Богд хааны ордон музейг засварлаж буй "Энэржин" компанийн Д.Тулга: ББСБ-аас зээл аваад л зориглон, сүсэглэн ажиллаж байна
Японы эзэн хаан Нарүхито энэ зун Монгол Улсад айлчлах хуваарьтай. Энэ үеэр Богд хааны ордон музейд зочлуулах урьдчилсан төлөвлөгөө гараад байгаа юм. Харин 2022 оноос эхлэн тус музейн Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмийг сэргээн засварлаж буй ч дуусаагүй. Хамгийн сүүлд Соёлын яам 2023 онд багтан дуусгана гэж мэдэгдсэн. Гэхдээ өнөө хэр сэргээн засварлалт дуусаагүй нь зарим талаар олны анхаарлыг татаж байна.
Наймдугаар Богдын амьдарч байсан ордон болох энэ музей бол 120 гаруй жилийн настай юм.
Хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийснээс хойш 60 гаруй жил өнгөрчээ.
Тэгвэл, гурван сүмийг сэргээн засварлах 2.6 тэрбум төгрөгийн тендерт “Энэржин” гэж компани шалгарсан. Гэтэл “Энэржин” компани нь энэ чиглэлд туршлагагүй, нөгөө талаар сэргээн засварлах агуулгатай бүхий л тендерт шалгардаг гэх мэдээллүүдийг зарим эх сурвалж өгч байгаа юм.
Ер нь засварын ажил яагаад удав. “Энэржин” гэж компани мэргэжлийнх үү. Энэ зундаа багтаан сэргээн засварлах ажил дуусах уу зэрэг асуултын хүрээнд, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, “Энэржин” компанийн захирал Д.Тулга нартай товч ярилцлаа.
Ц.Эрдэнэбаатар: Зургадугаар сарын 1 гэхэд дуусна

-Гурван сүмийг сэргээн засварлах ажил 2023 онд багтан дуусна гэж хамгийн сүүлд мэдээлжээ. Ажлын явц ямар байгаа юм бэ?
-Гэрээний дагуу 2023 онд дуусах учиртай. Гагцхүү Монгол Улсад яг энэ чиглэлээр ажилладаг компани цөөн байна. 1994 онд Соёлын өвийн сэргээн засварлалтын төвийг хувьчилсан. Хувьчлагдаад, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дадлага туршлагатай хоёр л компани Монголд байна. Үүнээс Г.Пүрэвбат ламын гарын шавь болох, сүм дуган сэргээн завсарласан тодорхой туршлагатай Д.Тулга гэдэг хүнээр ахлуулсан “Энэржин” компанийг сонгосон юм билээ. Компани нь шинэ боловч хүний нөөц нь олон жилийн туршлагатай. Харин тендерийн ажил тул гүйцэтгэлээр санхүүжнэ. Энэ гол асуудлуудын нэг. Учир нь компани өөрөө суурь хөрөнгө сайтай байх шаардлага тавигдаж байна. Гэтэл Монголд ийм чиглэлийн компани, төдий чинээнд бойжиж амжаагүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр жилийн зун бороо хур ихтэй байсан. Хур бороотой үед сэргээн засварлалт явагдах боломжгүй. Сүм дуган сэргээн завсарлана гэдэг гарын үзүүрийн биш, маш чихмлүүр, цаг хугацаа авдаг ажил. Ийм учраас уг ажлыг цаашид тендерийн хуулиар биш тусгай нөхцөлөөр явуулах ёстой гэсэн өнцөг яригддаг. Ямартай ч зургадугаар сарын 1-ний дотор дуусгана гэсэн ам өчигтэйгөөр тухайн компани ажиллаж байгаа.
-Санхүүжилтийн хэдэн хувь нь “Энэржин” компанид олгогдсон байгаа юм бол?
-Тендерийн нийт өртөг өөрөө 2.6 тэрбум төгрөг. Үүгээр гурван сүмийг цогцоор нь сэргээн засварлах ёстой. Одоо 540 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдсэн ажлаа хийгээд л энэ санхүүжилт таарах учиртай. Энэ бол маш нарийн ажил гэдгийг ойлгохыг хүсье. Бүх үйл явц өөрийн гэсэн хууль, журам, стандарттай. Нэг ширхэг мод илжирсэн байлаа гэхэд түүн дээр тусдаа инженерийн өвөрмөц шийдэл хэрэгтэй болж байдаг.
-Японы эзэн хаан энэ зун Монгол Улсад айлчлахтай холбогдуулан ямар бэлтгэл ажлуудыг хийж байна?
-Өмнө нь бид Бутаны хааныг хүлээн авсан туршлагатай. Тодорхой хийх ажлууд бий. Энэ жил улсын төсвийн нөхцөл байдал амаргүй шиг харагдаад байна. Иймд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах асуудлыг эхнээс нь яриад явж байна. Манай музейн 50 хувь өнгөрсөн хугацаанд өнгөө зассан, үүнийг дагаад үзэгч, үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдсэн. Нэг хэсэг газар будаг хууларсан байлаа ч дур мэдэн гар хүрэх эрх үгүй. Энэ бүрд мэргэжлийн, эрх бүхий байгууллагад нь ханддаг. Ийм журмаар л ажил явж байгаа. Мөн нийт 1.7 орчим га газрыг бид буцаан авсан. Үүн дээрээ тодорхой ажлуудыг төлөвлөж байна. Гурван сүмээ бол зургадугаар сарын 1 биш юм гэхэд 15 дотор засварлаж дуусна хэмээн тооцож байна.
Түүнчлэн, 1.5 сая ам.доллароор Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлах ажил БНЭУ-д гурван жилийн өмнө яригдсан. Энэ нь ажил болж, Энэтхэгийн соёлын дэд сайд тэргүүтэй 10 гаруй хүмүүс ирж ажиллалаа. Есдүгээр сараас ажил эхлэх болов уу. Тэгвэл социализмын үеэс үлдсэн барилгууд бүрэн сэргээн засварлагдаж дуусна гэсэн үг.
Энэ удаа ажил жаахан саатсан нь компанийн чадавхгүйнх бус компанийн өөрийн засаглалтай холбоотой болов уу гэж би хувьдаа боддог. Чадавх бол сайн, өрсөлдөх боловсон хүчин ч байхгүй гэлтэй. Харин ажлын нарийн төлөвлөгөө баримтлахад өөрөө нөхцөл байдал нь өвөрмөц, дээр нь суурь хөрөнгө муутай тул гүйцэтгэлээр санхүүжихэд төвөгтэй зэрэг нөхцөлүүд үүссэн. Тэгэхээр ийм компанийг цаашид Монголдоо бойжуулан хөгжүүлэхэд маш ихээр анхаарах хэрэгтэй юм билээ.
-Хөрөнгийг Соёлын яамнаас гаргаж, “Энэржин” компани ажлаа гүйцэтгэж байна. Харин таны хувьд үүнд ямар үүрэг, оролцоотой вэ?
-Ажлыг зохион байгуулах. Тухай бүр шаардлагатай үзмэрийг зөөх, ус, цахилгаанаар хангаж өгөх зэрэг энэ үүргээ хангалттай биелүүлсэн. Ер нь өнгөрсөн бүх цаг хугацаанд соёлын өв рүүгээ хамгийн их хөрөнгө оруулсан он жилүүд л энэ болж байна. Энэ бол маш зөв зүйтэй алхам. Яг үнэндээ 1961 оноос хойш бараг 60 жил огт гар хүрээгүй. Жижиг сажиг банз солих зэрэг л асуудал байсан. Цогцолбороор нь сэргээх засварласан түүхгүй. Үүнийг танай уншигчид мэдэж аваасай гэж хүсэж байна. Өвлийн ордон доош суусан тул суусан талыг нь өргөж бэхжүүлэх ажил 80-аад онд хийгээд өнгөрсөн. Шалыг нь сургуулийн шал буддаг шиг будаад л өнгөрсөн явдал. Харин өнөөдөр цогцолбороор нь бөгөөд анхны өнгө төрхөөр нь сэргээн засварлах гээд байна шүү дээ.
-Үзмэрүүдийг нь сан хөмрөгтөө зөөн хадгалж байна уу?
-Сан хөмрөгтөө хадгална. Манай музей 8600 гаруй үзмэртэй, 11 орчим хувийг нь л дэглэж үзүүлдэг. Бусдыг нь тогтмол үзэсгэлэнгүүдээрээ олон нийтэд дэлгэдэг.
-Бурхан багшийн шүд байдаг бусад орнууд гэхэд байнгын олон нийтэд дэлгэж, үүнийгээ тойроод шашны, аялал жуулчлалын том бүтээн байгуулалт босгосон байдаг. Манай бурхан багшийн шүд цөөн удаа нийтэд дэлгэгдэж байсныг санаж байна.
-Бурхан багшийн шүдэнд зориулж тусдаа үзүүлэнгийн танхим барихыг захирлын хувьд мөрөөдөж л байна. Зарим шийдлүүд нь эхний байдлаар гарч байгаа. Ярих эрт байна.
-Ногоон дарь эхийг Чингис хаан музей рүү гурван удаа зөөхөд шил нь хагарсан гэж сонссон?
-Чингис хаан үндэсний музей бол дэлхийн жишигт нийцсэн маш том бүтээн байгуулалт болсон. Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын тал дээр олон улсын стандартад нийцсэн. Иймд музей, номын сангуудаас тодорхой үзмэр татсан. Манайхаас Ногоон дарь эх тэргүүтэй есөн үзмэр татсан. Нөгөө талаас, Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсэн 390 жилийн ойд зориулж Засгийн газрын тогтоол баталсан. 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Чингис хаан музей рүү хүргэсэн үзмэрүүд бий. Харин яаж зөөх вэ гэдэг бол тэр чигтээ стандарт. Юу гэдэг юм, шилэн хорготой нь өргөөд машиндаа ачаад зөөчихдөг зүйл байхгүй. Тэгэхээр түүн шиг дэмий ойлголт байхгүй гэсэн үг.
-Богд хааны ордон музейн захирлын хувьд асууя. Х Богд тодорчихсон учраас захиргааг нь түүнд шилжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг. Гаднын бурхны шашны эрт үеийн сүмүүд өдөр нь музейн захиргаатай, шөнө нь шашны захиргаатай байдаг. Шашны үйл ажиллагаа нь тогтмол явагддаг, тийм ч учраас сүм сая амилж, бүр ч урт удаан хугацаанд “амьдардаг” гэдэг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ бол наймдугаар Богдын ордон байсан. Аравдугаар Богдын хувьд түүний өмнөх төрлийн эд өлгийн зүйл энд бий гэсэн үг. Тэр утгаар манай музейд тогтмол ирж, мөргөж, үзмэрүүдийн түүхийг сонсож явдаг. Хөрөнгө болгож шилжүүлэх нь юу юм. Харин тодорхой он цагуудад Аравдугаар Богд маань ордондоо заларч байвал зүгээр гэсэн бодол бий. Үүнээс цаашилж бодох эрхтэй хүн би биш.
Д.Тулга: ББСБ-аас зээл аваад л, ажлаа сүсэглэн хийж байгаа

“Энэржин” компани 2015 онд үүсгэн байгуулагдсан. Улсын бүртгэлээс харвал 2021 онд Д.Тулга Гүйцэтгэх захирлаар нэмэгджээ. Мөн Архангай аймаг дахь сүм дуган сэргээн засварлах хоёр тендерт оролцоод, хасагдсан мэдээлэлтэй байна.
Д.Тулгыг бурханч лам Д.Пүрэвбатын шавь, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Бурхны шашны дээд сургуульд 20 гаруй жил багшилсан нэгэн гэдгийг мэдэж авлаа.
-Ажил сунжраад байгаа шалтгаан яг юутай холбоотой юм бэ?
-Худлаа ярихгүй ээ, энэ бол улирлын чанартай ажил. Археологийн мэт л нарийн чимхлүүр ажил юм. Харин энэ хавар их эрт дулаан орлоо. Иймд гуравдугаар сарын 26-наас хойш ажлаа овоо явуулсан. Гэхдээ нойтон ажиллагаатай ажлуудаа хийгээгүй. Шөнөдөө хөлдчихдөг учраас. За, тэгээд бороотой, чийгтэй үед огт оролдож болохгүй. Тийм учраас яах аргагүй уддаг юм билээ. Жилд гурван сарын л хугацаа бий. Бороотой, салхи шуургатай өдрүүдийг нь хасвал бүр багасна. Амьд сахиул шүтээнтэй ийм газар оронд залбирч л хийдэг ажил шүү дээ. Биднийг тендерт шалгарснаас хойш зун маш их орсон. Заримдаа цаг агаарыг хүлээхээс аргагүй болчихдог. Үнэн чанартаа гүйцэтгэлээр санхүүждэг ажил хэцүү юм байна. Анхнаасаа урьдчилгаа санхүүжилт авалгүй ажлаа эхэлчихсэн тул өөрсдөө зардлаа олох, босгох гэдэг бидэн шиг уран бүтээлч хүмүүст амаргүй юм билээ. Хардах юм байхгүй, бид бүхий л чадлаараа хичээж байгаа. Манай уран бүтээлчид бол бизнесменүүд биш. Тийм учраас энгийн барилгын компанитай огт адилгүй.
-Нийт хэдэн ажилтантай, ямар туршлагатай компани вэ?
-Би Бурхан шашны дээд сургуульд 20-иод ажил багшилсан. Бурханч лам Г.Пүрэвбатын анхны шавь нарын нэг байна. Бараг л сахил санваар авсан мэт ханддаг ийм чухал ажил л даа, энэ. Улирлын чанартай учир байнгын ажилтантай байж болдоггүй. Нийгмийн даатгал төлөхөөс эхлээд хариуцлага бий. Иймд үндсэн 11 ажилтантай, зун болонгуут гэрээт ажилладаг хүмүүс бий. Над дээр оюутан байсан, дандаа бурхны шашны өв соёл, сүм дуганы сэргээн засварлалтын чиглэлээр суралцсан хүмүүс бий.
-Танай компани Архангай аймгийн тендерт хасагдаж байж. Мөртлөө Чойжин ламын сүм музей дээр шалгарсан нь бас анхаарал татсан?
-2015 онд энэ компани байгуулагдсан. Өөр хүн байгуулсан юм. 2021 онд Архангай аймагт нэг тендерт оролцсон, ажлын туршлагагүй гээд шалгараагүй юм билээ. Би үүний дараахан орж ирж удирдсан. Ингээд мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн. 2021 оны есдүгээр сард Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг сэргээн засварлах АНУ-ын олон улсын төсөл зарлагдсан. Үүнд би захирал нь болж ороод тэнцсэн. Амжилттайгаар ажлаа хүлээлгэж ч өгсөн. Ингээд дараа нь Богд хааны музейн тендерт орсон юм. Бидэнд ийм хоёр ажил бий. Одоо Чойжин ламын сүм музей дээр байгаа 1.7 тэрбум төгрөгийн тендерийг өөр компани аваад хийж байгаа юм билээ.
-Богд хааны ордон музей дээрх ажил хэр нүсэр вэ?
-2.6 тэрбумын ажлын хүрээнд гурван сүм бий. Сүм өөрөө нурах түвшинд оччихсон байсан. Иймд мэргэжлийн түвшинд ажиллаж, ханыг нь хөх тоосгоор битүүлэх, дээврийн ваарыг буулгаж дахин угсрах гээд чимхлүүр ажил их байгаа. Ер нь бро тусгай түр сэндвичэн байшин барьж байж хийх ёстой. Тийм төсөв хөрөнгө шийдэгддэг бол бүх улиралд, бүх цаг агаарт л хийчихнэ. Хөгжиж байгаа улсад бүх зүйл л учир дутагдалтай байна. Зуны гурван сар л ажилладаг учраас тооцвол одоо нэг жил болж байна гэсэн үг. Бид одоо зургадугаар сарын 1 гэхэд дуусна, үлдлээ гэхэд жаахан ажил л үлдэх байх. Яам ч гэсэн энэ цаг уурын байдлыг ойлгож, хугацааг нь сунгаж дэмжээд, монгол компаниа давхар чадавхжуулъя, нэг гараар дуусгая гээд ажиллаад байгаа шүү дээ. Манай компани “Барилга, архитектур 4-8” гэдэг зөвшөөрөлтэй. Цензур нь маш чанга. Тийм ч учраас манайхыг мэргэжлийн байгууллага гэж олон улсын төсөл ч үзэж байсан. Би өөрөө олон жил сүм хийдийн чиглэлээр ажиллаж байгаа хүн.
-Энэ чиглэлээрх боловсон хүчин Монголд үнэхээр тийм цөөн байна уу?
-Тун цөөхөн. Бидэн шиг 30 гаруй жил тасралтгүй туршлага хуримтлуулаад явсан хүн цөөн. ББСБ-аас зээл аваад л ажиллаж байна. Хамаг ашгаа зээлийн хүүнд өгч байна. Бид нар өөрсдөө сүсэгтэн хүмүүс учраас хааны ордонд гар хүрж байна гэдэгтээ сүсэглэн залбираад л ажлаа хийж явна. Ийм л ажлын ард нь гарахыг хичээж байна. Буруу зөрүү юм хийж нүгэл үйлдэх хүмүүс биш ээ. Шөнөдөө хасах хэмтэй бол өдөр хийсэн ажил болохоо байчихдаг тул ингээд азнаад, бага багаар явуулдаг жишээтэй. Бид бол усан биш ажлаа овоо явуулчихсан. Найдан сүмээ хангалттай дуусгачихна. Амжуулах гэж хичээнэ.

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж, "Энэржин" компанитай хамтран зарим ажлыг урагшлуулсан. Харин тендерийн хэрхэн шалгаруулав, өөр ямар компаниуд оролцов, тэдгээр нь хэр зэрэг туршлагатай байв гэдгийг тодруулах гэсэн ч Соёлын яам хариулт өгсөнгүй. Түүнчлэн, хоёр удаа шалгаруулсан тендерийнх нь алинд ч оролцогчдын жагсаалт харагдахгүй байна.
Ямартай ч Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг засварласан туршлагатай "Энэржин" гэж компани нөхцөл байдлаа учирлан ярилаа.
М.ТЭНГИС
Өмнөх контент:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таарч дээ
Энэ Эрдэнэбаатар гэгч бол жинкэн Суганы үс шд. Шүлэг яруу найраг гэж нэг тийм гишүүн асны суганд яваад энд суусан та нар гадарлах байх. Эвгүйдээ.
ЧАДАХ НЬ УУ? ЧАДАХГҮЙ БОЛ НААДАХЫГ ЧИНЬ НУРААГААД ОРОН СУУЦ ОВООЛООД ЗАРЧИХ ЮМ УУ? НАЙЗУУДАА БОГДЫН ОРДОН МУЗЕИГ ЗАСВАРЛАНА ГЭЖ МУНДАГ ТОМ ЗОРИГ ГАРГАЖЭЭ.МӨНГӨ ХҮНИЙГ ИНГЭЖ Л ШАЛГАЖ БАЙГААН ОДОО ХОЁРХОН САРЫН ДОТОР АМЖИХ УУ? ЕРӨӨСӨӨ БОЛЬЦГООЁО НУРААЯ БИ АВЬЯ ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ШУНАЛЫГ БАДРААЖ БАЙГААД ОРОН СУУЦ ХУСЬЯА ЭНЭ НЬ ДЭЭР ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ СОЁЛЫН ӨВ ОЛОН ХУЛГАЙЧ ОРОН СУУЦГҮЙ АЛИНГАА АЛДАЖ БАЙХАД
Юм хийж чадаж байгаа хүмүүс бахархах сэтгэл төрүүлж байна. Амжилт ерөөе. Дэлгэрэх болтугай.