Германы эдийн засагч Клаус Шваб анх Давосын чуулга уулзалтыг “стейкхолдерын онол”-ын зарчимд тулгуурлан санаачилжээ

“Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор Швейцарь улсын Давос хотноо 55 дахь удаагаа зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол Улс өөрсдийн павильоныг нээн оролцож байна.
Давосын чуулга уулзалтын тухайд,
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь жил бүрийн эхний сард Швейцарийн Давос хотноо зохиогддог бөгөөд анх 1970 онд Германы эдийн засагч, инженер, профессор Клаус Шваб үүсгэн байгуулж, Европын биенесийн салбарын тэргүүлэгч, эдийн засагчид оролцдог байв. 1970-аад оны эхээр Хүйтэн дайн дэлхийг хувааж, Вьетнамын дайн Америкийг хувааж байсан үе. Газрын тосны хямрал ч мөн ойр байв. Энэ үед Клаус Шваб “стейкхолдерын онол”-ыг түгээхийн тулд буюу компани дан ганц хувьцаа эзэмшигчдийн биш ажилтнууд, ханган нийлүүлэгч, мөн тухайн компанийн үйл ажиллагааг явуулж буй нийгэмд ч үйлчлэх ёстой гэсэн санааг түгээж эхлэхээр зорьсон байна. Иймд “Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг үндсэн зарчмыг “стейкхолдер капитализм” хэмээн тодотгосон байна. Тухайн үедээ шинэлэг байдлаар дэвшүүлсэн уг санаа өдгөө түгээмэл ойлголт болжээ.

Яагаад заавал Швейцарийн Давост гэж,
Швейцарь, Германы соёлд голчлон нөлөөлсөн “Шидэт уул” зохиолд уулс гэдэг ойлголт нь өдөр тутмын амьдралаасаа тусгаарлагдах, нийгмээс дайжиж очих газар хэмээн дүрслэгддэг бөгөөд Давосын чуулга уулзалтыг ийн уулархаг бүс нутагт жил бүр зохион байгуулахаар сонгосон байна.

1970 онд Шваб, Швейцарийн томоохон группийн тоонд орох Эсхер Виссийг орхиж, Альпийн уулс дунд анхны эдийн засгийн чуулганаа зохион байгуулахаар шийдсэн байна. Эхэндээ “Европын менежментийн чуулган” нэрийн дор 1971 оны хоёрдугаар сард Швейцарийн Давост зохион байгуулагдав. Анхны чуулга уулзалтад 31 орны 450 орчим төлөөлөгч буюу Европын томоохон компаниудын удирдлага, Европын комиссын гишүүд, АНУ-ын их сургуулиудын тэргүүлэх академичид анх хуран чуулсан юм.
Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар, улс төрийн шинжээчид, салбар бүрийн эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн салбарынхан оролцдог болсон юм.
Өнөөдрийн байдлаар тус чуулга уулзалтад 100 гаруй улс орны төлөөлөгч нар оролцож, дэлхий нийтийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, тогтвортой байдлыг цаашид хэрхэн хангахад чиглэсэн бодлогуудыг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлэхэд голлох анхаарлаа хандуулдаг. Нарийвчилбал, улс орнуудын өмнө тулгамдаж буй эдийн засгийн тэгш бус байдал, дэлхийн дулаарал, байгаль экологийн сорилтууд, технологийн хөгжил, шинжлэх ухаан, боловсрол, хүний эрхийн түгээмэл асуудлуудыг хэлэлцэх бөгөөд дэлхий нийтийн өмнөх олон талт хямралуудыг хэрхэн даван туулах, орчин үеийн хурдацтай хөгжлийг дагаж шинээр орж буй сэдэв болох хиймэл оюун ухааны цаашдын нөлөө, хэрэглээг ч мөн хэлэлцэж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.