Бэлэн шийдэл

“Янжуур тамхи болон цахилгаан тамхины зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай баталж татвар ногдуулах шаардлага тулгараад байна.”
Янжуур тамхи импортлогч компаниуд олон жил улсад төлөх татвараа нэмүүлээгүй ирсэн байдаг. Зорилго нь тамхины үнийг хямд хэвээр байлгах. Үүний төлөө цахилгаан тамхийг зах зээлийг нь булаахаас эмээж олон төрлийн худал цуурхлыг тараасаар байна. Адилтгах нэрийдлээр янжуурын үнийг хямд хэвээр байлгах гэж улайрсаар байна.
Олон улсад янжуур болон цахилгаан тамхийг адилтгаж татвар тавих нь маш буруу гэж үздэг. Учир нь цахилгаан тамхи нь хэтэрхий үнэтэй болсноор далд эдийн засаг үүсгэх, хяналтгүй, чанаргүй бүтээгдэхүүний хар наймаа цэцэглүүлэх аюултайг эрх биш эрхэм түшээд мэдэж байгаа байлгүй.
Ерөнхийдөө архи, согтууруулах ундааны хуультай ижил зарчмаар буюу өндөр градустай бол өндөр татвар, бага градустай бол бага татвар гэдгээр шалтгаалж хор хөнөөлийг нь тооцож татвар тооцох нь зөв шийдэл юм.
-Хяналтгүй Монгол-
Янжуур тамхи:
Монгол Улс “Тамхины хяналтын тухай хууль”-тай ч хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас тамхидалтын түвшин 27 хувиас доош буухгүй өнөөдрийг хүрээд байгаа юм.
Тамхины компаниуд маркетингийн тавиур болон ширхэгийн худалдаа, лангуун доороос нууж зарж байгаа цэгүүдээс хамгийн ихээр ашиг хийж байна.
Хугацаа нь дууссан тамхины худалдан авалтын үнийн дүнд болзол тавьж автомашин хүртэл өгч, гадаадад аялах эрхээр худалдаачдыг шагнасаар байна. Тэдний энэ хууль бус үйлдлийг худалдаа эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж байна. Ашигтай байвал хүний эрүүл мэнд тэдэнд хамаагүй учраас нүд нь балай, чих нь дүлий байсаар...
Янжуур тамхины татвар 2017 оноос өдийг хүртэл нэмэгдээгүй ба Монголчуудыг хаанаас ч хамгийн хямд үнээр гар дээрээс худалдан авч хэрэглэх таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг билээ. Хямд үнэ бол татвар бага тооцдогтой шууд холбоотой. Нэг хайрцаг /20 ширхэг/ тамхинд 836 төгрөгний /одоогийн ОАТ/ татвар ногдож байгаа нь бүс нутаг төдийгүй дэлхийд хамгийн хямд тамхитай улс болгоход нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор Замын үүд, Алтанбулаг, Гашуун сухайт гэх мэт боомтуудаар хямд тамхи нууцаар хил давуулан, контрабанд хийж байгаа нь нууц биш болжээ. Энэхүү хууль бус худалдааны дүнг Гаалийн байгууллага гаргадаг боловуу? Бид хоёрхон хөрштэй улс. Хаашаа гаргаж байгаа нь эргэлзэх зүйлгүй тодорхой.
Цахилгаан тамхи:
Шинэ тутам үүссэн халаадаг болон цахилгаан тамхийг харлуулах гэж тархи угаалт, пропаганда ихээр хийсээр байдаг. Жишээ нь анагаах ухаанд бүртгэгдээгүй өвчлөл, үхэл гарлаа гэх мэтээр нийгэмд хиймэл түгшүүр үүсгэж, хүүхэд хэргэлэх нь ихэслээ, хориглох шаардлагтай гэж муухайгаар харуулж, өөр буруутгах өнцөггүйгээр бичүүлж байв. Харин энэ хугацаанд тамхи татдаг насанд хүрсэн, тамхинаас гарсан хүмүүсийн дуу хоолой нэмэгдсээр байна.
Цахилгаан тамхи гарч ирснээр мэргэжлийн байгууллагынхны ор тас мартсан зүйл гэвэл хүүхдүүийн дундах янжуур тамхины хэрэглээ. Гэтэл нэг хайрцаг тамхитай тэнцэх цахилагаан тамхи л гэхэд 13,000 төгрөг буюу маш үнэтэй. Ийм бүтээгдэхүүнийг насанд хүрээгүй хүн дэлгүүрээс худалдаж аваад хэрэглэх нь хямд янжуур тамхи авахаас хэцүү. Эсрэгээрээ янжуур тамхи авах хүүхдийн тоог анхаарч үзэх нь зөв боловуу.
Эцэст нь дүгнэхэд янжуур тамхи хэрэглэгчдийн тоо буурах нь эрүүл мэндийн зардал, ачаалал буурах, цаашлаад жил бүр үрэгдэж буй 4300 хүн амь аврагдах онцгой ач холбогдолтой. Харин тамхины компаниудын орлого багасах нь хүний эрүүл мэндээр мөнгөжиж буй цөөн бүлэг хүмүүсийн ашиг сонирхол зөрчигдөх хэрэг.
Тэд тоглоомонд амьд үлдэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад борлуулалтаа авч үлдэх ямар нэг арга байх ёстой гэж тооцож л байгаа шүү дээ. Гэвч тэдэнд хүүхдийн хэрэглээний асуудлыг бамбайгаа болгоод цахилгаан тамхийг заруулахгүй байх эсвэл татвар өндөр тавиулах арга сэдэх нь ойлгомжтой.
Бид өнөөдөр тамхидалтын түвшингээ буулгах хүсэл зорилготой улс мөн үү эсвэл буцаад янжуур тамхиа Хятад улсын адилаар хаа сайгүй татуулж, тамхидалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа улс уу гэдэгээ шийдэх хэрэгтэй билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.