, Алтайн өвөр говийн хөхтөн амьтдын ус ашиглалтыг судалсан.

Хавтгай, хулан өдөр ч шөнө ч ус ашиглаж байна. Аргаль, янгир, хар сүүлт өглөө юм уу өдөр. Харин саарал чоно, шилүүс, ирвэс зэрэг махчин амьтад шөнийн идэвхтэй байна.

Мазаалайн хувьд зургаан уст цэгт бүртгэгдэв.

Есдүгээр сард ус их ашиглаж байна. Ус ашиглалтын эрчим 21.00-22.00 цагт хамгийн их байгааг тогтоов. Баруун шаргын тэжээлийн сав дээр хамгийн олон мазаалай бүртгэгджээ. Мазаалай туулайтай ус ашиглалтын цагаар давхцаж байна.

Нарны өргүүрт худаг, хөв цөөрөмд мазаалай, хулан, шилүүс, саарал чоно "болгоомжилж" уудаг. Өөрөөр хэлбэл байгалийн зан төрхөөс ялгаатай байдлаар очиж уудаг. Хавтгай, янгир хоёр тийм биш.

Цаашид Алтайн өвөр говийн усан хангамжийг улам бүр сайжруулах ёстой".


ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Дэлгэрчимэг:

"Мазаалай нь хүрэн баавгайтай харьцуулахад биеэр жижиг. Гавлын ясыг нь харахад мөн харьцангуй жижиг юм.

Үсний онцлогийг авч үзвэл, мазаалай зоо нуруугаар өтгөн үстэй. Мазаалайн тавагны нүцгэн хэсэг арай их. Хүзүүний хоёр талаар цагаан зурвастай, нас бие гүйцсэн ч энэ нь үлддэг.

Таван бодгаль барихад эм 70 см, эр 80 орчим см өндөртэй байв. Эвшийн зүс муу, гуужиж эхлээгүй, шүд маш элэгдсэн. Бамбаруушийн тарга тэвээрэг хэвийн байсан.

Хөшөөтөөс барьсан эр бодгаль 130 кг, Сэгсцагаанбогдоос барьсан нь 120 кг жинтэй байлаа. Ичээнээс гараад удаагүй, тарга тэвээрэг авч амжаагүй үе гэдгийг анхаарах хэрэгтэй.

2017 оны судалгаагаар, нийт 22 бодгаль барьж хэмжсэн. Эр бодгаль 1.6 м урттай, 80 орчим см өндөртэй. Биеийн жин дунджаар 76 кг байв. Эр бодгалийн сэрвээний өндөр хондлойн өндрөөс илүү.

Дэлхийд найман зүйл баавгай бий. Нүдээр ажиглахад ялгагдах өвөрмөц морфологи шинжтэй. Генийн хувьд ч туслаарлагдсан. Хүрэн баавгай гэхэд цагаан баавгайтай хамгийн ойр төрөл байх жишээтэй. Хүрэн баавгай нь өөрөө Сибирийн хүрэн баавгайнаас салсан. Харин мазаалай нь Хималайн хүрэн баавгайнаас салсан. Ийм олон шалтгаанаар мазаалай баавгай нь хүрэн баавгайн дэд зүйл юм":


ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Энхбилэг: Мазаалай 0.76 сая жилийн өмнө хүрэн баавгайнаас салсан буюу Европын баавгайн өвөг байж магадгүй

"Алтайн өвөр говь бол Төв азийн зүрх болсон нутаг. Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буйгаа юун түрүүнд илэрхийлье. Бидний урагшгүй, яамны анзааргагүй байдлаас болж энэ судалгаа 2014 онд дарагдсан. Уг судалгаанд дэлхийд эхний 2-т жагсдаг амьдрах орчны загварчлалыг ашигласан юм.

Бид Ээж, Ёкозуна, Аляска, Сөг сөг, Нэргүй нэртэй таван баавгайн мэдээллийг цуглуулсан.

Зуны улиралд тэд хамгийн их талбайг эзэлж, амьдарч байсан. Намар тархац нутаг 30 хувиар багасав.

Сибир хармаг, намхан бажууныг идэш ургамлаар нь бүртгэж загварчилсан. Энэ хоёр ургамал ихсэх хэрээр мазаалай олширч байна.

Амьдрах орчин ургамлаар бага, жилийн хугацаанд дунджаар 5 хэмийн цаг агаартай. Хамгийн чухал нь уст цэг. 32 уст цэг дээр судалгаа хийхдээ Атас ингэс, Шар хулст, Цагаанбогдын бүсийг хамруулсан. Мазаалай усанд орох өөр өөрийн онцлогтой болж таарсан.

Нийтдээ хамгийн өндөр эрчимтэй нь зургаа, долоодугаар сар сар. Гэвч Сөгсөг баавгай 4-5-р сард илүү усанд оржээ. Ёкозуна ердөө Атас ингэс орчимд л усанд орох жишээтэй. Бусад нь Шар хулст, Цагаанбогдод байршиж байна.

Нэргүй баавгай арваннэгдүгээр сард ичээд хамгийн түрүүнд, хоёрдугаар сард гарч ирсэн.

Энэхүү таван мазаалай экосистем ашиглалтын хувьд төсөөтэй. Нэргүй, Ээж хоёрын араншин ойролцоо бол Ёкозуна дангаараа онцлог байх жишээтэй.

Эдгээр нь цэгэн мэдээллийн судалгаа. Үүнийг өмнөх ДНХ судалгаатай нэгтгэхэд мазаалай 32 уст цэгийн найм дээр нь байнга ирдгийг харж болно.

Ээж баавгай 6000 гаруй км2 явж байгааг хэмжсэн. Ёкозуна түүнээс 27 хувиар, Нэргүй 30 хувиар, Сөгсөг 76 хувиар бага явсан.

Улирлаар үзэхэд ялгаа өндөр гараагүй. Мөн түүхэн мэдээг ашиглаж, 50-аад оноос өмнө ямар байсныг гаргах гэж оролдсон. 33 орчим мянган км2 нутагт мазаалай амьдарч байжээ гэж таамагласан.

1998 онд Японы эрдэмтэн Масуда нар хэлэхдээ, 0.76 сая жилийн өмнө мазаалай нь хүрэн баавгайгаас дэд зүйл болж салсан байж болзошгүй. Энэ нь мазаалай өөрөө Европын баавгайн өвөг байж магадгүй гэсэн үг. Үүнийгээ палеонтологиор баталсан.

2050 он хүртэл мазаалайн амьдрах орчинг таамагласан. Тогтвортой байх боломжтой гэж үр дүн гарсан. 20-р зуунаас хойш газар нутаг нь 60 хувь багассан. Уур амьсгалын хувьд 2050 он гэхэд тогтвортой, ээлтэй байх боломжтой. Нарансэвстэйн боомтыг нээвэл тийм биш болно".


ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн М.Ургамал: Алтайн өвөр говьд 186 зүйлийн ургамал бий

"Хамгийн сүүлийн мэдээгээр Алтайн өвөр говьд 7666 зүйл ургамал байна. 356 зүйл гуурст ургамал алтайн өвөр говьд ургаж байна. Монголд тархсан, өөр хаана ч ургадаггүй 8 зүйл ургамал мөн бий.

Эрт үеэс үлдэж хоцорсон үлдвэр зүйл 36, нэн ховор 20, ховор 26 зүйл ургамал байна.

Атас ингэс, Шар хулстайн нуруу, Сэгсцагаанбогд гуравт мазаалайн идэш тэжээлийг судаллаа. Ингэхэд, зүүн урагшаадуу тархалттай гарлаа. Мөн Сибирь хармагийн газрын дээрх биомассыг судалсан.

2023-2024 оны хээрийн судалгаанд оролцлоо. Би ангилал зүйн судлаач учир зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын мэдээллийг сонирсон. 186 зүйл ургамал Алтайн өвөр говьд бүртгэгдсэн.

Иймд маш олон төрлийн, ховор ургамал ургадаг. Амьд экосистем мөн. Энд автозам тавьж, боомт нээвэл үгүй болно. Боомт нээхийг бусад эрдэмтдийн адилаар эсэргүүцэж байгаа".

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:33

ЯАНАА ЯАХ ГЭЭД БАЙГААН ТААНУУД УРЬД НЬ ЯРЬЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ МАНАЙ АМГАЛАНБААТАР ДАРГА МААНЬ НАРАВСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭГЭЭД БАРУУН БҮС НЭН ЯЛАНГУЯА ГОВЬАЛТАЙ АЙМГИЙГ ӨМНӨД СОЛОНГОС ГОНКОНГ СИНГАПУР ШАНХАЙ ЛУГАА ХӨГЖҮҮЛЧИЙ ГЭЭД ЗОРИГ ШУЛУУДААД БАЙХАД ДАА.ОДОО ХОТ РУУ БИШ БАРУУН БҮС РҮҮ ХОШУУРАН ДАЙРНА ГЭЭД БАЙГААШТ БООМТОО Л НЭЭЧИХ ЮМ БОЛ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ АЗИЙН НЭГЭН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН МАШ ТОМ ТӨВ БОЛГОНО ГЭЭД БАЙГААШТ ДААН Ч ЭНЭ ХҮНДЭТ НӨХӨР АМАГЛАНБААТАРЫН МААНЬ МЕСТ ЖИЖИГДЭЭД БАЙНА ЕРӨНХИЙ САЙД ЧААЧИХВАЛ ЭНЭ ДАРГА МОНГОЛЫГ ДЭЛХИЙН НЭГ НОМЕРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛТЭЙ ХҮЧИРХЭГ ГҮРЭН БОЛЖ ИХ НАЙМ БОЛНО ШҮҮ ДЭМЖЭЭРЭЙ АМАГЛАНБААТАРАА ДЭМЖИН ДЭЛГЭРҮҮЛЖ БООМТОО НЭЭЦГЭЭЕЭ МОНГОЛ ХҮНИЙ ЦАЛИН 10000 ДОЛЛАР ТЭТГЭВЭР 5000 ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ ГЭЖААГААШТ НЭЭЕ НЭЭЕ ХӨГЖИЦГӨӨЕ

Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:47

Амг�##�анбаатар маза�##�ай гэж байдаггүй .Харсан нэг ч хүн байдаггүй гэсэн ш дээ. Дэмий баахан хүмүүс цуглачихаад хур�##� хийгээд байгаа юм биш үү.

Иргэн
Иргэн
12 сар 11, 2024 09:07

Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгүүлж байгаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд ХҮНМАНАНамуудын эвсэлүүд оюуны гүн доройтолд оржээ. Эрх баригчид улсын аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах төрийн эрхэм дээд үүргийг үл тоож мартсан зөвхөн өөрсдийн баяжих хүслийн донд хэт автсан хулгай хийх, хуурч мэхлэх, авилгадах гэмт хэргийг үл хайрагч хуулийг уландаа гишгэгчид болжээ. Үүнийг засаж з�##�руулах нь нийт монголчуудын үүрэг, хариуцлага юм шүү. Ийм үл бүтэх хүмүүс болоод нам бүлэглэлийг эрх баригчид болгон сонгож байгаа нь туйлын харамс�##�тай байна. ГИДЦГазрын хадг�##��##�т, хамга�##��##�тыг нэн даруй хэд дахин хүч нэмэгдүүлж эрх баригчдын х�##�длагаас хамга�##�ах иргэд олон нийттэй сан�##� байна.

Холбоотой мэдээ

Back to top button